
Нийгэмд хүмүүс байнгын стресс бухимдалтай амьдрах болсон. Энэ нь явсаар хүмүүсийг сэтгэл гутрал хэмээх хүнд төрлийн эмгэгт хүргэх нь бий. Тиймээс сэтгэл гутралын талаар мэргэжлийн сэтгэл судлаач Ж.Энхжинтэй ярилцлаа.
- Монголын нийгэмд сэтгэл гутрал ямар түвшинд байгаа вэ. Өдөр болгон уурлах бухимдах хэцүү санагдах нь сэтгэл гутралын эхний шинж тэмдгийн илрэл үү, энгийн үзэгдэл үү?
-Сүүлийн үеийн судалгаагаар зургаан хүүхэд тутмын нэг нь сэтгэлд гутралтай байна. Тэгэхээр энэ эмгэг манайд нэлээд түгээмэл байна гэсэн үг. Дангаараа болон хавсарсан хэлбэрийн шинж тэмдгээр илрэх боломжтой. Хүн болгоны сэтгэл гутралын шинж тэмдэг нь өөр байдаг. Тиймээс ялгаж танихад хүндрэлтэй талууд бий. Нийтлэг шинж тэмдгүүд нь өмнө нь хэвийн амьдарч байсан бол тийм байж чадахаа больчихдог. Ямар нэгэн зүйл хийхээс залхах, хүсэл зорилгогүй болох, шөнийн нойроо бүтэн авахгүй байх, өдөр тутмын үйл ажиллагаагаа хэвийн хийж чаддаггүй, хар бараан бодлуудад дарагдаж уйтгар гунигтай болох гэх мэтээр илэрдэг. Эдгээр шинж тэмдгүүд хоёр долоо хоног түүнээс дээш хугацаанд үргэлжилж байгаа тохиолдолд сэтгэл гутралын шинж тэмдэг гэж үзнэ. Мөн сэтгэл гутрал, стресс хоёр нь тусдаа зүйл. Монголд хэвийн амьдарч байгаа хүн болгон стресс бухимдалтай байгаад байна. Ямар нэгэн зүйлээс таашаал авахаа болих, бүх зүйлийг сөрөг талаас нь харах, байнгын уур бухимдал, сөрөг бодол тээж явдаг болчихдог. Босоод нүүрээ угаах ч хүсэлгүй болж, хоол ундны дуршил өөрчлөгдөх гэх мэт хүн бүр харилцан адилгүй болдог. Үүнийг шууд сэтгэл гутрал гэхээсээ илүү стресс гэж ойлгох хэрэгтэй.
-Зарим хүн өдөржин хэвийн үйл ажиллагаагаа хийгээд орой гэнэт л сэтгэл санаагаар унаж уйтгарладаг. Үүнийг та юу гэж тайлбарлах вэ?
-Хүмүүс өглөө босоод өдөржингөө ачаалал үүрч байгаад орой ядарч байгаагаа мэдэрдэг. Энэ нь бие махбодын ядарсан хэлбэр гэсэн үг. Үүнээс болоод орой юм бодоход илүү гүнзгий буюу сөрөг бодлууд орж ирдэг. Тэгэхээр ямар нэгэн зүйл хийх гэж байгаа бол өглөөд шилжүүлэх нь зөв шийдвэр гаргахад нөлөөлдөг. Мөн шөнө хэдэн цагийн нойр авч байгаа нь хамгийн чухал юм. Сэтгэл зүйн асуудлаар ирж байгаа дийлэнх хүмүүс нойргүйдэлтэй болчихсон байдаг. Олон улсын судалгаагаар өдөрт зургаан цагаас бага унтаад зургаан сараас дээш үргэлжилсэн тохиолдолд ямар нэгэн сэтгэл зүйн асуудал үүсдэг гэж үздэг.
-Сэтгэл гутрал нь аажмаар илрэх үү, гэнэтийн байдлаар илрэх үү?
-Хүн болгонд өөрөөр илэрнэ. Хүмүүс сэтгэл зүйн асуудалтайгаа мэдэхгүй удаан хугацаанд явснаас болж сэтгэл гутралын хүнд шатанд орсон байж болно. Зарим үед бол ойрын хүн нас барах, гэнэтийн осол гарах, байгалийн гамшигт өртөх гэх мэт сэтгэл зүйн асуудал үүсэж болно. Гэхдээ сэтгэл гутралаас гарах бүрэн боломжтой. Аль болох эртхэн таньж мэдээд оношлох нь зүйтэй юм.
-Сэтгэл гутрал нь нас, хүйс, амьдралын нөхцөл байдлаас шалтгаалах уу, ямар насныхан дийлэнх нь өртдөг юм бэ?
