
Европын лигийн тэмцээний финалд шалгарсан Английн хоёр баг өчигдөр Испанийн Бильбао хотын “Сан-Мамес” цэнгэлдэх хүрээлэнд аваргын төлөө тоглож, “Тоттенхэм” баг 1:0 харьцаагаар “Манчестер Юнайтед”-ыг хожлоо.
Тоглолтын цорын ганц гоолыг 42 дахь минутанд Бреннан Жонсон оруулжээ.
Ингэснээр "Тоттенхэм" баг Европын клубүүдийн дунд болдог хоёр дахь том тэмцээний аваргаар гурав дахь удаагаа шалгарлаа. Тус баг өмнө нь 1972 он /УЕФА-гийн цом/, 1984 онд болон 2008 онд Европын лиг гэсэн нэртэй болсноос хойш анх удаагаа түрүүлж байна. Мөн ирэх улиралд Аваргуудын лигийн тэмцээний хэсгийн шатанд тоглох эрхээ авлаа.
Харин “МЮ” баг тус лигийн тэмцээний финалд гурав дахь удаагаа шалгарсан бөгөөд 2017 онд аваргалж байв. Одоогийн байдлаар тус баг Английн аварга шалгаруулах тэмцээний хүснэгтэд 39 оноотойгоор 16 дугаар байрт, “Тоттенхэм” баг 38 оноотойгоор 17 дугаар байрт бичигдэж байна.
Улсын аварга шалгаруулах тэмцээнд ийм хойгуур байрт бичигдэж буй багууд Европын лигийн финалд шалгарч байсан тохиолдол үгүй юм. Өмнө нь Испанийн “Севилья”, Английн “Фулхэм” багууд УАШТ-ий хүснэгтийн 12 дугаарт бичигдэж байхдаа финалд шалгарч байв. Европын лигийн тэмцээн бол эрэмбээрээ Европын клубүүдийн дунд явагддаг хоёр дахь том тэмцээн юм. 1971-2010 он хүртэл УЕФА-гийн цом гэдэг нэртэй байсан энэ тэмцээний өнгөрсөн оны аварга бол Италийн “Аталанта” баг билээ. Оросын багуудаас Москвагийн ЦСКА 2005 онд, Санкт-Петербургийн “Зенит” 2008 онд тус тэмцээнд түрүүлж байв.
Б.Адъяахүү
Сэтгэгдэл0