sonin.mn

ЙЕРУСАЛИМ, 2025 оны наймдугаар сарын 21 /Xinhua/. Израилын тал ХАМАС бүлэглэлийнхнийг буулган авах зорилгоор Газа хот руу лхагва гарагт дахин дайралт хийж эхэллээ. Энэ нь дайнд нэрвэгдсэн Газын зурвасын энгийн иргэдийг хөнөөж байгаа учраас олон улсын шүүмжлэлд өртөөд байна. 


“Улс төрийн шийдвэрийн дагуу Батлан хамгаалах хүчин ажиллагааны дараагийн үе шатыг эхлүүлсэн” гэж армийн хэвлэлийн төлөөлөгч Эффи Дефрин мэдээлжээ. Түүний хэлснээр, Газа хотын Зайтун дүүрэг болон ойролцоох Жабалиа хотод хуурай замын цэргийн довтолгоо хэдийн явагдаж байгаа бөгөөд уг тулалдаанд илүү их хүчийг дайчлахаар шийдвэрлэсэн байна.


Ерөнхий сайд Б.Нетаньяху мэдэгдэхдээ, энэхүү ажиллагаа нь “ХАМАС-ыг ялж, Газа хотыг эзлэн авах зорилготой” ажээ. Арми Газын зурвасын 75 орчим хувийг хяналтдаа авсан бөгөөд олон удаагийн дайралтын улмаас хотын төвийн ихэнх хэсэг балгас болон хувирчээ. Израилын Засгийн газар энэ долоо хоногийн сүүлчээр хуралдаж, төлөвлөгөөг эцсийн байдлаар батлах төлөвтэй байна. Цэргийнхний мэдээлснээр, 60 мянган хүнд зарлан дуудах хуудас өгсөн бөгөөд ойрын өдрүүдэд дахин 20 мянган цэргийг дайчлах төлөвтэй байна.  


“Бид терроризмын түшиц газар болсон Газа хот дахь ХАМАС бүлэглэлд улам их хохирол учруулах болно” гэж Э.Дефрин хэлээд, “газар дээрх болон доорх” дэд бүтцийг устгаж, тус бүлэглэлд найдаж буй энгийн иргэдийн итгэл найдварыг үгүй хийх болно гэж мэдэгджээ. Түүний хэлснээр, 22 сарын турш үргэлжилсэн тэмцлийн дүнд ХАМАС-ыг “цэргийн бүлэглэл”-ээс “бутарч задарсан партизаны отряд” болгоод байгаа ажээ.


Өнгөрсөн 24 цагийн хугацаанд Израилын дайралтын улмаас 58 хүн амиа алдаж, 185 хүн шархадсан гэж Газын эрүүл мэндийн алба мэдэгдсэн байна. Дайн эхэлснээс хойш 62 122 хүн амь үрэгдсэнээс 266 нь өлсгөлөнд нэрвэгдэн нас барсан бөгөөд тэдний 112 нь хүүхдүүд байжээ.



Э.Хулан

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг