sonin.mn
Долоо хоног бүрийн даваа гаргийн дугаартаа олимпын эрх авсан тамирчныг онцлон хүргэж байгаа билээ. Өнгөрсөн долоо хоногт долоо дахь олимпдоо өрсөлдөх Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин О.Гүндэгмааг онцолсон бол энэ удаа буудлагын олон улсын хэмжээний мастер Э.Даваахүүг танилцуулъя.
Түүний хувьд олимпод өрсөлдөх Монголын хоёр дахь эрэгтэй мэргэн бууч юм. Үүнээс өмнө гавьяат дасгалжуулагч Л.Ундралбат 1988 оны Сөүлийн олимпод эрхээ аван оролцож байсан билээ. ОУХМ Э.Даваахүүгийн амжилтын хуудсыг сөхвөл, Дэлхийн аваргын хос хүрэл медаль хүртэж байснаас гадна 2015 онд оюутны зуны “Универсиад” XXVIII наадмаас хувийн төрөлд алт, багаараа мөнгө, хүрэл медаль хүртэж байлаа. Мөн дэлхийн цомоос алт, мөнгө, хүрэл медаль хүртсэн бөгөөд улсын дээд амжилтыг эзэмшдэг тамирчин юм. Тэрбээр 2009 онд Хонконгт болсон Зүүн Азийн тоглолтод Монголын дээд амжилтыг шинэчлэн тогтоож Олон улсын хэмжээний мастер цолтой болжээ. Буудлагын спортоор 13 дахь жилдээ хичээллэж буй тэрбээр 2009 оноос хойш УАШТ-д хоёроос цөөнгүй дасгалд онч сорихдоо гурван удаа мөнгө, бусдад нь алтан медаль хүртсэн байна. Зургаан жилийн өмнө буюу 2015 онд Монголын оюутан тамирчид Солонгосын Гванжу хотод болсон оюутны универсиад наадмаас таван медаль авсны гурав нь Э.Даваахүүд хамааралтай. Түүний ах Э.Бадамгарав мөн л буудлагын спортын гар бууны төрөлд өрсөлддөг бөгөөд 2015 оны наадмаас ахтайгаа мөнгө, хүрэл медалийн эзэн болж байжээ. Багадаа бокс, байт харвааг илүүтэй сонирхдог байсан түүнд Бээжингийн олимп ихээр нөлөөлсөн байна. Зурагтаар олимп үзэж суусан хүү Ц.Мөнхзулын финалд буудахыг, О.Гүндэгмаагийн мөнгөн медаль хүртэхийг хараад өөрийн эрхгүй омогшиж, буудлагаар хичээллэх сонирхол нь илүү давамгайлав. Ингээд олимп дууссанаас хойш хоёр сарын дараа гавьяат дасгалжуулагч Ц.Өлзийбаярын шавь болж, буудлагад хөл тавьсан байна.
 
1. Э.Даваахүү бэлтгэл хийж эхэлснээсээ хойш 10 хоногийн дараа анхны тэмцээндээ оролцохдоо хүрэл медаль хүртэн 13 мянган төгрөгөөр шагнуулж байжээ.
2. Түүний эхнэр нь олон улсын хэмжээний мастер, манай шилдэг буучдын нэг Г.Хэрлэнцэцэг юм. Тэд гурван хүүхэдтэй.
3. 2016 онд Дархан-Уул аймагт болсон УАШТ-ий үеэр Э.Даваахүү 585 оноо авснаар улсын дээд амжилтыг шинэчилсэн. Уг амжилтыг хэн ч эвдээгүй байна.
4. Тэр байт харвааны спортод үнэн сэтгэлээсээ дуртай бөгөөд олимпын дараа эл спортоор давхар хичээллэх зорилготой байгаагаа ам алдсан удаатай.
5. Түүний хувьд олимпод спорт гар бууны 25, хийн гар бууны 10 метрийн дасгалаас гадна холимог багийн төрөлд өрсөлдөнө.
 
 
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин