sonin.mn
Найм дахь удаагийн Ерөнхийлөгчийн сонгуульд үнэмлэхүй ялалт байгуулж,  Монгол Улсын зургаа дахь Ерөнхийлөгчөөр сонгогдсон У.Хүрэлсүхэд дэлхийн олон орны Төрийн тэргүүн нар баяр хүргэсээр байна.  Ерөнхийлөгчөөр сонгогдсон У.Хүрэлсүх энэ сарын 25-ны  өдөр  Төрийн тэргүүний тангаргаа өргөх юм. Шинээр сонгогдсон Ерөнхийлөгчид  дэлхийн удирдагчдаас ирсэн мэндчилгээнд ямар агуулгыг онцолсныг хүргэе.
 
ОХУ-ЫН ЕРӨНХИЙЛӨГЧ В.ПУТИН: САНАЛ ХУРААЛТЫН ДҮН ТАНЫ УЛС ТӨРИЙН НЭР ХҮНДИЙГ ХАРУУЛЛАА
 
-Санал хураалтын үр дүн таны улс төрийн нэр хүндийг бүрэн дүүрэн нотлон харууллаа. Төрийн тэргүүний хувиар таны цаашид хэрэгжүүлэх үйл ажиллагаа нь ОХУ, Монгол Улсын хооронд тогтоосон иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг улам бүр бэхжүүлнэ хэмээн найдаж байна.
 
БНХАУ-ЫН ДАРГА СИ ЖИНЬПИН: ТАНТАЙ ХАМТРАН АЖИЛЛАХАД БЭЛЭН БАЙНА
 
-Таныг Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсон мэдээг хүлээн авсан бөгөөд чин сэтгэлийн баяр хүргэе. Хятад, Монгол хоёр улс нь уул усаар холбогдсон найрсаг хөршүүд, чин сэтгэлээсээ хамтран ажилладаг түншүүд билээ. Эдүгээ хоёр улсын харилцааны хөгжлийн хандлага сайн байна. Цар тахал дэгдсэн цагаас хойш Хятад, Монгол хоёр улсын Засгийн газар болон ард түмэн цар тахалтай мөр зэрэгцэн хамтран тэмцэж, нааштай үр дүнд хүрч байна.
 
 
 
Та Хятад, Монголын найрсаг харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх үйл хэрэгт урт хугацааны туршид анхаарал хандуулж, хоёр улсын харилцааны хөгжилд чухал хувь нэмэр оруулсан билээ. Миний бие Хятад, Монголын харилцааг хөгжүүлэхэд өндөр ач холбогдол өгдөг  бөгөөд хоёр улсын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаанд шинэ ахиц дэвшил тасралтгүй гаргахыг удирдан чиглүүлэхийн төлөө тантай хамтран ажиллахад бэлэн байна.
 
 
 
Монгол Улсад хөгжил цэцэглэл, Монголын ард түмэнд аз жаргал, эрүүл энхийг хүсэн ерөөе.
 
ТУРКИЙН ЕРӨНХИЙЛӨГЧ Р.Т.ЭРДОГАН: ТАНЫГ ЕРӨНХИЙЛӨГЧӨӨР АЖИЛЛАХ ХУГАЦААНД НӨХӨРСӨГ ХАРИЛЦАА УЛАМ БҮР ТОДРОН ХӨГЖИХ БОЛТУГАЙ
 
-Монгол Улсад 2021 оны зургадугаар сарын 9-ний өдөр явагдсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулж, Ерөнхийлөгчөөр сонгогдсонд танд чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлж байна. Түүх, соёлын уялдаа холбооноос улам бүр хүч аван урагшилдаг хоёр улсын нөхөрсөг харилцаа, хамтын ажиллагаа цаашид ч таны Монгол Улсын Ерөнхийлөгчөөр ажиллах хугацаанд улам бүр хөгжинө гэдэгт итгэл төгс байна. Энэхүү завшааныг тохиолдуулан танд болон ах дүүгийн харилцаатай нөхөрсөг монголын ард түмэнд амжилт бүтээл, ак жаргал, эрүүл энхийг хүсэн ерөөе.
 
АНУ-ЫН ТӨРИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА А.БЛИНКЕН: АРДЧИЛЛЫН ҮНЭТ ЗҮЙЛСИЙГ БАТАТГАХЫН ТӨЛӨӨ У.ХҮРЭЛСҮХТЭЙ ХАМТРАН АЖИЛЛАХ БОЛНО
 
-Монголын  ард түмэн 1990 онд тайван замаар өрнөсөн ардчилсан хувьсгалаас хойших найм дахь удаагийн Ерөнхийлөгчийн сонгуулиа амжилттай зохион байгуулсанд АНУ баяр хүргэж байна.
 
 
 
 
Бид Монгол Улс ардчиллын төлөө тууштай байгааг сайшаан тэмдэглэхийн сацуу тус улсын "гуравдагч хөрш", Стратегийн түнш болсноороо бахархдаг. Бид  энэхүү түншлэлийг  бэхжүүлэх, ардчиллын нийтлэг үнэт зүйлс, Монголын бүрэн эрхт байдал, тусгаар тогтнолыг бататгахын төлөө Ерөнхийлөгчөөр сонгогдсон У. Хүрэлсүхтэй хамтран ажиллах болно.
 
