Өчигдөр дэлхий нийтийн цөлжилт, хуурайшилттай тэмцэх өдөр болж өнгөрлөө. Хүн төрөлхтний асар хурдацтай хөгжлийг дагаад, эх дэлхий тэр хэрээр сүйдэж, онгон дагшин тогтоц алдагдаж байдгийн нэг тод жишээ бол цөлжилт юм.
Цөлжилт гэдгийг ган болох, хур тунадасны хэмжээ багасах зэрэг байгалийн хүчин зүйл, бэлчээрийн даац хэтрэлт, мод огтлолт, орчны бохирдол гэх мэт зохиомол хүчин зүйлийн улмаас хөрс доройтож, үржил шимээ алдахыг хэлнэ гэж тодорхойлсон байдаг. Өнөөгийн нөхцөл зохиомол байдлаар цөлжилтөд хүчин зүйл илүү нөлөөлдөг байна. Өөрөөр хэлбэл, цөлжилтийг хүн төрөлхтний оюун санааны «цөлжилт» хурдасгаж байгаа юм.
Ялангуяа Монголд цөлжилт тун богино хугацаанд хүрээгээ тэллээ. Өнөөгийн байдлаар газар нутгийн бараг 90 гаруй хувь нь цөлжилтөд өртсөнийг эрдэмтэд нотолжээ. Эко-систем судлаач, доктор Г.Баярсайхан «Манай орны цөлжилт Дархан-Уул аймгаас эхэлж байгааг тогтоосон. Тодруулбал, Монголд цөлжилт төвөөсөө эхэлсэн.
Монгол орны цаг агаар 2020 он гэхэд 4.88 градусаар дулаарах судалгаа гарч, бүр хэтийн төлвөөр буюу хагас зууны дараа манай орон Сахарын элсэн цөл шиг хуурайшиж, Африкийн халуун орны хэмжээнд хүрч халах нь тодорхой» гэжээ.
Говь, хээрийн бүс нутгийн хайлаас, бургас, харганы төрлийн зарим мод, сөөг зэрэг ургамлын тархалт хумигдаж, байгалийн сэргэн ургалт бараг явагдахгүй байгаагаас 90 гаруй төрөл зүйлийн ургамал устаж үгүй болсон «гунигт» мэдээ байна. Эрдэмтдийн судалгаагаар тодорхой бүс нутагт цөлжилтийн аюулын зэрэглэл нэмэгдэж, нийт нутаг дэвсгэрийн 72 хувь нь цөлжилтөд тодорхой зэрэглэлээр өртжээ. Цөлжилтийн нэн хүчтэй, хүчтэй зэрэглэл д Увс нуурын хотгор, Их нууруудын хотгор, Нууруудын хөндий, Дундговь, Дорноговийн гандуу хуурай, цөлөрхөг нутгууд ихэвчлэн хамрагдаж байна. Говь, хээрийн бүсийн 145 сумын төв суурин газар элсний нүүдэлд өртөөд байгаа аж.
Ахмадуудын яриагаар «Дээр үед таван жилдээ нэг удаа л ган, зуд болно. Харин зудын дараа зун нь үдэш тавьсан уурга өглөө олдохгүй болтол ногоо ургаж, намар болохоор хонь, хурганы сүүл өтөж зовоодог байв. Амбан ат хэт таргалснаас биеэ даахгүй болно.
Эмнэг хангал тэмээг уналгад сургахдаа хүртэл ой модноос хол аваачдаг. Учир нь эмнэг мал дийлдэхгүй ой модонд орвол эзэн нь модонд шорлуулан үлдэхээс болгоомжилдог байсан» гэдэг. Тэгвэл яагаад ийн өөрчлөгдөх болов. Энэ их өөрчлөлт нь хүний өөрийн бусармаг үйлдэлтэй холбоотойгоор бий болсон бөгөөд тодруулбал, цөлжилтийн зохиомол хүчин зүйлсээс үүдэлтэй юм.
НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцоос үзэхэд цөлжилтөд 13 хувьд нь байгалийн, 87 хувьд нь зохиомол хүчин зүйл нөлөөлж байна гэж үзжээ. Тухайлбал, зохиомол хүчин зүйлд бэлчээрийн даац хэтрэлт, орчны бохирдол зэргээс гадна уул, уурхайн ашиглалтаас болж цөлжих асуудал бий болоод байна.
Уул уурхайтай холбоотой цөлжилтөд юун түрүүнд усны асуудал яригдана. Баттай эх сурвалжаар уул уурхайд 0.25-0.5 км-ийн гүний ус ашиглана гэсэн байдаг. Энэ нь байгаль экологид шууд сөргөөр нөлөөлнө.
Ийнхүү эх орны судас болсон 2000 гаруй гол горхи ширгэж, хүн, мал цөөн хэдэн гол, мөрөн, баянбүрдээ тойрон шавааралдаж, тэр орчмын газраа удаан хугацаанд доройтуулж цөлжүүлэх үндсийг тавьж эхлээд байна.
Бидний мэдэх говийн олон зуун мянган хүний амьдралыг тэтгэж ирсэн Улаан нуур ширгэн алга болжээ. Одоо гагцхүү хэзээ гүйцэд бүрхэх нь тодорхойгүй улаан элсний исгэрэн шуугих халуун давалгаа л дуулдаж байна. Дэлхийн хэмжээнд цөлжилт, хуурай, гандуу бүс нутаг эх газрын нийт нутгийн 41хувийг эзэлж, эдийн засгийн хор хохирол жилд 42 тэрбум ам.долларт хүрэх болсон. Харин энэ бүхний шалтгаан, хэргийн эзэн нь бид өөрсдөө. Өөрөөр хэлбэл, хүн төрөлхтний хөгжлийн буруу зүй тогтол, оюун санааны цөлжилт »-өөс болж хөрсний эвдрэл, цөлжилт газар авсаар байна.
Эрдэмтэн судлаачдын хамгийн сүүлийн үеийн судалгаагаар манай орны нийт газар нутгийн 71.2 хувь нь цөлжилтөд ямар нэгэн зэрэглэлээр өртсөн байна. Сүүлийн үед Дундговь, Дорноговь, Ховд, Увс, Баян-Өлгий, Баянхонгор, Говь-Алтай, Өвөрхангай аймаг цөлжилтийн голомт болох эрсдэлтэй болжээ.
Шороон шуурга, хүчтэй салхитай өдрийн тоо 1960 онтой харьцуулахад 4-5 дахин нэмэгдэж, элсний нүүдэл тэлж, эх хөрс элэгдсэн. Цаг агаар хуурайшиж, ган их болдог болсон. Царцаа, үлийн цагаан оготно зэрэг бэлчээрийн хөнөөлт амьтад олширсон. Мал сүргийн бүтцийн зохистой харьцаа алдагдаж, бэлчээр талхлагдсан. Ой, хээрийн түймэр их гарч, ойн хөнөөлт шавж хэт олширсон.
Ой ашиглалтын хууль бус ажиллагааны улмаас нөөц хомсодсон. Газар тариаланг хоцрогдсон арга технологиор эрхэлснээс төвийн бүсийн хөрсний бүтэц эвдэрч, үржил шим нь алдагдсан. Мөн уул уурхайн салбарынхан нөхөн сэргээлт хийлгүй газраа орхидог болсон зэрэг нь Монгол орны цөлжилтөд нөлөөлсөн хүчин зүйлс ажээ.
Г.Батзаяа
Эх сурвалж: "Өглөөний сонин"
Сэтгэгдэл0