
ВАТИКАН, 2025 оны тавдугаар сарын 19 /DW/. Католик шашны сүм хийдүүдийн 267 дахь тэргүүн хамба, XIV Леог (Роберт Фрэнсис Превост) папын сэнтийд залах ёслол Ватиканд ням гарагт боллоо. Ёслолын ажиллагааг “Vatican News” цахим хуудсаар шууд дамжуулжээ.
Ёслол эхлэхийн өмнө Роберт Фрэнсис Превост Гэгээн Петрийн сүмийн өмнөх талбайг машинаар тойрон явж, сүсэгтэн олонтой мэндчилжээ. Үүний дараа нь сүм хийдэд мөргөл эхэлж, Пап лам Дорнын сүмүүдийн тэргүүн хамба нарын хамт Гэгээн Петрийн булшинд очиж залбирал үйлдсэн байна.
Итали хэлээр айлдсан сургаалынхаа үеэр XIV Лео дэлхийн 1.4 тэрбум католик шашинтны тэргүүний хувиар өнөөгийн сорилт бэрхшээлүүдтэй ухарч няцахгүй тэмцэж, ядуурлыг бууруулах, байгаль орчныг хамгаалахад чиглэсэн Пап Францисын үйл ажлыг үргэлжлүүлнэ гэдгээ илэрхийллээ.
Тэрбээр хэлэхдээ, кардиналууд “христ шашны баялаг өвийг хамгаалах чадвартай, өнөөгийн сорилтуудыг сөрөхийн тулд ирээдүй рүү итгэлтэй хардаг хүнийг сонголоо" гэжээ.
Сүсэгтэн олонд хандаж үг хэлэхдээ XIV Лео “эв нэгдэл”, “нэгдмэл” гэдэг үгнүүдийг долоон удаа, “эе зохис” гэдэг үгийг дөрвөн удаа хэлсэн байна.
Ёслолд Германы Канцлер Фридрих Мерц, Европын Комиссын дарга Урсула фон дер Ляйен, Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский, АНУ-ын дэд ерөнхийлөгч Жеймс Дэвид Вэнс, АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио, Италийн Ерөнхий сайд Жоржа Мелони зэрэг дэлхийн олон удирдагч оролцжээ.
Шинэ Пап лам XIV Лео ёслолын дараа Украины Ерөнхийлөгч Владимир Зеленскийтэй уулзжээ. Тэрбээр Католик шашны сүм хийдүүдийн тэргүүнд бараалхсан гадаадын анхны удирдагч болсон байна. В.Зеленский мөн өдөр Ромд АНУ-ын дэд ерөнхийлөгч Жеймс Дэвид Вэнс, АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио нартай уулзлаа.
Д.Жаргал
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Сэтгэгдэл3
Украны кардинал нь хаа явна ? Православ учра ас.... уу ?
дордохын долоон зовлон дөрвөн бэрх эвсэл.
европ шүтдэггүй шд. захчин зеля хоцрогдсым бэ. африк латин ази.