sonin.mn

Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг энэ сарын 19-нд Бүгд Найрамдах Филиппин Улсын Гадаад хэргийн сайд Энрикэ А.Маналотай уулзаж албан ёсны хэлэлцээ хийв.

Гадаад харилцааны сайд нар ардчилал, хүний эрх, хуулийн засаглал зэрэг нийтлэг үнэт зүйлсэд тулгуурласан хоёр талын уламжлалт харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн гүнзгийрүүлэх агуулгатай өргөн хүрээний асуудлаар санал солилцож, яриа хэлэлцээ найрсаг, халуун дотно уур амьсгалд болж өнгөрөв. Талууд өнгөрсөн хугацаанд Монгол, Филиппиний харилцаа хөдөө аж ахуй, боловсрол, хөдөлмөр, байгаль орчин, соёл, аялал жуулчлалын салбарт тууштай өргөжин хөгжиж ирснийг тэмдэглээд, цаашид хамтын ажиллагааг худалдаа, эдийн засгийн бодит агуулгаар баяжуулж эрчимжүүлэхээр тохиров.




Гадаад хэргийн сайд Энрикэ А.Манало, Монгол Улсын гадаад харилцааны сайдын түвшинд Филиппин Улсад хэрэгжүүлж буй анхны албан ёсны айлчлал нь хоёр талын уламжлалт найрсаг харилцааг шинэ шатанд гаргаж буйг онцлон тэмдэглэв. Сайд Б.Батцэцэг айлчлалын хүрээнд Филиппин Улсын бүсчилсэн хөгжлийн туршлагыг Монгол Улсад нутагшуулах ажлын эхлэлийг тавьж, тус улсын хөрөнгө оруулалтаар хөдөө, орон нутгийн иргэдийн чадавхыг бэхжүүлж англи хэлний сургалтын хөтөлбөр хэрэгжүүлэхээр тохирч ноот бичиг солилцсон нь бүс нутгийн урт хугацааны хөгжлийн зорилтуудыг дэмжихэд чухал ач холбогдолтой болохыг онцлов.




Сайд нар хоёр улсын хооронд байгуулсан агаарын үйлчилгээний тухай хэлэлцээрийг үндэслэн Улаанбаатар, Манила чиглэлийн шууд нислэгийг нээх чиглэлээр идэвхтэй хамтран ажиллаж, улмаар худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, иргэд хоорондын харилцааг бэхжүүлэх нь ирээдүйн 50 жилийн хамтын ажиллагааны хэтийн төлөвийг тодорхойлоход чухал хувь нэмэр болохыг санал нэгтэй тэмдэглэв. Талууд Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Хүнсний хангамж, аюулгүй байдал” болон “Эрүүл монгол хүн” үндэсний хөдөлгөөний хүрээнд хоёр улсын давуу талыг ашиглан хамтын ажиллагааг эрчимжүүлэхээр тогтож, Хөдөө аж ахуйн яамд хоорондын харилцан ойлголцлын санамж бичгийг ойрын хугацаанд байгуулахаар тохиров.

Сайд Б.Батцэцэг хөдөлмөрийн салбарт хамтран ажиллах тухай харилцан ойлголцлын санамж бичиг байгуулах нь хоёр улсын хөдөлмөрийн зах зээлийн хэрэгцээнд нийцсэн мэргэжлийн ажиллах хүчийг харилцан нийлүүлэх, гадаадад ажилладаг иргэдийн хууль ёсны эрх ашгийг хамгаалах эрх зүйн үндсийг бэхжүүлэхэд чухал ач холбогдолтойг тэмдэглэв. Талууд НҮБ болон олон улсын бусад байгууллагын хүрээнд хамтын ажиллагааг үргэлжлүүлэн хөгжүүлэхээ нотлов. Филиппиний тал Монгол Улсын бүс нутгийн яриа хэлэлцээг бэхжүүлэх хүчин чармайлтыг өндрөөр үнэлж, Монгол Улсын АСЕАН-ы яриа хэлэлцээний түнш болох зорилтыг үргэлжлүүлэн дэмжихээ илэрхийлэв.




Мөн энэ онд Улаанбаатар хотноо зохион байгуулах Зүүн Ази, Латин Америкийн хамтын ажиллагааны форум (FEALAC), Зүүн хойд Азийн аюулгүй байдлын асуудлаарх Улаанбаатарын яриа хэлэлцээний олон улсын X бага хуралд Филиппин төлөөлөгчөө оролцуулж, дэмжихээ илэрхийлэв. Монгол Улсын Бүсчилсэн хөгжлийг дэмжих бодлогын хүрээнд Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Бүгд Найрамдах Филиппин Улсын Гадаад хэргийн сайд Энрикэ А.Манало нар Филиппин Улсын санхүүжилтээр монголын хөдөө орон нутгийн залуу боловсон хүчнийг бэлтгэх, төрийн албан хаагчдыг чадавхжуулах англи хэлний сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр тохирч ноот бичиг солилцлоо гэж ГХЯ-наас мэдээлэв.