sonin.mn

Туркойз Хилл Ресурс компани 2014 оны 1 дүгээр улирлын санхүүгийн болон үйл ажиллагааны тайлангаа танилцуулав. Оюу Толгой ХХК 2014 оны 1 дүгээр улиралд аюулгүй ажиллагааны талаар амжилт гарган ажиллалаа. Энэ хугацаанд хүний амь нас эрсэдсэн осол гараагүй бөгөөд ажилласан 200 мянган цагт ногдох гэмтэл тохиолдох давтамжийн хувь 0.34 байлаа.

2014 оны 1 дүгээр улиралд Оюу Толгой ХХК нийт 102,900 орчим тонн зэс-алтны баяжмал үйлдвэрлэв. Өөрөөр хэлбэл, 25,300 тонн баяжмал дахь зэс үйлдвэрлэжээ.

2014 оны 1 дүгээр улиралд Оюу Толгой 48,200 тонн зэс-алтны баяжмал борлуулж, борлуулалтын цэвэр орлого нь 108.0 сая ам.доллар байв.

Оюу Толгой ХХК-ийн борлуулалтын хэмжээ хурдацтай өсч байгаа бөгөөд 2014 оны 4 дүгээр сард 68,000 орчим тонн зэс-алтны баяжмал борлуулсан байна.  2014 оны 4 дүгээр сарын борлуулалт нь үйлдвэрлэлийн хэмжээнээс давсан учир нөөцөлсөн бүтээгдэхүүний хэмжээ буурсан байна.

2014 онд үйлдвэрлэхээр төлөвлөсөн нийт бүтээгдэхүүний 94 хувьд борлуулалтын гэрээ байгуулсан бөгөөд 2015 онд үйлдвэрлэхээр төлөвлөсөн нийт бүтээгдэхүүний 91 хувь нь урт хугацааны борлуулалтын гэрээтэй байгаагаас гадна үйлдвэрлэхээр төлөвлөж буй баяжмалын 84 хувь нь 8 жил хүртэлх борлуулалтын гэрээтэй байна (цаашид харилцан тохиролцож шинэчлэгдэх гэрээ).

Үйлдвэрийг ашиглалтад оруулснаас хойш гарсан зарим саад бэрхшээл, тухайлбал, хаягдлын өтгөрүүлэгч байгууламжийн самнуурын хутга эвдэрснээс үйлдвэрийн нэг шугам долоон долоо хоногоор түр зогссон юм.

Оюу Толгойн үйлдвэрлэл 2014 оны 2 дугаар улиралд дахин хэвийн хэмжээнд хүрсэн бөгөөд баяжуулах үйлдвэр одоо үндсэндээ бүрэн хүчин чадлаараа ажиллаж байна.

Үйлдвэрээ ашиглалтад оруулж, үйлдвэрлэлийн үйл ажиллагаа жигдэрч буй энэхүү шилжилтийн үед Оюу Толгой ХХК зардал болон бүтээмжид түлхүү анхааран ажиллаж байна. Ажлын гүйцэтгэлийг сайжруулах талаар хэд хэдэн чиглэлээр эрчимтэй ажиллаж байна.

Төслийн санхүүжилтийн баталгааг 2014 оны 9 дүгээр сарын 30 хүртэл сунгасан.

Хувь нийлүүлэгчдийн хооронд шийдвэл зохих асуудлыг амжилттай шийдвэрлэж, төслийн санхүүжилт зэрэг санхүүжилтийн цогц төлөвлөгөөний талаар тохиролцоонд хүрч, далд уурхайн техник, эдийн засгийн үндэслэлийг (ТЭЗҮ) боловсруулж дуусган батлуулж, уурхайг өргөжүүлэхэд шаардагдах бүхий л зөвшөөрлийг авсны дараа далд уурхайг барьж байгуулах ажлыг цаашид үргэлжлүүлэх боломжтой болно.

2014 оны 1 дүгээр сард Туркойз Хилл Ресурс компани 2.4 тэрбум ам.доллар бүхий нэмэлт хувьцаагаа амжилттай гаргаж, Рио Тинто компанид хугацаандаа төлөх ёстой байсан зээлийг бүрэн төлж дуусгалаа.

Эх сурвалж: "Монгол говь" сонин