sonin.mn
Монголын сувилагчдын нийгэмлэгээс олон улсын сувилагчдын өдрийн тохиолдуулан энэ оны тавдугаар сарын 12-ны өдөр “Сувилагчид ээлтэй Монгол” сувилахуйн үндэсний чуулганыг Төрийн ордонд зохион байгуулсан билээ.
 
"Сувилагчид ээлтэй Монгол" сувилахуйн үндэсний чуулганаас гарсан зөвлөмжийг Улсын Их Хурлын гишүүн Ж.Чинбүрэн, Монголын сувилагчдын нийгэмлэгийн тэргүүн Д.Нямсүрэн нар Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт гардуулан өглөө. Мөн уг зөвлөмжийг Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ болон Улсын Их Хурлын гишүүд, нийслэл, орон нутгийн удирдлагуудад хүргүүлсэн байна.
 
“Сувилагчид ээлтэй Монгол” сувилахуйн үндэсний чуулганд нийслэл болон 21 аймгийн сувилагчдын төлөөлөл болсон 800 гаруй сувилагч оролцож, өөрсдийн эрх ашгийг хамгаалах, сувилагчийн мэргэжлийн үнэ цэнийг алдаршуулах зэрэг асуудлыг хөндөн хэлэлцэж, ийнхүү зөвлөмж гаргажээ.
 
Монгол Улс сувилагчийн хомсдолд орж байгаа энэ цаг үед шийдвэр гаргах бүх түвшинд оновчтой бодлого хэрэгжүүлж, сувилагч мэргэжилтнийг дэмжиж ажиллах шаардлагатай байгааг УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн онцлон тэмдэглэлээ. Уг зөвлөмжид сувилахуйн тусламж, үйлчилгээний чанарыг сайжруулах, сувилахуйн боловсролыг сайжруулах, сувилахуйн нийгмийн асуудал, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих гэсэн үндсэн гурван асуудлын хүрээнд шийдвэрлэх шаардлагатай 32 асуудлыг тусгасан байна.