sonin.mn

“Энэхүү гурван талт дээд хэмжээний уулзалт урьд өмнө байгаагүй ач холбогдолтой”, “шинэ үеийн гурван талт хамтын ажиллагааны эхлэл тавигдлаа”, “бүс нутгийн хамтын ажиллагааны чухал тэмдэглэл”, “уламжлалт геополитикийн холбооноос давсан хамтын ажиллагааны шинэ эринд хөтөлнө” гэх зэргээр 5 дугаар сарын 27-нд Малайзын Куала Лумпур хотноо болсон Зүүн Өмнөд Азийн орнуудын холбоо (АСЕАН) – Хятад – Персийн булангийн хамтын ажиллагааны зөвлөл (ГХК)-ийн анхны дээд хэмжээний уулзалт олон улсын хэвлэл мэдээллийн өндөр анхаарлыг татлаа. Хятадын Олон Улсын Радио энэ тухай: "Дэлхийн газрын зургийг сөхөөд харахад, Хятад, АСЕАН болон ГХК-ийн орнуудын байршил нь нэгэн том гурвалжин хэлбэрийг үүсгэж байгааг анзаарч болно. Ийм учраас Малайзын хэвлэл мэдээлэл энэ шинэ хамтын ажиллагааг “Алтан гурвалжин” хэмээн нэрлэжээ.


Уулзалтыг энэ жилийн АСЕАН-ы ээлжит даргалагч орон болох Малайзын санаачилгаар зохион байгуулсан бөгөөд Хятад улс идэвхтэй оролцож, чухал үүрэг гүйцэтгэсэн юм. Уулзалтын үеэр Хятадын тал гурван талын хамтын ажиллагааг агуулгын хувьд улам баяжуулж, өнөөгийн дэлхий нийтийн хөгжлийн загвар болохуйц хамтын ажиллагааг бий болгох санал, санаачилга дэвшүүлэв. Мөн голлох салбаруудад хамтран ажиллах тодорхой төлөвлөгөөг танилцуулсан. Хамтарсан мэдэгдэлд эдгээр саналуудыг тусгаж, эдийн засгийн уялдаа холбоо, дэд бүтцийн холболт, эрчим хүчний аюулгүй байдал ба тогтвортой хөгжил, дижитал шилжилт ба инновац, хүнс, хөдөө аж ахуй зэрэг олон салбарт хамтын ажиллагааны арга хэмжээг багтаасан.

Хятадын талаас онцолсончлон, энэ механизм нь бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааны шинэлэг санаачилга гэж нэрлэгдэхүйц алхам юм.


Шинэлэг гэдгийг нь юунаас харж болох вэ?


Хятадын Нийгмийн Шинжлэх Ухааны Академийн судлаач Сүй Липин дараах байдлаар тайлбарласан байна:


Нэгдүгээрт, газар зүйн хувьд энэхүү дээд хэмжээний уулзалт нь Зүүн Ази, Зүүн Өмнөд Ази, Ойрх Дорнод гэсэн гурван том бүсийг хамарч буй нь Ази тивд төдийлөн тохиолддоггүй, ховор тохиолдол юм.


Хоёрдугаарт, механизмыг харвал өмнөх Хятад–АСЕАН, Хятад–ГХК-ийн дээд хэмжээний уулзалтуудаас ялгаатай нь гурван талт уулзалт нь илүү шинэлэг бүтэцтэй, системтэй болжээ.


"Бүс ба Зам" санаачилгын өндөр чанартай хэрэгжилт өрнөхийн хэрээр энэ гурван талт хамтын ажиллагааны механизм нь шинэ тулгуур платформ болж, шинэ тулгар хөгжиж буй эдийн засгуудын харилцан хүндлэл, харилцан ашигтай хамтын ажиллагааг төлөөлөх загвар болон хөгжих төлөвтэй байна.


Олон улсын нөхцөл байдал гурван талт хамтын ажиллагааг улам шаардлагатай болгож байна

Олон улсын нөхцөл байдлыг харвал гурван талт хамтын ажиллагааны бодит хэрэгцээ болон үнэт чанарыг илүү тодорхой ойлгож болно. Францын мэдээллийн агентлаг (AFP) 27-ны өдөр мэдээлэхдээ, АНУ энэ онд дэлхийн олон орнуудын эсрэг тарифаа нэмэгдүүлж, олон улсын худалдааны дүрмийг алдагдуулсан нь АСЕАН болон бусад улс орнуудыг худалдааны түншлэлээ төрөлжүүлэхэд хүргэсэн гэжээ. АНУ-ын бодлогоос шалтгаалан Олон улсын валютын сан энэ оны дэлхийн эдийн засгийн өсөлтийн төлөвийг 2.8 хувь болгон бууруулсан байна.


Ийм нөхцөлд Хятад, АСЕАН, ГХК-ийн орнууд нэгдэж, эрчимтэй эдийн засгийн бүс, өсөлтийн шинэ тулгуур бүс бий болгох нь зөвхөн өөрсдийн хөгжилд төдийгүй бүс нутаг болон дэлхийд энх тайван, тогтвортой байдлыг дэмжих чухал түлхэц болох юм. Энэ утгаараа гурван талт хамтын ажиллагаа нь “1 + 1 + 1 > 3” үр нөлөөг бий болгоно гэж үзэж болно.




