sonin.mn

Сүүлийн өдрүүдэд АНУ-ын Засгийн Газар Харвардын их сургуулийг гадаад оюутан элсүүлэх эрхийг цуцлах шийдвэр гаргасан билээ. Мөн тус улсад суралцаж буй гадаад оюутнуудыг өөр сургуулиудад шилжихийг шаардсан бөгөөд шилжихгүй тохиолдолд тэд АНУ-д хууль ёсны оршин суух эрхээ алдахаар болж байна.


Энэхүү шийдвэрийн хариуд Харвардын их сургууль хүчтэй байр сууриа илэрхийлж, Засгийн газрын энэхүү алхам нь хууль ёсны үндэслэлгүй бөгөөд хэт туйлширсан, хор хөнөөлтэй арга хэмжээ хэмээн үзэж, эрх зүйн хүрээнд уг хоригийн эсрэг тууштай тэмцэхээ мэдэгдсэн юм.


Харвардын байр сууриа илэрхийлсний дараа АНУ-ын холбооны шүүх Засгийн газрын уг шийдвэрийг түр зогсоох шийдвэр гаргасан нь тус сургуулийн зүгээс авч буй арга хэмжээ тодорхой үр дүн өгч байгааг харуулж байна. Мөн энэ нь Харвардын их сургууль болон Трампын Засгийн газрын хоорондын зөрчил хурцдаж байгааг илтгэж буй юм.


Энэ оны дөрөвдүгээр сард Харвардын их сургууль АНУ-ын Засгийн Газрыг холбооны санхүүжилтийг царцааж, эрдэм шинжилгээний ажилд шууд нөлөөлсөн үндэслэлээр шүүхэд өгч байсан.


Трампын Засгийн газрын давтамжтай шахалт дор Харвардын их сургууль “хүчтэй байр сууриа” цаашид хэр удаан тууштай баримтлах бол гэдэг асуулт олон нийтийн анхаарлыг татаж байна.



Г.Бямба