сонин mn
СӨҮЛ. /Yonhap/. Олон улсын атомын эрчим хүчний агентлагийн /ОУАЭХА/ тэргүүн БНСУ-д ирэх долоо хоногт айлчилж, Засгийн газрын төлөөлөгчидтэй цөмийн асуудлаар хэлэлцэнэ гэж тус улсын Гадаад хэргийн яам лхагва гарагт мэдээлжээ.
 
ОУАЭХА-ийн тэргүүн Рафаэль Мариано Гросси Гадаад хэргийн яамны урилгаар ирэх мягмар гаргаас дөрвөн өдрийн айлчлал хийх хугацаандаа Гадаад хэргийн сайд Пак Жинтэй уулзана гэж тус яамны төлөөлөгчид мэдээлсэн байна.
 
Айлчлалын үеэр хэлэлцэх асуудлуудад БНАСАУ-ын цөмийн хөтөлбөрөөс эхлээд ирэх хавраас "Фүкүшима" атомын цахилгаан станцын цацраг идэвхт усыг далайд асгах Японы төлөвлөгөө зэрэг багтах төлөвтэй байна.
 
Пак Жин, Р.Гросси нар есдүгээр сард утсаар ярьсан бөгөөд тухайн үед Гадаад хэргийн сайд БНСУ-ын ард иргэд Японы төлөвлөгөөний талаар санаа зовниж байгааг илэрхийлжээ.
 
Р.Гроссигийн хувьд энэхүү айлчлал нь 2019 оны 12 дугаар сард албан тушаалдаа орсноосоо хойш БНСУ-д хийж буй анхны айлчлал, мөн 2017 оны есдүгээр сараас хойш ОУАЭХА-ийн тэргүүний тус улсад хийж буй анхны айлчлал болно. 
 
 
Э.Хулан
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг