sonin.mn

ВАШИНГТОН, 2025 оны наймдугаар сарын 21 /Kyodo/. Умард Солонгосын тал Хятадтай залгаа хилээс 27 км-ийн зайд баллистик пуужингийн нууц бааз ажиллуулж байж магадгүй гэж Америкийн нэгэн бодлогын судалгааны хүрээлэн /тинк-танк/ лхагва гарагт мэдэгджээ. 


Хиймэл дагуулын зураг, нууцын зэрэглэлээс гаргасан баримт бичгүүд, нээлттэй эх сурвалжуудын мэдээлэл, эх орноосоо зугтсан солонгосчууд болон дэлхийн өнцөг булан бүр дэх албаны хүмүүстэй хийсэн ярилцлагад үндэслэн Стратеги, олон улсын судалгааны төвийн /CSIS/ мэдээлснээр, Синпунг-донгийн баазад АНУ-ын эх газарт хүрч чадах тив алгасагч баллистик пуужин байх магадлалтай байгаа аж.


Уг баазад нийт 6-9 “Hwasong-15” пуужин, 18 тив алгасагч баллистик пуужин байж магадгүй гэдгийг тус төвийн урьдчилсан дүн шинжилгээ харуулжээ. Тус улсын баруун хойд хэсэгт орших Умард Пёнган мужийн Таегван тойрогт байрлах нууц баазын барилгын ажил 2004 онд эхэлсэн бөгөөд 2014 он гэхэд ашиглалтад орсон байна. Судалгааны төвийн мэргэжилтнүүд уг баазыг Синпунг-донг тосгоны ойролцоо байрладгийг нь харгалзан дээрх нэрийг өгчээ. CSIS-ийн мэдээлснээр, 22 хав.дөр.км талбайг эзэлдэг уг бааз нь агуулах, газар доорх томоохон байгууламж, тархай бутархай байрлах байгууламжууд, туслах барилгуудтай ажээ.


Синпунг-донгийн бааз нь цөмийн зэвсгээс ангижруулах асуудлаарх Вашингтон, Пёньяны хэлэлцээнд багтаагүй Умард Солонгосын пуужингийн 15-20 нууц байгууламжийн нэг юм гэж судлаачдын тайланд бичжээ. Түүнчлэн алсын зайн тусгалтай баллистик пуужингууд нь “Зүүн Ази болон АНУ-ын эх газарт аюул занал учруулж болзошгүйг” сануулаад, хямрал ба дайны үед пуужингуудыг баазаас зөөж, одоо мэдэгдэж буй газруудаас харвах магадлалтай гэдгийг дурдсан байна.



Э.Хулан

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг