sonin.mn
Ажиглан өнгөрөөх аргагүй арга хэмжээний тухайд
 
Ардчилсан Монгол улсын иргэддээ Ардчилсан нам мэдэгдэх нь;
 
​Монгол улсад суугаа Оросын Холбооны Улсын ЭСЯ-ны шууд оролцоо, зохион байгуулалттайгаар “Эр зоригийн хичээл”нэртэй арга хэмжээ болсныг сүүлийн өдрүүдэд манай хэвлэлүүд мэдээллээ. 
Тусгаар тогтносон Монгол улсын гадаад ба дотоод бодлогын тулгуур зарчим, суурь үнэт зүйлд харшлах энэ мэт үйлдлийг ажиглан  өнгөрөөх ёсгүй гэж Монгол улсын хууль тогтоох байгууллагад сонгогчдын томоохон төлөөлөлтэй Ардчилсан нам мэдэгдэж байна.  
 
​Монгол улсад дайн, хүчирхийлэл сурталчлах нь хориотой. Насанд хүрээгүй хүүхдүүд, ерөнхий боловсролын сурагч, багш нарыг гадаад улсын дипломат байгууллагаас дээр дурдсан арга хэмжээндээ хамруулсан энэ үйлдлийг нягтлан шалгаж, иргэддээ мэдээлж, байр сууриа илэрхийлэхийг Монгол улсын Засгийн газраас Ардчилсан нам шаардаж байна.    
 
​Монгол улсын Үндсэн хууль, гадаад бодлогын үзэл баримтлалд тунхагласан суурь зарчмуудыг тууштай хамгаалж, иргэдийнхээ эрх, эрх чөлөөний талд зогсох байр сууриа Ардчилсан нам цаашид ч хамгаалсаар байх болно.
 
АРДЧИЛСАН НАМ