
БЕРЛИН, 2025 оны тавдугаар сарын 11 /DW/. ЗХУ-ын "Космос-482" гараг хоорондын автомат станц дэлхийн тойрог замаас гарч, Индонезын эргийн ойролцоо Энэтхэгийн далайд унасан тухай “Роскосмос” корпорац мэдээлжээ.
Нэг метр голчтой, 500 гаруй кг жинтэй уг станцыг Сугар гаргийг судлахаар 1972 оны гуравдугаар сард хөөргөжээ.
Гэвч техникийн доголдол гарсны улмаас дэлхийн тойрог замаас гарч чадаагүй ба дэлхийн татах хүчний нөлөөгөөр дэлхий рүү аажмаар ойртож эхэлжээ. Энэ үйл явц 53 жил үргэлжилсэн байна.
Зөвлөлтийн аппарат далайд унахаасаа өмнө Германы дээгүүр нисэж өнгөрчээ
Европын сансар судлалын агентлаг (ESA) "Космос-482" дэлхий дээр унах магадлалтай замуудын зураглалыг гаргахад тэдгээрийг зарим нь Германы нутгаар дайрч байжээ. Энэ нь тус улсын хэвлэлүүдэд шуугиан дэгдээсэн байна.
Тухайлбал, "Süddeutsche Zeitung" сонин “Анхаар! Дээрээс Зөвлөлтийн зонд унаж байна” хэмээн нийтлэлээ гарчигласан бол "Münchner Merkur" болон "Frankfurter Rundschau" сонинууд “Германы зарим нутаг аюулын бүсэд байна” хэмээн сэрэмжлүүлж байв.
“Космос-482” зонд унах магадлалтай Германы хамгийн хойд цэг нь Магдебург хот гэж "t-online" цахим хуудсанд бичжээ. Бундесверийн (Германы зэвсэгт хүчин) төлөөлөгч хэвлэлд мэдээлэл өгөхдөө “уг төхөөрөмж Германы нутаг дэвсгэрт унахгүй гэж бид үзэж байгаа” хэмээн хэлсэн боловч унах магадлалтайг бүрэн үгүйсгээгүй байна. Харин Брауншвейгийн Техникийн Их сургуулийн эрдэмтэд иргэдэд хандан тайван байхыг уриалсан байна.
“Космос-482” сансрын аппарат бямба гарагт буюу өчигдөр далайд унахаасаа хэдхэн минутын өмнө Германы нутгийн дээгүүр нисэж өнгөрсөн гэж Dpa агентлаг мэдээлжээ.
Энэ үйл явдал Берлиний цагаар 06:30-аас 08:04 цагийн хооронд болсон байна. “Роскосмос”-ын мэдээлснээр, уг төхөөрөмж Москвагийн цагаар 09:24 (Берлиний цагаар 08:24) цагт агаар мандлын нягт давхаргад орсны дараа унасан байна.
Д.Жаргал
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Сэтгэгдэл0