sonin.mn
НҮБ. /RT/. НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 78 дугаар чуулганы дээд түвшний долоо хоногийн уулзалт Нью-Йорк хотноо өнөөдөр эхэлж байна. Энэхүү арга хэмжээнд дэлхийн улс орнуудын төр, засгийн тэргүүн нар, Гадаад хэргийн сайд нар, олон улсын байгууллагын төлөөлөгчид оролцдог уламжлалтай. Дээд түвшний уулзалтын долоо хоног есдүгээр сарын 19-23, есдүгээр сарын 26-ны өдрүүдэд үргэлжилнэ.
 
Өндөр түвшний уулзалтын долоо хоногийг Ерөнхий Ассамблейн 78 дугаар чуулганыг даргалж буй Бүгд Найрамдах Тринидад ба Тобаго Улсын төлөөлөгч Деннис Фрэнсис, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерриш нар нээх ба улс төрийн ерөнхий санал шүүмжлэл эхэлнэ. Дараа нь тогтсон уламжлалын дагуу Бразилын Ерөнхийлөгч Луис Инасио Лула да Силва үг хэлнэ.
 
Үүний дараа АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден үг хэлэх бөгөөд тэрбээр НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн байнгын гишүүн таван орны удирдагчдаас Ерөнхий Ассамблейн чуулганд оролцож буй цорын ганц удирдагч юм. Их Британи, Хятад, Орос, Францын удирдагчид энэ удаад Нью-Йоркт ирэхээр төлөвлөөгүй байна. Энэ жилийн чуулганд Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский оролцож байгаа бөгөөд тэрбээр есдүгээр сарын 19-нд үг хэлнэ.  Улс төрийн ерөнхий санал шүүмжлэлийн эхний өдөр Иран, Казахстан, Киргизийн төрийн тэргүүн нар болохх Эбрахим Раиси, Касым-Жомарт Токаев, Садыр Жапаров нар үг хэлэх төлөвтэй байна. Өндөр түвшний долоо хоногийн уулзалтад Оросын төлөөлөгчдийг Гадаад хэргийн сайд Сергей Лавров тэргүүлж байгаа юм. Тэрбээр есдүгээр сарын 23-нд үг хэлнэ. ОХУ-ын ГХЯ-ны мэдээлснээр, С.Лавров Ерөнхий Ассамблейн чуулганы хүрээнд хоёр талын 20 орчим уулзалт хийхээр төлөвлөжээ.
 
 
Хятадын төлөөлөгчдийг тэргүүлж буй тус улсын дэд дарга Хань Жэн, Их Британийн шадар сайд Оливер Дауден, Европын гадаад хэрэг эрхэлсэн сайд, Францын Гадаад хэргийн сайд Катрин Колонна нар есдүгээр сарын 21-нд, Германы Канцлер Олаф Шольц есдүгээр сарын 22-нд үг хэлнэ. 
 
 
Дээд түвшний уулзалтын долоо хоногийн гол сэдэв нь Украины нөхцөл байдал байх болно. Энэ сэдвийг олон орны удирдагчид Ерөнхий Ассамблейн индрээс хэлэх үгэндээ хөндөх төлөвтэй байна. НҮБ-ын Аюулгүйн зөвлөл Украины асуудлаар есдүгээр сарын 20-нд хуралдана. Есдүгээр сард Аюулгүйн зөвлөлийг даргалж буй Албани улс уг хурлыг сайд болон түүнээс дээш түвшинд зохион байгуулахаар төлөвлөжээ. Гэхдээ Аюулгүйн зөвлөлийн хурлаас ямар ч тогтоол, мэдэгдэл гаргахгүй байна. Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский есдүгээр сарын 20-нд Нью-Йоркт ирсэн байх төлөвтэй байгаа ч уулзалтад оролцох эсэх нь хараахан тодорхой бус байна. Тэрбээр есдүгээр сарын 21-нд Ж.Байдентай хэлэлцээ хийхээр Вашингтоныг зорино.
 
 
Д.Жаргал
Эх сурвалж: "Монцамэ"  агентлаг