-Бүх насныхан өртөж болно. Хүн болгонд үүсэж байгаа асуудал түвшин өөр байдаг. Ялангуяа монгол эрчүүдийн амиа хорлолт азидаа хоёрт ордог. Судалгаагаар амиа хорлолт нь эрэгтэй хүмүүс эмэгтэйчүүдээсээ 8.5 дахин илүү байдаг. Учир нь эрчүүд мэдрэмж сэтгэлээ гадагшлуулахгүй явсаар байгаар хүнд нөхцөл байдалд ордог. Сэтгэл гутралд орох ямар нэгэн шалтгаантайгаа нүүр тулж чадахгүй зугтаагаад л яваад байдаг.
Сэтгэл зүйн асуудлын хамгийн хэцүү зүйл нь гадна талаасаа ямар нэгэн ил шарх сорви байхгүй, бие махбодын хувьд эрүүл саруул юм шиг харагддаг. Эргэн тойрны хүмүүс нь ямар байгааг нь мэдэхгүй, гунигтай байгаа мэдрэмжийг нь шууд үгүйсгэж эхэлдэг.
Сэтгэл гутралд орсон хүмүүс ч гэсэн яагаад байгаагаа мэдэхгүй хэцүү байна гээд л яваад байдаг. Өөрийгөө байнгын буруутгаж арчаагүй, муугаар бодож явдаг. Энэ нь сэтгэл гутралын хар бараан хэсгүүд юм. Хоёрдугаарт, төрсний дараах сэтгэл гутралд өртсөн ээжүүд байдаг. Эмэгтэй хүний даавар жирэмсний үед огцом өгсөж байгаад төрсний дараа огцом буурдаг. Тиймээс жирэмсэн үеэсээ эхлээд сэтгэл зүйн асуудалдаа анхаарах шаардлагатай. Монгол хүмүүс хүүхэд төрсний дараа хүүхдийг нь л асуугаад байдаг. Харин ээжийг ямар байгааг асуух хүн тэр бүр байдаггүй. Мөн төрсний дараах эрсдэлт хүчин зүйл нь нойрны асуудал байдаг. Шөнөдөө хоёроос гурван цаг хөхүүлэх ёстой учраас гүн нойроо авч чадахаа больчихдог. Тэгэхээр дийлэнхдээ тухайн ээжийн сэтгэл гутралд орох шалтгаан нь нойр болдог. Энэ үед нь гэр бүл ойр дотно хүмүүс нь сайн ойлгож тусалж дэмжих хэрэгтэй.
-Ээжүүд сэтгэл гутралд орсон бол асуудал бэрхшээлээ хэрхэн даван туулах вэ?
-Ээжүүд анхнаасаа зөвхөн эрүүл мэнддээ биш сэтгэл зүйн асуудлыг ч гэсэн судлах хэрэгтэй. Ихэвчлэн хүүхдийнхээ живхийг солих, гэдэс дүүрэлт гэх асуудал дээр голчлон анхаарлаа төвлөрүүлээд байдаг. Төрсний дараа дааврын өөрчлөлтүүд гардаг учраас эхний хоёр долоо хоногт хямрах нь хөнгөн байдаг. Үүнээс цааш үргэлжилбэл сэтгэл гутрал үүсэж байна гэсэн үг. Хүн гэдэг нийгмийн амьтан учраас аль болох хүмүүстэй харилцаж байх хэрэгтэй. Ээжүүд хүүхдэдээ гол анхаарлаа хандуулаад өөрийгөө орхих талууд ажиглагддаг. Тэгэхээр амралтын өдрүүдэд гэр бүлээрээ салхинд гарах, найзуудтайгаа цагийг хөгжилтэй өнгөрүүлж өөртөө цаг зав гаргах нь зүйтэй. Гэр бүлийн үндэс нь ээжүүд байдаг учраас сэтгэл зүйн хувьд эрүүл байж бусдыгаа амар тайван байлгах хэрэгтэй. Аавууд ч гэсэн сэтгэл гутралд орох үе байгаа. Эрчүүдийн хувьд шууд санхүүгийн ачаалал орж ирдэг. Шууд нэг хүний цалингаар Монголын нөхцөл байдалд хамгийн багадаа гурван хүн амьдрахад байнгын санхүүгийн ачаалалтай тулгардаг. Энэ нь түр хугацааны асуудал гэдгийг мэдэхгүй маш олон хосууд салж байна. Тиймээс төрсний дараах сэтгэл гутралд орсон бол аль болох сэтгэл зүйн зөвлөгөө авах хэрэгтэй.
-Монгол хүмүүсийн сэтгэлгээний онцлог бусад орнуудаас ямар ялгаатай байдаг вэ?