Гурван талын хамтын ажиллагааны онцлог, ач холбогдол


Юуны өмнө, энэхүү шинэ загвар нь гурван талын эдийн засгийн чадавхыг бүрэн дүүрэн нээж өгнө. Хятад улс өндөр хүчин чадалтай үйлдвэрлэл, шинжлэх ухаан, инновац, томоохон зах зээлтэй; АСЕАН-ы 10 улс байгалийн баялаг арвин, хүн амын дийлэнх нь залуучууд; ГХК-ийн 6 улс эрчим хүчний нөөц ихтэй, хөрөнгийн чадавх өндөр. Иймээс гурван талын эдийн засаг нь өөр хоорондоо сайн нөхөх боломжтой, хамтран ажиллах орон зай өргөн юм.


Уулзалтаар нэгдсэн мэдэгдэл гаргаж, чөлөөт худалдааг дэмжих, дижитал болон ногоон эдийн засгийн шинэ салбарт хамтын ажиллагаагаа өрнүүлэх, бүс нутгийн бизнесийн зөвлөл байгуулах, үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйлгээ хийх зэрэг олон чиглэлээр хамтран ажиллахаар тохиролцсон. Хятадын тал Саудын Араб зэрэг 4 улсад визгүй зорчих туршилтын бодлого хэрэгжүүлж, ГХК-ийн бүх улс орнуудын иргэд Хятадад визгүй зорчих боломжоор бүрэн хангахаа мэдэгдсэн. Энэ бүхэн нь нөөц, технологи, хүний нөөцийн чөлөөт урсгал, худалдаа, хөрөнгө оруулалтын илүү чөлөөтэй, хялбар орчныг бүрдүүлж, хамтын хөгжилд хүргэх болно.


Түүнчлэн гурван талын хамтын ажиллагаа нь бүс нутгийн болон дэлхийн эдийн засгийн хөгжилд шинэ эрч хүч өгч, дэлхий дахины шударга ёсыг хамгаалахад хувь нэмэр оруулна. Одоогийн байдлаар Хятад, АСЕАН, ГХК-ийн эдийн засгийн нийт хэмжээ 24.87 их наяд ам.долларт хүрч, нийт хүн ам нь 2.15 тэрбумд хүрч байгаа нь дэлхийн дөрөвний нэгийг бүрдүүлж байна.


Эдийн засгийн үр ашигтай солилцоо нь бүс нутаг төдийгүй дэлхийн эдийн засгийг ч урагшлуулах хүч болно. Мөн тэдгээр нь олон талт худалдааны тогтолцоог дэмжих, дангаараа шийдвэр гаргах болон ивээх бодлогыг эсэргүүцэх дуу хоолойг нэгтгэж байна. Катарын мэдээллийн агентлагийн дүгнэснээр, энэ удаагийн дээд хэмжээний уулзалт нь хоёр болон олон талт хамтын ажиллагааны хэлбэрийг шинээр эрэлхийлэх боломжийг олгож байна.


"Дэлхийн өмнөд"-ийн шинэ хамтын ажиллагааны загвар


Хятад, АСЕАН болон ГХК-ийн орнууд нь бүгдээрээ “дэлхийн өмнөд” хэмээх хөгжиж буй орнуудын чухал гишүүд юм. Энэ удаагийн гурван талт дээд хэмжээний уулзалт нь тус бүсийн орнууд хоорондын шинэ төрлийн хамтын ажиллагааны замыг нээж, үлгэр жишээ болохуйц алхам боллоо. Малайзын Үндэсний Мэдээний агентлагийн дүгнэснээр, энэ түншлэлийн онцлог нь үзэл сурталд бус, харин харилцан ашигтай, хамтдаа хожих зарчим дээр үндэслэж байгаад оршино.


Энэхүү хамтын ажиллагааны нөхөн гүйцэтгэх чадвар, ялгаварлан гадуурхахгүй байдал, хөгжлийг тэргүүнд тавьсан үзэл баримтлал нь "дэлхийн өмнөд"-ийн орнуудад туршлага болохуйц юм. Шинжээчид цаашид энэ хэлбэрийн хамтын ажиллагаа "дэлхийн өмнөд"-ийн бусад бүс нутагт түгэн дэлгэрэх бүрэн боломжтой гэж үзэж байна.


Түүхэн уялдаа, ирээдүйн итгэл


Эртний Торгоны замаас эхлээд “Бүс ба Зам” санаачилга хүртэл Хятад, АСЕАН болон ГХК-ийн орнуудын хамтын ажиллагаа мянган жилийн түүхтэй. Харин өнөөдөр тогтсон гурван талт механизм нь хамтын хөгжлийн шинэ хурдасгуур болж байна. “Алтан гурвалжин” бодит үр дүнтэй, олон талт хамтын ажиллагааг бүхий л салбарт өргөжүүлснээр, харилцан нөхөх, харилцан ашигтай хөгжлийн загварыг бий болгоход дэмжлэг үзүүлж, олон талт худалдааны тогтолцоог бэхжүүлэх, "дэлхийн өмнөд"-ийн хамтын эрх ашгийг хамгаалах, дэлхийн эдийн засагт хүчирхэг “Ази хүч” нэмэрлэх болно." гэсэн байна.