
Монгол Улсын Засгийн газрын 41 дүгээр хуралдаан өнөөдөр /2025.05.21/ боллоо. Хуралдаанаар “Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийг хүчингүйд тооцох тухай” хуулийн төслийг яаралтай горимоор Улсын Их Хуралд дахин өргөн мэдүүлэхээр тогтлоо.
Монгол Улсын Их Хурлын 2024 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар “Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хууль”-ийг хэлэлцэн, улаанбуудайн гурил, мал, амьтны тэжээл, тэжээлийн нэмэлтийг гаалийн албан татвараас чөлөөлж, тоо хэмжээний болон хугацааны хязгаарлалтгүй импортлохоор эцэслэн баталсан.
Хууль хэрэгжиж тухайн цаг үеийн хүндрэлтэй нөхцөл байдалд хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийн тогтвортой байдлыг хангах, мал аж ахуйн салбарыг эрсдэлээс хамгаалах зорилгодоо хүрсэн учраас “Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хууль хүчингүй болгох тухай хууль”-ийн төслийг УИХ-д өргөн барьж, хэлэлцүүлсэн боловч дэмжигдээгүй.
Энэ хуулийн үйлчлэл зөвхөн улаанбуудайн гурил үйлдвэрлэгчийн үйл ажиллагаанд бус хөдөө аж ахуйн салбарын суурь үйлдвэрлэл болох газар тариалан, мал аж ахуй болон тэжээлийн үйлдвэрлэл түүнчлэн, тариалангийн зориулалттай техник тоног төхөөрөмж, ургамал хамгааллын бодис, бордооны ханган нийлүүлэлтийн үйл ажиллагаа зэрэг хөдөө аж ахуйн нийлүүлэлтийн сүлжээнд тогтворгүй нөхцөл байдлыг бий болгож байна.
Иймээс, хөдөө аж ахуйн салбарт үүссэн бодит нөхцөл байдлыг үндэслэн “Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай хууль”-ийн төслийг боловсруулан Улсын Их Хуралд яаралтай горимоор дахин өргөн мэдүүлж, хэлэлцүүлэх зайлшгүй шаардлагатай гэж үзжээ.
Сэтгэгдэл3
Баруун алслагдсан таван аймагтаа импортын татвараа тэглэчих . Эсвэл хотоос тээвэрлэгдэж буй тээврийн зардлаа 00 тэг төгрөг болгочих хэрэгтэй .Бид эх орныхоо баруун хязгаарыг сахин сууж байгаа хүмүүс ҮНЭТЭЙ БҮХНИЙГ ХЭРЭГЛЭХ ЁСТОЙ юм уу .
Гурилын үйлдвэрийн эзэд гэж даварсан баячуул байнаа. Үндэсний үйлдэрлэгч ханхалзах хэрнээ үгсэн хуйалдаж гурилын үнийг тэнгэрт хадааж үндэснийхээ эсрэг дайсагнасан ажиллагаа байнга явуулна. ГАднаас гурил оруулж ирээд чөлөөт өрсөлдөөн үүсээд ирэхлээр бид дампуурлаа та нар өлсөж үхнэ л дээ гэж ард түмнээ дарамтлана. Үнэндээ эд нар хорлон сүйтгэх ажиллагаа явуулаад байгаа юм биш үү.
Гурилын 5-6 үйлдвэрийн эздын гэр бүлийг тансаг амьдруулах гэж л Монголын ард түмэн 30 жилийн турш үнэтэй гурилыг нь идлээ!! Одоо болсон юм биш үү??