-Монгол хүмүүс бусадтай ярих чадвар бусад орнуудтай харьцуулахад харьцангуй бага байдаг. Гэтэл Америк болон Европын орнуудад мэдрэмжээ шууд илэрхийлдэг. Харин монголчууд хүүхдийг ямар мэдрэмж төрж байгаа эсэх, юу хүсэж байгааг нь асууж ярилцах нь ховор байдаг. Эрт дээр үед өөрөөрөө үлгэрлэж хүүхдэдээ амьдралын ухаан зааж өгдөг байсан. Тухайн хүүхдүүд голдуу эцэг эхээ харж өсдөг. Харин сэтгэл мэдрэмжийг нь уудалж ярилцах боломж олгодоггүй байсан. Тэгэхээр монголчууд нүүдэлчин соёлоороо дамжуулж үр хүүхдэдээ үлгэрлэдэг байсан нь бусад орнуудаас ялгаатай.
-Сэтгэл гутралыг эмчлэх үйлчилгээ хэр түвшинд хөгжиж байгаа вэ?
-Сэтгэл мэдрэлийн үндэсний төв гэхээр хүмүүс “Шархад” л гэж ойлгоод байдаг. Тиймээс хүмүүс ямар нэгэн асуудал тулгарвал сэтгэл зүйч дээр очих нь бага байдаг. Харин гадаадад энэ нь энгийн үйлчилгээ болсон. Бусад европын улс орнуудад ямар нэг асуудал тулгарсан л бол тухайн үедээ сэтгэл зүйч дээр очдог. Харин Монголд хүнд хэлбэрт орсныхоо дараа л очдог. Мөн орчин үед сошиал медиа хөгжиж байгаатай холбоотой залуу үеийнхэн сэтгэл зүйн мэдлэг арай өндөр түвшинд байна. Хөгшин хүмүүсийн хувьд сэтгэл зүйч дээр очих дургүй байх хандлага ажиглагддаг. Хувь хүний ойлголт мэдлэгээсээ шалтгаалаад өөр байдаг. Хэрэв сэтгэл зүйн асуудал үүсвэл харьяалагдах хороо, дүүргийнхээ сэтгэл зүйчид үнэ төлбөргүй зөвлөгөө авах бүрэн боломжтой. Эсвэл мөнгө санхүүгийн хувьд асуудалгүй бол сэтгэл зүйн төвүүдэд ч хандах боломжтой.
-Сэтгэл гутралаас урьдчилан сэргийлэх арга замууд болон өдөр тутамдаа ямар дадал зуршил хэрэгжүүлэх нь зүйтэй вэ?
-Юун түрүүнд өдөрт хамгийн багадаа 7-8 цаг унтаж гүн нойроо авч байгаа эсэх нь хамгийн чухал юм. Мөн байнгын дасгал хөдөлгөөн хийх нь тухайн хүний аз жаргалын дааврыг ялгаруулж байдаг. Тиймээс бид сэтгэл зүйн зөвлөгөө авахаар ирж байгаа хүмүүст аль болох өдөрт хамгийн багадаа 30 минут алхахыг санал болгодог. Мэдрэмж сэтгэлээ тухайн үедээ шууд илэрхийлэх нь зүйтэй. Удаан хугацаанд бодож явах нь хүнд хэлбэрт орох магадлалтай. Хэрэв сэтгэл гутралд орсон бол аль болох түүнтэйгээ нүүр тулж, түүнийгээ даван туулах нь чухал шүү.
Б.БЯМБАДУЛАМ
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Сэтгэгдэл2
Агуу их орос улсаас монголыг тусгаарлаж эдийн засгийн хувьд бүрэн аятадын гарт орсон боловсролын хувьд бүрэн америк ёвропиййн хятадын хараат болсон улс төрийн хувьд орос зөьлөлттэй харьцуулахгүй мах иддэг монголчуудын мал эрүүл бус эм тариа үржил мал эмнэлэг нь системгүй урсгалаар ялж хүмүүс бүгд өвчтэй таргай вируётай бүх ажлын байр үйлдвэр завод уул уурхайг гадаадт зараад эсвэл цэнхэр ягаан тасалбараар хувьчилж хувьдаа аваад ""гурван зуун гэр бүл баян амьдарч байгаа орос монголын хооронд ганүгын наймаа хийж олсон мөгийг нь луварчид зальтнууд байр барьж өгнө гээд авчихаад байрч гүй мөнгө ч гүй болсон энэ хохирлыг төлүүлэхгүй засаг төр луйварчдын талд орсон хүн бүр банкны олигархын зээлийн байранд сууж хорь гучмн жил төлж гунихарч суугаа ихэнх нь түргэн дулаанаа алддаг монгол гэрт сууж нүүрс түлж угаартаж сэгсиййсэн нүүрсэн царайтай ядарч угаартаж хөгширч унхагүй болсон хавдар вирус яр тэмб
Жинэхэн сэтгэл гутралтай этгээд биш үү. Удахгүй галзуурах биз