sonin.mn

УИХ-ын гишүүн, Шадар Сайд, ХҮН намын дарга Т.Доржханд Ерөнхий Сайдыг огцруулахыг шаардсан "Орлогоо нотол, огцрох амархан" жагсаалын талаар сэтгүүлчдийн асуултад хариуллаа. 


Энэ үеэрээ тэрбээр: " "Орлогоо нотлох хөдөлгөөн өрнүүлэх хэрэгтэй. Бүх улстөрчид орлогоо нотлуулъя. Ингэж бүгдээрээ энэ асуудалд цэг тавъя. Нотолж чадаагүй нь орлогоо улсдаа тушаах хэрэгтэй. Нотолж чадсан нь цаашаа явах хэрэгтэй.

Залуусын жагсаал цуглаан хийж байгаа нь зөв. Ардчилсан нийгэмд хүмүүс үгээ хэлж, үзэл бодлоо илэрхийлэх ёстой. Харин нөгөө талдаа үүнийг ашиглаж, улс төрд тогтворгүй байдал үүсгэх, хил холболтыг гацаах, Монгол Улсын Засгийн газар сул, тогтворгүй, урт хугацаанд хамтарч ажиллаж чадахгүй юм байна гэж хөрөнгө оруулагчдыг үргээх вий. 


Хамтарсан Засгийн газар өнөөдөр ч хаалгаа хаахад бэлэн. Нөгөө талдаа Засгийн газар хоорондын үргэлжилж буй тогтолцоог зогсоохыг хэрхэвч хүлээн зөвшөөрөхгүй. Монгол улсад өнөөдөр хөрөнгө оруулалт хэрэгтэй байна. 


Монгол Улс хаалттай, ядуу байна. Дэлхий даяараа хөрөнгө оруулалтын орчин маш муу байна. Тарифын бодлогоос болж хөрөнгө оруулалт алга байна. Монгол битгий хэл Хятад, Орос улсад хөрөнгө оруулалт байхгүй байна. 


Хөрөнгө оруулалт байхгүй тохиолдолд гадаад экспортоо сайн хийж, ажлын байр бий болгож, эдийн засгаа тэлэх ямар ч боломжгүй. Тиймээс эдгээр хүмүүс тогтвортой Засгийн газар, бодлогыг хүсч байна. Тийм болохоор ХҮН нам, АН хамтарсан Засгийн газарт орсон. Тэрнээс биш зөөлөн суудал хүсч, халуун хөнжилд ороод байгаа юм байхгүй ээ. Бидэнд худлаа ярьж, хулгай хийх өчүүхэн ч шаардлага байхгүй.  


Хэн нэгний хүүхдийн орлогын асуудлаас болж Засгийн газар огцорч болохгүй.


Хуулийн байгууллагаас бие даасан байдлаар энэ асуудлыг хянаж шалгах үүрэгтэй. Цөөхөн монголчууд нэг талдаа гарахгүй зөрчил хуваагдал үүсвэл бүр хэцүү. Хэрүүл маргаантай айлд ямар зочин ирэх вэ. Өнөөдөр муу хэлүүлж, адлуулж болно. 

Ард нь улс орны эрх ашиг байх ёстой. Өнөөдөр Т.Доржханд, Л.Гантөмөр, Л.Оюун-Эрдэнэ нар муу хүмүүс байж болно. Ерөнхийлөгчийн засаглал руу битгий ороосой гэж хүсэж байна. 

Ингэснээр бид парламентын засаглалаа бэхжүүлэх ёстой. Бид үйл хэргээсээ огт ухраагүй. Хэн нэгний өөдөөс цэх хараад үгээ хэлж чадна. Дэд бүтцийн төслүүдээ явуулж, ардчиллаа хөгжүүлнэ. Бид зөөлөн суудал, халуун хөнжил хүсээгүй" гэв.


С.Сарнай