sonin.mn
СӨҮЛ. /Yonhap/. БНАСАУ 2022 онд Катарт болох хөл бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний /ДАШТ/ БНСУ-д зохион байгуулагдах урьдчилсан шатны тоглолтод оролцохгүй гэдгээ мэдэгдсэнийг Солонгосын хөл бөмбөгийн холбоо даваа гарагт уламжилжээ.
Тодруулбал, БНАСАУ-ын хөл бөмбөгийн холбоо БНСУ-д ирэх зургаадугаар сард болох ДАШТ-ий урьдчилсан шатны тоглолтод оролцохгүй байхыг эрмэлзэж буйгаа илэрхийлсэн албан бичгийг Азийн хөл бөмбөгийн холбоонд өнгөрсөн баасан гарагт хүргүүлсэн байна.
 
БНАСАУ-ын хөл бөмбөгийн холбоо БНСУ руу зорчихгүй байх шийдвэрийг гаргах болсон шалтгаандаа коронавирусний халдвараас эмээж буйгаа дурджээ.
Азийн хөл бөмбөгийн холбоо “H” хэсгийн үлдсэн тоглолтуудыг БНСУ-д зохион байгуулахаар болсныг өнгөрсөн дөрөвдүгээр сарын 12-нд мэдэгджээ. Энэхүү мэдэгдлийг гарснаас хойш БНАСАУ хэсгийнхээ хоёр дахь тоглолтод оролцох нь олны анхаарлыг ихэд татаж байжээ.
 
оёр Солонгос 2019 оны 10 дугаар сарын 15-нд “H” хэсгийн эхний тоглолтоо Пёньян хот дахь Ким Ир Сений нэрэмжит цэнгэлдэх хүрээлэнд танхимын үзэгчгүйгээр явуулж, тоглолт 0-0 онооны харьцаатайгаар өндөрлөсөн юм.
БНСУ-ын шигшээ баг зургаадугаар сарын 3-нд Туркменистан, 7-нд БНАСАУ, 11-нд Шри-Ланка, 15-нд Ливаны багийн эсрэг тоглоно.
“Азийн хөл бөмбөгийн холбоо БНАСАУ-аас шийдвэрээ эргэн харахыг хүсэх төлөвтэй байна” гэж Солонгосын хөл бөмбөгийн холбооны төлөөлөгч мэдээлжээ. 
 
 
Э.Хулан
Эх сурвалж: Монцамэ агентлаг