sonin.mn
Цагдаагийн байгууллагаас Дорноговь аймгийн Сайншанд суманд эрэн хайж байсан 12 настай хүүхдийг амь хохирсон байдалтай байсныг олж тогтоосноор нийгэм маш их цочирдож, уй гашуу болоод байна. Хүүхэд хамгаалал бол зайлшгүй ярилцах, шийдэх ёстой асуудал мөн гэдэг нь эргэлзээгүй. Гэхдээ үүний цаана төрийн худалдан авалт, түүнийг дагасан авлигын хамгийн жигшүүрт бөгөөд томоохон жишээ болох "Ногоон Автобусны хэрэг" мартагдчих вий дээ гэсэн санаа зовнил сэтгүүлч надад байна.
 
Дүр эсгэлгүй, шулуухан үнэнийг ярья л даа.Монголд авилга байдаг уу? Байдаг аа, маш их байдаг. Авилгын дийлэнх  бидний сайн мэддэгээр тендер буюу төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, үйлчилгээ худалдан авах хэлбэрээр явагддаг уу? Тийм ээ, тэгж явагддаг аа.
Гэхдээ ард түмнийг нүдгүй, чихгүй, гаргүй, хөлгүй гэж доромжилсон мэт хэтэрхий аархуу, хэтэрхий эрдсэн, арай л дэндсэн хүний мөсгүй луйвар бол "ногоон автобусны цавчаа" байлаа.
 
Саяхан нэг хөгжлийн бэрхшээлтэй, ядарсан эмэгтэй телевизээр ярьж байв. Сард группны мөнгө гэж 500 хүрэхтэй үгүйтэй мянган төгрөг авдаг юм байна. Үүний 200 мянган төгрөгийг дотор нь  гэрээ барих айлын хашаа түрээслэхэд зарцуулж, үлдсэнийг нь үр хүүхдээ тэжээх амьжиргаандаа зарцуулдаг аж.
Ийм л ядарч зүдэрч буй иргэддээ зориулаад ядаж нэг удаа шинэ сайхан автобус аваад өгчихөлгүй "цавчаа" хийсэн этгээдүүдийг хүний мөсгүй гэхэд багадна. За, бүр больё. "Цавчаа хийлээ, хийлээ" гэж бодоход, 1993 онд үйлдвэрлэгдсэн төмрийн сэг биш шинэ сайхан автобус авч, Улаанбаатарчуудаа хангачихаад "цавч" л даа!
Өөрөөр хэлбэл "ногоон автобусны цавчаа" бол уучилж үл болох, мартаж үл болох явдал юм шүү.
Иймээс ч АТГ  "Тэнүүн-Огоо" ХХК-ийн захирал А.Ганхуяг, гүйцэтгэх захирал Ж.Эрдэнэбат нарыг үргэлжлүүлэн 30 хоног цагдан хорьсон. Мөн Нийслэлийн Нийтийн тээврийн газрын дарга С.Жавхланбаатар, Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын дарга Б.Түмэнжаргал, Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын Худалдан авах ажиллагааны хэлтсийн мэргэжилтэн Ш.Баярсүх нарыг шалгаж буй. Шалгалт ч дуулиантай үргэлжилж байна. Нийслэлийн Нийтийн тээврийн газрын дарга С.Жавхланбаатар өөрийгөө хутгалж ч байх шиг, Солонгосын "Zyle Daewoo" компаний Дэд Ерөнхийлөгч Тай Ва Ким нар нь гахайн мах шардаг газрын эзэд болж таарсан ч гэх шиг...
 
Гэхдээ хамгийн гол нэг асуудлыг бид мартаж болохгүй.
 
Хэдэн зуун тэрбумаар яригдах энэ тендерийг "Тэнүүн-Огоо" ХХК-ийн эзэд Нийслэлийн агентлагийн даргатай яриад л шийдчих бодит боломж үнэндээ үгүй юм.
Иймээс Монголд шударга ёс, эрхт зүйт тогтолцоо гэж байдаг л юм бол уг ажлыг хариуцаж байсан Нийслэлийн Засаг Дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар, Монгол Улсын сайд, Түгжрэлийг бууруулах үндэсний хорооны дарга асан, УИХ-ын гишүүн  Ж.Сүхбаатар нарт эрүүгийн хэрэг үүсгэн, шалгах ёстой. Харин Д.Сумъяабазар, Ж.Сүхбаатар нарыг огцруулсан нэрээр хайцаалж өнгөрвөл Нийслэлчүүд өөрсдөө МАН-д хариуцлага тооцох нь гарцаагүй .
 
Э.Мягмар