
TWG Global компанийн Ерөнхий захирал Марк Уолтер Үндэсний сагсан бөмбөгийн холбооны /NBA/ “Лос-Анжелес Лейкерс” багийн хувьцааны хяналтын багцыг 10 тэрбум ам.доллароор худалдан авахаар шийдвэрлэжээ. Эх сурвалжийн ярьснаар, одоо тус багийн хувьцааны дийлэнхийг эзэмшиж буй Бассын гэр бүлийнхэн худалдах, худалдан авах гэрээ байгуулсны дараа нийт хувьцааны 15 гаруй хувийг тодорхой хугацаанд эзэмших ба Жимми Басс “Лейкерс”-ийг тус клубын захирал хэвээр үлдэнэ.
Энэ бол спортын түүхэн дэх хамгийн өндөр үнийн дүн бүхий хэлцэл бөгөөд өмнө нь 2023 онд Үндэсний хөл бөмбөгийн лигийг "Вашингтон Коммандерс" клубыг 6.05 тэрбум доллароор худалдаж байжээ.
Мөн 2025 оны гуравдугаар сард Үндэсний сагсан бөмбөгийн холбооны "Бостон" клубыг 6.1 тэрбум доллароор худалдахаар шийдвэрлэсэн нь тодорхой болсон боловч одоогоор гэрээг эцэслээгүй байгаа юм. “Лейкерс” багийг 1979 оноос хойш Бассын гэр бүлийнхэн эзэмшиж байгаа бөгөөд өнгөрсөн хугацаанд тус баг NBA-д 11 удаа аваргалсан байна. Мөн тус холбооны аварга шалгаруулах тэмцээнүүдэд нийтдээ 17 удаа түрүүлсэн нь “Бостон”-ы /18 удаа/ дараа орох өндөр амжилт юм.
М.Уолтерын хувьд тэрбээр 2021 онд Фил Аншутцаас тус клубын хувьцааны 26 хувийг худалдан авснаар хувь нийлүүлэгч болсон төдийгүй хяналтын багцыг худалдан авах давуу эрхтэй болсон байна.
Уолтер болон түүний TWG Global компани бейсболын лигийн "Лос-Анжелес Дожерс", эмэгтэйчүүдийн сагсан бөмбөгийн холбооны "Лос-Анжелес Спаркс", Английн хөл бөмбөгийн “Челси” багуудын хувьцааг эзэмшдэг ажээ. Мөн түүний эзэмшилд авто спортын хэд хэдэн баг, тэдгээрийн дотор "Формула-1" ангиллын уралдаанд оролцож буй "Кадиллак" баг бий.
Б.Адъяахүү
Сэтгэгдэл0