сонин mn
ЛОНДОН. /TASS/. Английн хөл бөмбөгийн "Манчестер Юнайтед" клуб португал довтлогч Криштиану Роналдутай гэрээгээ цуцалсныг тус клубийн хэвлэлийн алба мэдээлжээ. 
Катарт ДАШТ эхлэхийн өмнө Роналду Британийн “The Sun” сонинд ярилцлага өгөхдөө багийн одоогийн нидерланд дасгалжуулагч Эрик тен Хагийг хүндэтгэдэггүй гэж мэдэгджээ. Португал довтлогчтой байгуулсан гэрээг харилцан тохиролцсоны үндсэн дээр цуцалсан гэж клубийн хэвлэлийн алба мэдээлсэн байна. 
 
 
 
"Криштиану Роналду харилцан тохиролцсоны үндсэн дээр “Манчестер Юнайтед”-ыг орхино. “Олд Траффорд”-д хоёр улирал тоглохдоо 346 тоглолтод 145 гоол оруулж асар их хувь нэмэр оруулсанд нь клуб талархал илэрхийлж, түүнд болон түүний гэр бүлд хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөж байна. “Манчестер Юнайтед” Эрик тен Хагийн удирдлага дор ажиллахад урьдын адил анхаарлаа төвлөрүүлсээр байна" гэж клубийн мэдэгдэлд дурджээ.
 
 
 
Өдгөө 37 настай Роналду “Алтан бөмбөг” шагналыг таван удаа хүртсэн бөгөөд Аваргуудын лигийн таван удаагийн аварга, Европын аварга, Үндэстнүүдийн лигийн аварга юм. 
Тэрбээр үндэсний шигшээ баг, Европын аварга шалгаруулах тэмцээн, Аваргуудын лиг, Клубүүдийн дэлхийн аварга, “Реал Мадрид”-ын түүхэн дэх шилдэг мэргэн бууч болсон билээ. Роналду 2021 оны зун “Манчестер Юнайтед” багт ирсэн бөгөөд өмнө нь 2003-2009 оны хооронд тус багт тоглож байсан. Мөн карьерынхаа явцад Португалын “Спортинг”, Испанийн “Реал”, Италийн “Ювентус” багуудад хүчин зүтгэж байв.
 
Д.Жаргал
 
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг