
АНУ-ын хоккейчид ДАШТ-ий финалд Швейцарын шигшээ багийг нэмэлт цагт 1:0 (0:0, 0:0, 0:0, 1:0) харьцаагаар хожсоноор 1960 оноос хойш анх удаагаа дэлхийн аварга цолыг хүртлээ.
Хамгийн сүүлд америкчууд 1960 онд Скво-Вэллигийн өвлийн Олимпын наадмын хүрээнд явагдсан ДАШТ-д түрүүлснээс гадна 1933 онд мөн дэлхийн аваргаар шалгарч байжээ.
Швейцарчууд плей-оффын тоглолтуудад ганц ч шайб хаалгандаа алдаагүй байсан бол финалд ганцхан гоол алдаж хожигдсон нь тун харамсалтай хэрэг болов. Тоглолтын 63 дахь минутанд Америкийн багийн Тэйж Томпсон оновчтой цохилт хийснээр цорын ганц гоолыг орууллаа. Хаалгандаа гоол алдсан Швейцарын хаалгач Леонардо Женони ДАШТ-ий хамгийн үнэ цэнэтэй тоглогчоор шалгарч, бэлгэдлийн шигшээд багтсанаар сэтгэл нь бага зэрэг тайтгарсан болов уу.
Энэ удаагийн ДАШТ-ий шилдэг хамгаалагчаар Хойд Америкийн Үндэсний хоккейн лигийн “Коламбус” багт тоглодог америк хоккейчин Зак Веренски, шилдэг довтлогчоор Чехийн шигшээгийн Давид Пастрняк нар шалгарсан байна.
Америкчууд дэлхийн аваргын цомыг авахаар гарч ирэхдээ АНУ-ын шигшээ багийн тоглогч асан Жонни Годрогийн зурагтай свитер цамц өмссөн байв. Өнгөрсөн оны зун Ж.Годро дүүгийнхээ хамт дугуй унаж яваад автомашинд дайруулж хоёулаа амиа алдсан юм. Энэ удаагийн ДАШТ болон бусад тэмцээний үеэр Америкийн хоккейчид хамгаалалтын малгай дээрээ ах дүү хоёрын дурсгалд зориулсан наалт наасан байв.
Канадчуудад ээлгүй Скандинавын мөсөн талбай
Швед ба Данид болсон энэ удаагийн ДАШТ-ий финалд Швейцар, АНУ-ын багууд үлдэнэ гэж таамаглаж байсан хүн бараг үгүй болов уу. Мөн Канадын баг даничуудад хожигдоно гэж төсөөлөөгүй нь лавтай. Канадын шигшээгийн бүрэлдэхүүнд Стэнлийн цомын тэмцээний гурван удаагийн аварга, Олимпын хошой аварга Сидни Кросби, Үндэсний хоккейн лигийн шилдэг довтлогчдын нэг Натан Маккинон, 2024 оны драфтын нэг номероор шалгарсан Маклин Селебрини нар багтсан байлаа. Гэвч скандинавчууд үнэхээр шийдэмгий зоригтой тоглож, гуравдугаар үеийн сүүлчийн гурван минутын дотор хоёр гоол оруулсан юм. Данийн хаалгач Фредерик Диков канадчуудын 40 гаруй удаагийн цохилтыг хаасан бол ДАШТ-ий бэлгэдлийн шигшээд багтсан Ник Олесен ялалтын гоолыг оруулжээ.
Чансаанд гарсан өөрчлөлт
АНУ-ын баг ДАШТ-д түрүүлснээр олон улсын тэмцээнүүдэд оролцох эрхээ хасуулсан ОХУ-ын баг Олон улсын хоккейн холбооны /IIHF/ чансааг тэргүүлж эхэллээ. Хэрэв Швейцарын шигшээ финалд хожсон бол уг чансааг тэргүүлэх байсан боловч америкчуудад хожигдсоноор 3975 оноотойгоор гуравдугаарт бичигдэв. Харин дэлхийн аварга АНУ-ын шигшээ 3985 оноотойгоор хоёрдугаарт жагсаж, Оросын багаас ердөө 5 оноогоор дутуу байна. Эрхээ хасуулахаас өмнө цуглуулсан оноогоор, тухайлбал 2022 оны Бээжингийн Олимпын мөнгөн медаль, ДАШТ-ий хүрэл медальд өгсөн оноогоор Оросын баг чансааны гуравдугаарт бичигдэж байгаад одоо ийнхүү чансааг тэргүүлж эхэллээ. Ирэх 2026 оны ДАШТ Швейцарын Цюрих, Фрибур хотуудад болно. Уг тэмцээн 2020 онд эдгээр хотод болох ёстой байсан боловч цар тахлын улмаас хойшлогдсон юм.
Б.Адъяахүү
Сэтгэгдэл9
Хангай аваргыг оролцуулахгүйгээр Наадам хийгээд хэн нэгэн түрүүлснийг аварга гэвэл ичмээр биш үү.Аугаа дээд спортыг бузар улс төртэй хутгасан англосакс садистууд үнсэн чандруу болтугай.
Тэнэгт. Оюунболд оролцоогүй олон наадмыг сана. Орос хоккейгоор тасархай биш болсон шүү дээ. Угаасаа ч Оростой Оросгүй мундаг баг олон
тэнэгт
ЧЕХ ЯАСАН БЭ?
Тэгээд олон жил тэмцээнд орохгүй байж чансааг нь тэргүүлээд байгаа нь юү гэсэн үг вэ?
Тэгээд олон жил тэмцээнд орохгүй байж чансааг нь тэргүүлээд байгаа нь юү гэсэн үг вэ?
Өмнө нь цуглуулсан оноогоороо
зөв, өмнө нь цуглуулсан оноогоор, оросууд 2022 оны Бээжингийн Олимпод мөнгөн медаль авсан
Оросгүй хоккей давсгүй хоол гэсэн үг