 
БНСВУ-ЫН ЕРӨНХИЙЛӨГЧ НГУЕН СУАН ФУК: ТАНЫ МАНЛАЙЛАЛ ДОР МОНГОЛ УЛС ЦААШИД  ЦЭЦЭГЛЭН ХӨГЖИНӨ
 
-Миний бие 2016 оны долдугаар сард Вьетнам Улсын Ерөнхий сайдын хувиар Монгол Улсад албан ёсны айлчлал хийж, Ази, Европын дээд түвшний 11 дэх удаагийн уулзалтад оролцсон бөгөөд энэ үеэр танай сайхан орон, монголын ард түмний талаар гүн гүнзгий сэтгэгдэлтэй үлдсэнийг тэмдэглэхэд таатай байна. Эрхэмсэг ноён таны манлайлал дор Монгол Улс цаашид ч цэцэглэн хөгжиж, Монголын ард түмэн улам бүр чинээлэг, аз жаргалтай байх болно гэдэгт миний бие итгэл төгс байна. Вьетнам, Монголын уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагаа өнгөрсөн хугацаанд бэхжиж, сүүлийн жилүүдэд эрчимтэй хөгжиж байгаад миний бие туйлын баяртай байна. Вьетнам Улс Монгол Улстай хөгжүүлж буй харилцаандаа өндөр ач холбогдол өгдөг бөгөөд цаашид хоёр улсын төр засаг, ард түмэн хоорондын найрамдалт харилцаа, хамтын ажиллагааг улам хөгжүүлэхийн төлөө байна. Эрхэмсэг ноён Ерөнхийлөгч таны нягт хамтын ажиллагаагаар хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа манай хоёр ард түмний эрх ашигт нийцэн улам өргөжин хөгжинө гэдэгт итгэлтэй байна.
 
КАЗАХСТАНЫ ЕРӨНХИЙЛӨГЧ К.ТОКАЕВ: ТАНЫ САНААЧЛАГА, ТӨЛӨВЛӨГӨӨ  АМЖИЛТАД ХҮРНЭ ГЭДЭГТ ИТГЭЛТЭЙ БАЙНА.
 
-Сонгуульд итгэлтэйгээр ялсан явдал таны улс орныхоо хөгжилд оруулсан жинтэй хувь нэмэр болон Монголын ард түмний итгэл найдварын илэрхийлэл юм. Улс орныхоо хөгжил цэцэглэлтийн төлөө таны санаачлага, төлөвлөгөө  амжилтад хүрнэ гэдэгт итгэлтэй байна. Харилцан хүндэтгэл, тал бүрийн хамтын ажиллагаанд тулгуурласан Монгол-Казахстаны уламжлалт хэлхээ холбоо бэхжинэ гэдгийг сэтгэл ханамжтайгаар илэрхийлж байна. Манай ард түмний сайн сайхны төлөө түншлэлийн харилцаагаа хоёр болон олон талын хүрээнд хөгжүүлэхэд өөрийн зүгээс хүчин чармайлт гаргахад бэлэн гэдгээ нотлоё.
 
ЭНЭТХЭГИЙН ЕРӨНХИЙЛӨГЧ РАМ НАТХ КОВИНД: ЕРӨНХИЙ САЙД БАЙХДАА Ч ТА ХОЁР УЛСЫН ХАРИЛЦААГ БЭХЖҮҮЛЖ ИРСЭН БИЛЭЭ
 
Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсон танд Энэтхэг Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс болон хувиасаа халуун мэндчилгээ дэвшүүлж байна.
Энэтхэг, Монгол хоёр улс Буддын шашинд тулгуурласан түүхэн хэлхээ холбоотой билээ. Манай хоёр улсын хооронд тогтоосон Стратегийн түншлэл сүүлийн жилүүдэд олон салбарт тогтвортой хөгжиж ирлээ. Монгол Улсын Ерөнхий сайд байх үеэс та хоёр улсын харилцааг бэхжүүлэхэд үнэлж барашгүй хувь нэмэр оруулсан билээ. Таны манлайлал дор манай хоёр улсын түншлэл цаашид ч улам өргөжин бэхжинэ гэдэгт итгэлтэй байна.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн үүрэгт ажилд тань амжилтын дээдийг хүсэхийн зэрэгцээ Танд эрүүл энх, сайн сайхан, найрсаг Монголын ард түмэнд хөгжил цэцэглэлийг хүсэн ерөөж буйг минь хүлээн авна уу.
 
УМАРД СОЛОНГОСЫН УДИРДАГЧ КИМ ЖОН УН МЭНДЧИЛГЭЭ ДЭВШҮҮЛЖЭЭ
 
Гадаад харилцааны дэд сайд Б.Мөнхжин БНАСАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд О Сын Хо-г хүлээн авч уулзаж, хоёр талын харилцаа, хамтын ажиллагааны асуудлуудаар санал солилцов.
Уулзалтын үеэр Элчин сайд О Сын Хо БНАСАУ-ын зүгээс Монгол Улстай уламжлалт найрсаг харилцаагаа тууштай хөгжүүлэх байр суурь баримталж байгааг онцлохын зэрэгцээ БНАСАУ-ын Төрийн Зөвлөлийн дарга Ким Жон Ун-аас Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсон У.Хүрэлсүхэд илгээсэн мэндчилгээг гардуулан өгчээ.
 
 
Т.Батсайхан
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин