sonin.mn

2025 оны 5-р сарын 27-нд Хятадын Гадаад харилцааны яамны хэвлэлийн төлөөлөгч Мао Нин хэвлэлийн бага хурал зохион байгуулав.

Энэ үеэр: "Хятадын баруун бүсийн 20 дахь удаагийн Олон улсын үзэсгэлэн Чэндү хотноо болж байгаа бөгөөд Хятад улсын дарга Ши Жиньпин уг арга хэмжээнд баярын захидал илгээсэн байна. Энэ удаагийн үзэсгэлэн нь “Шинэчлэлийг гүнзгийрүүлж, хөгжлийн шинэ эрч хүчийг бий болгох, нээлттэй байдлыг өргөжүүлж, хөгжлийг дэмжих” сэдвийн дор зохион байгуулагдаж, дэлхийн 60 гаруй улс орон, бүс нутгаас 3000 гаруй аж ахуйн нэгж оролцож байна. Оролцогч гадаадын зочид эл үзэсгэлэнгээр дамжуулан Хятад улс зэрэг бусад улс орнуудтай харилцаа, хамтын ажиллагаагаа бэхжүүлж, харилцан ашигтай, хамтдаа хожих үр дүнд хүрэхийг хүсэж байгаагаа илэрхийлсэн. Хятадын тал энэ үзэсгэлэнг Хятадын гадаад нээлттэй байдлын хүрээнд ямар үүрэгтэй гэж үздэг вэ?" гэсэн сэтгүүлчийн асуултад Мао Нин хариулахдаа: "Энэ жил Хятадын баруун бүсийн олон улсын үзэсгэлэнгийн 25 жилийн ой тохиож байгаа бөгөөд энэ нь Хятадын баруун бүсийг хөгжүүлэх стратеги хэрэгжиж эхэлсний 25 жилийн ойтой давхцаж байна. Сүүлийн 25 жилийн хугацаанд, ялангуяа шинэ эрин үед Хятадын гадаадад нээлттэй байдлын хаалга улам бүр өргөжин тэлснээр баруун бүс нь нээлттэй байдлын "алслагдмал бүс"-ээс "хошууч бүс" болж, шинжлэх ухаан, технологийн шинэ эрч хүч тасралтгүй бий болж, ногоон хөгжлийн шинэ дүр төрх бүрэн илэрч байна. Энэ үйл явцад Хятадын баруун бүсийн олон улсын үзэсгэлэн нь баруун бүсийн худалдаа, хөрөнгө оруулалт, гадаадад нээлттэй байдлыг дэмжихэд чухал цонхны үүрэг гүйцэтгэж, Хятадын баруун бүсийн хөгжлийг харуулсан “алтан нэрийн хуудас” болж чадсан юм.


Дарга Ши Жиньпиний баярын захидалдаа дурдсанчлан, нэгдэл л ялалтад хүргэдэг, хамтын ажиллагаа л хамтдаа урагшлах боломжийг өгдөг. Бид энэхүү үзэсгэлэнг ашиглан дэлхийн улс орнуудын найз нөхөдтэй харилцан ойлголцол, нөхөрлөл, хамтын ажиллагааг улам бүр гүнзгийрүүлж, олон талт худалдааны тогтолцоо болон дэлхийн үйлдвэрлэлийн хэлхээ, ханган нийлүүлэлтийн сүлжээний тогтвортой, саадгүй үйл ажиллагааг хамтдаа хамгаалж, дэлхийн эдийн засгийн хөгжил цэцэглэлтэд шинэ хөдөлгүүр бий болгохыг хүсэж байна" гэжээ.