
ЙЕРУСАЛИМ, 2025 оны наймдугаар сарын 8 /DW/. Израилын Онц байдлын засгийн газар Газа хотыг эзлэх төлөвлөгөөг баталсан гэж Израилын Ерөнхий сайд Биньямин Нетаньяхугийн ажлын албанаас мэдэгджээ. Орон нутгийн цагаар баасан гаргийн үүрээр гаргасан уг шийдвэр нь 2023 оны 10 дугаар сарын 7-ны өдөр ХАМАС бүлэглэлийнхний үйлдсэн халдлагын хариуд Газын зурваст Израилын талын эхлүүлсэн довтолгоо дахин эрчимжиж байгааг харуулж байна. Израил улс байлдааны бүсийн гадна байгаа энгийн иргэдэд хүмүүнлэгийн тусламж үзүүлнэ гэж Ерөнхий сайдын ажлын албаны мэдэгдэлд дурджээ.
“The Times of Israel” сонинд бичсэнээр, Онц байдлын засгийн газрын гишүүдийн дийлэнх нь дайныг зогсоох таван нөхцөлийг дэмжсэн байна. Үүнд, нэгдүгээрт, ХАМАС-ын зэвсгийг хураах, хоёрдугаарт, барьцаанд байгаа 50 хүн, түүний дотор эсэн мэнд байгаа гэж үзэж буй 20 хүнийг бүгдийг нь шилжүүлэх авах, гуравдугаарт, Газын зурвасыг цэрэггүй болгох, дөрөвдүгээрт, Газын зурваст Израилын аюулгүй байдлын хяналтыг тогтоох, тавдугаарт, ХАМАС, Палестины эрх баригчдын оролцоогүй иргэний засгийн газар байгуулах гэсэн нөхцөлүүд багтсан байна.
Харин Газын зурвас дахь байлдааны ажиллагааг өргөжүүлэх тухай засгийн газрын төлөвлөгөөг эсэргүүцэж, барьцаанд байгаа хүмүүсийн ар гэрийнхэнд дэмжлэг үзүүлэх хүсэлтэй израилчууд пүрэв гарагт орон даяар жагсаал цуглаан өрнүүлжээ. Израилын Онц байдлын засгийн газар тус зурвасыг бүрэн эзлэх төлөвлөгөөг хэлэлцэх үеэр эсэргүүцлийн жагсаал болсон байна. Жагсагчдын хувьд уг шийдвэрийг ХАМАС бүлэглэлийнхний барьцаанд байгаа хүмүүсийг эрсдэлд оруулна гэж үзэж байгаа ажээ.
Э.Хулан
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Сэтгэгдэл0