sonin.mn

МОСКВА, 2025 оны тавдугаар сарын 11 /DW/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин дайныг зогсоох асуудлаар урьдчилан болзол нөхцөл тавихгүйгээр тавдугаар сарын 15-нд Истанбул хотод шууд хэлэлцээ хийх саналыг Украины талд тавьжээ. 

“Бид Украины талтай нухацтай хэлэлцээ хийхэд бэлэн байна. Хэлэлцээний гол зорилго бол зөрчилдөөн үүсэх болсон уг шалтгаануудыг арилгаж, түүхэн алсын хараатай урт хугацааны, бат бөх энх тайвныг тогтоох явдал юм. Эдгээр яриа хэлэлцээний явцад түр эвлэрэх шинэ тохиролцоонд хүрэх, түүгээр зогсохгүй гал зогсоох талаар бодитоор хэрэгжих тохиролцоонд хүрэхийг үгүйсгэхгүй" гэж В.Путин ням гарагт шилжих шөнө хэвлэлийнхэнд мэдэгдэл хийхдээ хэлсэн байна.  




Үүнтэй холбогдуулан тэрбээр тавдугаар 12-ны даваа гарагт Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдогантай утсаар ярихаар төлөвлөснөө мэдэгджээ. 




Харин В.Путин тавдугаар сарын 12-ноос эхлэн 30 хоногийн хугацаанд гал зогсоох тухай Украины эрх баригчдын саналд тайлбар хийсэнгүй. Үүний өмнө Кремлийн хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песков хэлэхдээ, Орос улс энэ саналыг "нарийн ширийн зүйлс"-ийг харгалзан үзсэний үндсэн дээр хэрэгжүүлэхэд бэлэн гэж мэдэгдсэн юм.




Axios: Гал зогсоохыг зөвшөөрсний дараа Украины тал Оростой хэлэлцээ хийхэд бэлэн байна


"Axios" цахим хуудсанд мэдээлснээр, хэрэв Владимир Путин 30 хоногийн хугацаанд гал зогсоох саналыг хүлээж авбал манай улс Оростой шууд яриа хэлэлцээ хийхийг зөвшөөрнө гэж Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский Дональд Трамптай утсаар ярихдаа мэдэгджээ. 

Д.Трамп Украины удирдагчийн үгэнд "сэтгэл хангалуун" байгаа бөгөөд одоо “Оросын талын хариуг хүлээж байна” гэж энэ талаар мэдээлэлтэй хоёр эх сурвалж сэтгүүлчдэд мэдээлсэн байна. 




Оросын зүгээс санал болгосон "түр эвлэрлийг" зөрчсөн хэмээн Украиныг буруутгав


В.Путин сэтгүүлчдэд мэдэгдэл хийх үеэрээ мөн Украины талыг энэ оны гурав, дөрөвдүгээр сард мөрдөгдөж байсан эрчим хүчний байгууламжуудад цохилт өгөхийг 30 хоногийн хугацаанд зогсоох тохиролцоог зөрчсөн гэж буруутгажээ. Тэрбээр мөн Украины зэвсэгт хүчин Улаан өндөгний баярын эвлэрлийг 5000 гаруй удаа зөрчсөн, тавдугаар сарын 8-10-ны хооронд гал зогсоох саналд Украины эрх баригчид "ямар ч хариу өгөөгүй", энэ үеэр хилээр нэвтрэхийг таван удаа оролдсон гэж мэдэгдсэн байна. Москвад тавдугаар сарын 9-нд болсон Ялалтын баярын ёслолд уригдан ирсэн гадаадын улсуудын төрийн тэргүүн нарыг Киев айлгахыг оролдсон гэж тэрбээр нэмж дурдсан байна.

Өмнө нь Украины тал мэдэгдэхдээ, ОХУ-ын Зэвсэгт хүчинн дөрөвдүгээр сарын сүүлчээр 30 цагийн хугацаанд хэрэгжих Улаан өндөгний баярын эвлэрлийг зөрчсөн гэж буруутгаж байсан юм. Тухайн үед В.Зеленский алсын зайны дрон, холын тусгалтай пуужингаар иргэний дэд бүтцэд цохилт өгөхийг 30 хоногийн хугацаагаар зогсоохыг санал болгож байв.


Д.Жаргал


Эх сурвалж: "Монцамэ" агентлаг