sonin.mn
УИХ-ын чуулганы хуралдаанаар Зөвлөлдөх санал асуулгыг зохион байгуулах "Зөвлөлдөх зөвлөл байгуулах" тухай тогтоолын төслийг хэлэлцэн баталлаа.  Зөвлөлдөх зөвлөлийн бүрэлдэхүүнд 11 хүний нэр дэвшүүлж оруулж ирсэн ч төлөөллийн зарчмыг хангах шаардлагын үүднээс Байнгын хороонд буцаагаад байсан юм. Улмаар 11 нэр дэвшигчийн хоёрт эмэгтэйчүүдийн төлөөлөл оруулж, баасан гарагийн чуулганаар баталсан юм. 
 
Бүрэлдэхүүнд, 
 
1. Монголын Үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимаас нэр дэвшүүлсэн эдийн засагч О.Амартүвшин
 
2. Ардчилсан Үндсэн хууль тогтоогчдын холбооноос нэр дэвшүүлсэн эдийн засагч Ө.Ганхуяг
 
3. Хувь иргэнээр нэр дэвшсэн эдийн засагч Б.Отгонтөгс
 
4. Монголын ажил олгогч эздийн холбооноос нэр дэвшүүлсэн арьс, ширэн эдлэлийн инженер, технологич, Монгол Улсын зөвлөх инженер Х.Ганбаатар
 
5. Монгол Улсын Шинжлэх ухааны академиас нэр дэвшүүлсэн гүн ухаан, нийгмийн ухааны багш, академич Г.Чулуунбаатар
 
6. Төрийн бус байгууллагаас нэр дэвшүүлсэн улс төрийн эдийн засагч, эрх зүйч Л.Төр-Од
 
7. Хувь иргэнээр нэр дэвшсэн зураг, хөдөлмөрийн багш Г.Галбадрах
 
8. Радио электроникийн инженер Д.Моондой
 
9. “Бодлогод залуусын хяналт” төрийн бус байгууллагаас нэр дэвшүүлсэн эрх зүйч Ц.Мандхайхатан
 
10. Монгол Улсын Их сургуулийн Үндсэн хуулийн эрх зүйн хүрээлэнгээс нэр дэвшүүлсэн судлаач О.Мөнхсайхан
 
11. Монголын Үйлдвэрчний эвлэлийн холбооноос нэр дэвшүүлсэн хөдөлмөрийн эдийн засагч С.Эрдэнэбат  нар багтжээ. 
 
УИХ-ын чуулганы хуралдааны үеэр УИХ-ын гишүүн  Д.Тогтохсүрэн “Ажлын хэсгийн хуралдаанд оролцсон гишүүд нууц санал хураалт явуулж, 136 нэр дэвшигчээс хамгийн олон санал авсан нэр дэвшигчдийг сонгосон. Өмнө нь сонгогдож байсан есөн нэр дэвшигч болон хоёр эмэгтэй нэр дэвшигч хамгийн олон санал авч сонгогдсоныг Зөвлөлдөх зөвлөлийн бүрэлдэхүүнд нэр дэвшүүлж, УИХ-ын тогтоолын төслийг боловсрууллаа" гэв.
 
Т.Сайхан
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин