sonin.mn

 

ДЭМБ-ын мэдээгээр «дэл­хий дээр 50-80 сая гэр бүл үргүйдэлтэй байна» гэсэн судалгаа байдаг бол харин Монголд «12-13 орчим хувьтай байна» гэсэн статистик мэдээлэл бий.
 
Үргүйдлийн оношлогоо, эмчилгээнд дурангийн хагалгаа ямар ач холбогдолтой болох талаар «Баянгол» эмнэлгийн эмэгтэйчүүдийн мэс заслын эмч, АУ-ы доктор, клиникийн профессор Р.Хадбаатартай ярилцлаа.
 
-Танай эмнэлгийг хэвлий болон аарцагны хөндийн хавсарсан дурангийн иж бүрэн аппаратаар хагалгаа хийж байгаа гэж сонссон?
 
-Манай «Баянгол» эмнэлэг ХБНГУ-ын ‘’Karl Storz’’ фирмийн хэвлий болон аарцагны хөндийн дурангийн хагалгааны иж бүрдэл аппаратыг эмчилгээ үйлчилгээндээ хэрэглэж, умайн гуурсан хоолойг сэтгүүрдэх, тэлэх, үрийн хоолойн захын битүүрлийг нээх зэрэг хагалгаа хийж байна. Тухайлбал хамгийн сүүлд 4 см дээш хэмжээтэй эдийг /хавдар, умай, өндгөвч/ хэвлийн хөндийгөөс 0,5-1 см диаметр бүхий нүхээр гаргах боломжтой. Морцеллятор мэс зэслын багажийг нэвтрүүлсэн. Ингэснээр эдийн гэмтэл бага учраас эдгэрэлт хурдан явагдах, хагалгааны дараа хэвлий, умайд наалдац үүсэх хувь маш бага, өвчтөн эмнэлэгт хэвтэх ор хоног багасах, хэвлий дээр ердөө л 0,5-1 см-ийн диаметртэй нүхээр хагалгаа хийх багажаа оруулдаг учраас маш өндөр ач холбогдолтой багаж юм.
 
-Үргүйдлийг дурангийн хагал­гаагаар эмчлэх боломжтой гэж та түрүүн хэлсэн. Энэ талаараа тодруулахгүй юу?
 
-Үргүйдэл дотроос наалдцын гаралтай, дааврын гаралтай гэж хоёр янзын үргүйдэл илүүтэй тохиолдож байна. Юуны түрүүнд үргүйдлийг наалдцын гаралтай юу, эсвэл дааврын гаралтай байна уу гэдгийг оношлох шаардлагатай. Хэрвээ хоёр талын үрийн суваг наалдцын улмаас битүүрсэн байвал заавал мэс заслын аргаар нээх шаардлагатай. Хамгийн үр дүнтэй бөгөөд гэмтэл багатай хагалгаа бол ерөөсөө л дурангийн хагалгаа байдаг. Өдгөө энэ нь дэлхий нийтийн стандарт болчихоод байна. Зарим эмэгтэйчүүд үргүйдлийн¬хээ шалтгааныг тодруулахгүйгээр эмийн эмчилгээг удаан хугацаагаар хийлгэдэг.
 
Хэрвээ эмийн эмчилгээг 6 буюу түүнээс дээш сар хийлгээд үр дүн өгөхгүй байгаа бол дурангийн хагалгаанд орж оношоо бүрэн тогтоолгох шаардлагатай л даа. Түүнчлэн дааврын гаралтай болон наалдцын гаралтай үргүйдэл хав­сарсан байдлаар тохиолдож ч болно. Манай эмнэлгийн хувьд эхлээд наалдцын гаралтай үргүйдлийг эмчлээд, дараа нь дааврын гаралтай үргүйдлийн эмчилгээнд ордог. Тэгэхээр хамгийн түрүүнд умайн тодотгогч бодистой рентген зургийг авч үзээд хэрвээ бөглөрсөн бол дурангийн хагалгаанд оруулна. Хэрэв хоёр талын үрийн суваг хэвийн байвал эмийн эмчилгээ хийх болон лабораторийн аргаар үр шилжүүлэн суулгах аргаар эмчилж байна.
 
-Хэрэв үрийн суваг нь битүүрснээс үүдсэн үргүйдэл байвал хагалгаанд орсон тохиолдолд зуун хувь эмчлэгдэх боломжтой юу?
 
-Яг ч тийм биш ээ. Үр дүн нь наалдцын хэлбэрээсээ шалтгаалдаг. Наалдац нь I-IY зэрэг хүртэл байна. Дэлхийн хэмжээнд I-II зэргийн наалдцын хувьд хагалгааны үр дүн нь 55-80 хувьтай, III-IY зэргийн наалдцын хагалгааны үр дүн нь ердөө 8-15 хувь л байна. Манай эмнэлэг дээр хийгдэж байгаа судалгаагаар ч үүнтэй ойролцоо үр дүн гарч байна.
 
-Наалдцын, дааврын гэсэн хоёр төрлийн үргүйдэл байдаг гэсэн. Манайд аль нь түлхүү тохиолдож байна?
 
-Үргүйдлийн хоёр, гурван янзын хэлбэр байна. Хамгийн их давамгайлж байгаа нь үрийн хоолой, хэвлийн хавсарсан наалдцын эмгэг. Архаг явцтай үрэвсэлт өвчин, бэлгийн замын халдварт өвчин үүний үндсэн шалтгаан болж байна. Хоёрдугаарт, умайн хөндийд хийгдэж байгаа мэс ажилбарууд, үүн дотроо үр хөндөлт, цус алдалт голлох байр суурь эзэлж байна. Гуравдугаарт, хэвлийд хийгдсэн төрөл бүрийн хагалгаа. Түүн дотроо ялангуяа хүндэрсэн олгой, хэвлийн гялтангийн үрэвсэл зэргээс болж үргүйдэлд хүрч байна.
 
Үргүйдэл нь дааврын гаралтай ч байж болно. Өндгөвчний үйл ажиллагааны гажуудал, өндгөвчний дутмагшил зэрэг нь үр шилжүүлэн суулгах бас нэг заалт болоод байгаа. Түүнээс гадна дархлааны гаралтай үргүйдэл гэж бий. Тэр нь 0,5-1 хувьтай гэж үздэг. Хэрэв наалдцын гаралтай үргүйдлээс болж үр дамжуулах хоолой нь битүүрсэн, дурангийн хагалгаанд ороод нээж чадаагүй, нээсэн ч гэсэн нэг жилийн турш жирэмслэхгүй байгаа, 2 болон түүнээс дээш жилээр эмийн эмчилгээнд хамрагдаад үр дүнд хүрээгүй бол үр шилжүүлэн суулгуулж болно.
 
-Хэвлийн хөндийд давхар хагалгаа хийх боломжтой гэсэн. Энэ талаар тодруулахгүй юу?
 
-Бид энэ аппаратаа түшиглээд хэвлийн хөндийд цөсний дурангийн хагалгаа хийж байгаа. Мөн хэвлийн хөндий рүү түрж ургасан хоёр талын өндгөвчний уйланхай гэх мэт эмгэгүүдийг дурангаар авч байна.
 
-Дурангийн хагалгаа хийлгээд үр хүүхэдтэй болсон талаар?
 
-Манай эмнэлэгт наалдцын гаралтай үргүйдлийг оношлуулж, дурангийн хагалгаа хийлгэсэн хосуудын 80 хувь нь хүүхэдтэй болсон байгаа.
С.Энх-Амар