сонин mn
“Бээжин-2022” өвлийн олимп эхлэх мөч ойртсонтой холбогдуулан цагаан олимпын түүхийг цувралаар хүргэж байна.
 
Олимп зохион байгуулах эрх авчихаад түүнээсээ татгалзсан ховор тохиолдол 1976 оны цагаан олимпын үеэр тохилджээ. Анх олимпын эрхийн сунгаанд Америкийн Денвер Швейцарын Сьоныг 39:30-аар ялж, өвлийн XII олимпын нийслэлээр тодорсон юм. Гэвч зохион байгуулах зардал анх төлөвлөснөөс гурав дахин нэмэгдсэн нь Денвер хотын оршин суугчдын дургүйцлийг төрүүлжээ. Ийнхүү оршин суугчдын шаардлагын дагуу (нийт хүн амын 62 хувь нь эсэргүүцсэн) Денвер хот 1972 оны арваннэгдүгээр сарын 15-нд олимп зохион байгуулж чадахгүй гэдгээ мэдэгдлээ. 
Хариуд нь Солт Лейк хот олимпыг хүлээж авах боломжтойгоо илэрхийлэв. Гэвч ОУОХ-ны сонголт Австрийн Инсбрук дээр тогтсон юм. 12 жилийн өмнөх олимпыг хүлээн авсан Инсбрук ийнхүү цагаан олимпын нийслэлээр хоёр дахь удаагаа тодорлоо. Австричуудын найдвартай зан, 1964 оны олимпыг амжилттай зохион байгуулсан зэрэг нь энэ сонголтод нөлөөлсөн гэдэг.
Инсбрукийн олимпод 37 орон тамирчдаа илгээсэн нь “Гренобль-1968”-ын дээд амжилтыг давтжээ. Андорра, Сан-Марино улс цагаан олимпын их гэр бүлд анх удаа багтав. Нийт 1123 тамирчин (үүнээс 231 нь эмэгтэй) зургаан спортын 37 төрөлд 12 хоногийн турш өрсөлдсөн байна. Олимпын хөтөлбөрт уран гулгалтын бүжгийн хос анх удаа багтав. Өмнөх олимпод япончууд анх удаа бэлгэ тэмдэгтэй болох санаачилга гаргасан. Австричууд үүнийг нь үргэлжлүүлж, “Schneemann” нэртэй хөгжилтэй цасан хүнийг бэлгэ тэмдгээрээ сонгосон байна.
1972 оны Мюнхений зуны олимпын халдлагаас хойш харуул хамгаалалтыг эрс чангаруулж, тамирчдын аюулгүй байдалд дээд зэргээр анхаарав. Аз болоход олимпын үеэр ямар нэг гэмт халдлага гараагүй юм.
Өмнөх олимпод Германы хоккейчноос анх удаа сэргээш илэрч, шуугиан дэгдээсэн. Тэгвэл “Инсбрук-1976” ч сэргээшээс ангид байж чадсангүй. Энэ удаа Зөвлөлтийн багийн цаначин Галина Кулаковагийн шинжилгээнээс эфедрин илэрчээ. 
“Саппоро-1972”-оос гурван алтан медаль авч, тухайн цаг үеийнхээ шилдэг цаначин гэгдэж байсан Галина тэр жил 4х5 км-ийн буухиад түрүүлж, 5 км-ийн ганцаарчилсан уралдаанаас хүрэл медаль хүртээд байв. Гэвч сэргээшний асуудлаас болоод эдгээр амжилтыг нь хүчингүй болгосон юм. Тэрбээр ханиад хүрч, эм ууснаас болж сэргээшийн шинжилгээнд бүдэрсэн хэмээн тайлбарладаг.
 
 
Нэг тамирчин нь амжилтаа хүчингүй болгуулсан ч ЗХУ багийн дүнгээр итгэл төгс тэргүүлэв. Тэд Инсбрукт бүх спортын төрөлд 79 тамирчинтай очиж, 13 алт, зургаан мөнгө, найман хүрэл медаль хүртжээ. Нэг олимпоос 13 алт авсан амжилтыг нь 2010 онд л канадчууд эвдсэн билээ. Зөвлөлтийн биатлон, цана, хоккей, тэшүүр, уран гулгалтын тамирчид багийнхаа амжилтын гол үндэс болсон.
Домогт И.Роднина уран гулгалтын хосын төрөлд олимпын хоёр дахь алтаа зүүсэн бол анх удаа орсон бүжгийн хосын төрөлд Зөвлөлтийн тамирчид алт, мөнгөн медалийг нь авчээ. Эрэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд өрсөлдсөн Америкийн Терри Кубик тухайн үед тун аюултайд тооцогдож байсан үзүүлбэр болох араараа сальто эргэлт хийж, олны нүдийг хужирлан ярих сэдэвтэй болгов. Гэвч тэрбээр медаль хүртэж чадалгүй долдугаар байр эзэлсэн юм. 
Энэ төрөлд Их Британийн Жон Керри арын тамирчнаасаа таван оноогоор тасран итгэл төгс тэргүүлсэн. Тэрбээр балетын хөдөлгөөн зонхилсон уран гулгалтад орчин үеийн бүжгийн хөдөлгөөнийг анхлан оруулсан гэдгээрээ түүхэнд үлдсэн юм. Харамсалтай нь тэрбээр 1994 онд 44 настайдаа ДОХ-ын халдвараар нас барьжээ.
Харин эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд түрүүлсэн Америкийн Дороти Хэмилл олны анхаарлыг ихэд татаж байлаа. Түүний үзүүлбэрээс илүү, тухайн үед төдий л дэлгэрээгүй халимаг үс нь гулгагч бүсгүйг алдаршуулсан байна. Тэрбээр олимпын дараахан болсон ДАШТ-д мөн түрүүлж байлаа.
“Инсбрук-1976”-гийн гол од нь ХБНГУ-ын уулын цаначин Росси Митермайер байв. Тэрбээр эмэгтэйчүүдийн даунхил болон слаломын төрөлд түрүүлж, жиант слаломд мөнгөн медаль дээр буусан. Уг нь гурав дахь алтаа авах боломжтой байсан ч Канадын К.Крейнерт 0.13 секундээр ялагдсан юм. 
Түүнчлэн Зөвлөлтийн тэшүүрч Татьяна Аверина дөрвөн медаль эх орондоо авчирлаа. Тэрбээр 1000, 3000 метрт аваргалж, 500, 1500 метрээс хүрэл медаль авсан юм. Мөн Америкийн тэшүүрч бүсгүй Шейла Янг 500 м-т түрүүлж, 1500 метрээс мөнгө, 1000 метрт хүрэл авснаар өвлийн олимпоос гурван медаль хүртсэн анхны америк тамирчин болжээ. Тэрбээр хожим тэшүүрээ орхисны дараа дугуйн спортоор муугүй амжилттай хичээллэж байв.
 
