
БНХАУ-ын Өвөр Монголын Санхүүгийн танхимаас мэдээлснээр, 2025 онд Хятадын Төв засгийн газраас Өвөр Монголын мал аж ахуйг хөгжүүлэхэд 950 сая юанийн хөрөнгө санхүүжүүлсэн нь Хятадын хэмжээнд тэргүүлж байна.
Тухайлбал сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн хүчин чадлыг сайжруулахад дэмжлэг үзүүлэх; өндөр ургацтай, чанартай царгас тариалахыг дэмжих; тэжээлийн нөөцийг нэмэгдүүлж, өвсөн тэжээлт малын үйлдвэрлэлийн болон үржлийн үр ашгийг дээшлүүлэхэд дэмжлэг үзүүлэх; сайн үүлдрийн үржлийн ажлыг эрчимжүүлж, үрийн хангамжийн чадавхийг бэхжүүлж байна.
Сүүлийн жилүүдэд Өвөр Монголын Санхүүгийн танхим төрөл бүрийн арга хэмжээ авч, хөрөнгө оруулалтын хэв маягийг шинэчилсээр байна. Төсвийн шууд нөхөн олговор, зээлийн хүүгийн нөхвөр, хөдөө орон нутгийг сэргээх аж үйлдвэрийн сангийн хувьцаа, хөдөө аж ахуйн зээлийн баталгаа зэрэг олон арга барилаар дамжуулан мал аж ахуйд хөрөнгө оруулахад илүү их нөөц, хөрөнгийг хуримтлуулж байна. 2024 оны тоо бүртгэлээр, Өвөр Монголын гахай, үхэр, хонь, шувууны махны үйлдвэрлэл 3 сая тонныг давж, 2023 оныхоос 5.4%-иар өсжээ; сүүний үйлдвэрлэл 7 сая 760 мянган тонныг давж, сүүний үйлдвэрлэлийн нийт сүлжээний үйлдвэрлэлийн өртөг 250 тэрбум юаниас дээших тогтвортой хэмжээнд байна. Одоогийн байдлаар Өвөр Монголын мах сүүний талаас илүү хувийг гаднах зах зээлд нийлүүлж, үхэр, хонины мах, сүүний үйлдвэрлэлээрээ Хятад улсад тэргүүлж, Өвөр Монголын өндөр чанартай ногоон хүнсний бүтээгдэхүүн улмаар олон хүнд таалагдаж байна.
Сэтгэгдэл0