Монгол Улсын Сангийн сайд Б.Жавхлан 2021 оноос хойш уг албан тушаалаа хашиж, төрийн санхүү, төсвийн бодлогыг хариуцан ажилласан. Энэ хугацаанд эдийн засгийн нөхцөл байдал амаргүй байсныг хэн ч үгүйсгэхгүй. Гэвч хүнд үеийг зөв удирдах чадамж, ухаалаг шийдвэрийн дутагдал улс орны эдийн засгийг улам дордуулсан гэх шүүмжлэл үнэний ортой.
Инфляц, ам.долларын ханш, өрийн өсөлт — хямралын гурвал
Б.Жавхлангийн бүрэн эрхийн хугацаанд:
Инфляц 16–18 хувьд хүрч, хүнсний болон өргөн хэрэглээний үнэ өдөр өдрөөр нэмэгдэв.
Төгрөгийн ханш суларч, 2020 онд 2,800 орчим байсан ам.долларын ханш 2024 оны дунд гэхэд 3,500 төгрөгт дөхсөн.
Төсвийн алдагдал жилээс жилд нэмэгдэж, гадаад өр шинэ түвшинд хүрлээ. 2024 оны байдлаар Монгол Улсын нийт гадаад өр 36 тэрбум ам.долларт дөхөж байна.
Ийнхүү эдийн засгийн үндсэн үзүүлэлтүүд бүхэлдээ сулран, өрх бүрийн амьдралд дарамт үүсгэсээр ирлээ.
Хямралын үед зохистой бодлого үгүйлэгдсэн үү?
Ковидын дараах эдийн засгийн сэргэлтийн үед дэлхийн ихэнх орон санхүүгийн бодлогоо тэлж, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, дотоодын үйлдвэрлэлийг сэргээхэд чиглэсэн байхад, Монголд татвар нэмэх, зардал танах, мөнгөний хатуу бодлого баримтлах чиглэл давамгайлсан. Үүний улмаас аж ахуйн нэгжүүд хаалгаа барьж, иргэдийн хэрэглээ хумигдан, эдийн засаг бодитоор хасах өсөлттэй, зогсонги байдалд орсон.
Түүнчлэн түүний үед боловсруулсан “Шинэ сэргэлтийн бодлого” нэртэй хөтөлбөр хөрөнгө оруулагчдын итгэлийг бүрэн татаж чадалгүй, бодит дэмжлэг багатай хэрэгжсэн.
Алдааг хүлээн зөвшөөрөхгүй, хариуцлага хүлээдэггүй тогтолцоо
Б.Жавхлан улс орны сан хөмрөгийг удирдаж байхдаа гаргасан бодлогын алдаа, цаг үеэ буруу үнэлсэн шийдвэрүүдийг өнөөгийн эдийн засгийн нөхцөл байдал бүрэн харуулж байна. Гэсэн ч түүний зүгээс буруу шийдвэрийнхээ төлөө хариуцлагаа хүлээх тухай ганц ч мэдэгдэл, үг гаргаж байгаагүй. Уг нь парламентын хяналт, иргэний шахалт дор ийм хэмжээний албан тушаалтанд хариуцлага тооцох нь хэвийн үзэгдэл байх ёстой. Иймээс ч Сангийн Сайд Б.Жавхланд хариуцлага тооцох аль хэдийн болсон юм биш үү?
М.Чой
Сэтгэгдэл0