 
Дөрвөн жилийн өмнө Зөвлөлтийн биатлончид нэлээн адал явдалтайгаар буухиа тэмцээнд түрүүлсэн. Тухайн үед багийн гишүүн А.Тихонов цанаа хугалж, хугацаа алдаж байлаа. Тэгвэл энэ удаа Иван Бьяковын гутал ханзарч орхив. Үүнээс болж тэрбээр минут орчим ганц цана дээр гулгажээ. Удалгүй оросууд Францын нэг тамирчнаас цана, гутал гуйн олж өгсөн нь Иваныхаас хоёр размер том байсан гэдэг. Зөвлөлтийн баг энэ мэт адал явдалтай тулгарсан ч мэргэн буудлагынхаа ачаар (багийн дөрвөн гишүүн нэг ч сум алдаагүй) тэргүүн байрт заларчээ. Тэд Финландын багаас бараг дөрвөн минутын өмнө барианд орсон байна.
Хоккейн тэмцээнд ЗХУ-ын баг дөрвөн олимп дараалан аваргаллаа. Канадын хоккейн холбоо Олон улсын хоккейн холбоотой ойлголцолд хүрээгүй байсан тул өмнөх олимпын адил тамирчдаа илгээсэнгүй. Мөн Канадын нэгэн адил Шведийн хоккейчид олимпыг бойкотлосон тул Зөвлөлтийн шигшээ гар амар алтан медаль зүүсэн юм. В.Третьяк, В.Харламов, Б.Михайлов нарын домогт тоглогчидтой зөвлөлтүүд тав дараалж ялахдаа айлын хаалганд 40 шайб оруулж (дунджаар 8), 11-ийг алджээ. Чехословакийн эсрэг хийсэн шийдвэрлэх тулаанд тэд 0:2, 2:3 зэргээр хожигдож явсан ч эцэст нь 4:3-аар ялж чадсан юм. 
 
 
Сонирхуулахад Чехословакийн баг Польшийг 7:1-ээр бут ниргэсэн ч багийн нэг гишүүн сэргээшийн шалгалтад бүдэрсэн тул 0:1-ээр ялагдсан гэж тооцжээ. Тэгсэн хэрнээ Польшид ялалтын оноо өгөөгүй юм. Чехословак ийн нэг ялалтаа алдсан ч мөнгөн медаль дээр буусан. Түүнчлэн Канад, Швед гэсэн хүчтэй багуудын эзгүйд Баруун Германы хоккейчид хүрэл медалийн эзэн болллоо. Тэд шийдвэрлэх тулаанд Америкийг 4:1-ээр илүүрхэн хожжээ.
Бяцхан Лихтенштейн улс уулын цанын төрлөөр цагаан олимпын анхны медалиа өөрийн болгосон бол нийт 16 орон ямар нэг медаль хүртсэн нь өвлийн олимпын хувьд дээд амжилт байлаа.
Монголчууд “Инсбрук-1964”-өөс эхлэн өвлийн олимпод тасралтгүй оролцож ирсэн буухиа энэ удаа тасарлаа. Уг нь тамирчид бэлтгэл сургуулилтаа базаан олимпдоо явахаар бэлтгэж байв. Гэвч нэгэнт амжилт гаргахгүй олимпод тамирчдаа явуулж, үр дүнгүй зардал гаргаж байна гэсэн шалтгаанаар Инсбрукийг зорихоос хоёрхон хоногийн өмнө олимп өнжих шийдвэрийг Намын төв хорооноос гаргасан гэдэг.   
 
МЕДАЛЬ АВСАН ОРНУУД
 
Улс                    Алт   Мөнгө   Хүрэл     Нийт
1.ЗХУ                 13        6           8            27
2.БНАГУ             7         5           7            19
3.АНУ                 3         3           4            10
4.Норвеги          3         3          1              7
5.ХБНГУ              2         5          3             10
6.Финланд         2          4          1             7
7.Австри            2         2           2             6
8.Швейцар        1         3           1             5
9.Нидерланд     1         2           3             6
10.Итали            1         2           1            4
11.Канад            1         1           1            3
12.Их Британи   1         -           -            1
13.Чехословак    -        1           -            1
14-15.Швед        -         -           2            2
14-15.Лихтенштейн -    -          2            2
16.Франц           -          -           1           1
Нийт                 37        37        37          111