sonin.mn
“Коронагийн цар тахалгүй байсан бол Мүн Жэ Ин Ерөнхийлөгчтэй биечлэн уулзаж шинэ умардын бодлого, хамтын найрсаг харилцаа, хоёр Солонгосын асуудлаар утга учиртай яриа өрнүүлэхээр байлаа. Харамсалтай нь Ковид-19 цар тахлын улмаас боломж хомс байлаа.” Энэхүү яриа дөрөвдүгээр сарын 29-нд Солонгосын талтай хийсэн цахим уулзалтын эхэнд  Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулгын хэлсэн анхны үг байв. 
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга нь  чөлөөт бөхийн шигшээ багийн тамирчин байсан бөгөөд спортын түүхэнд ард түмэндээ үнэлэгдсэн гавьяатай төдийгүй амжилттай бизнесмэн юм байна. Ард түмний хайрыг хүртсэн тэрээр улс төрд орж УИХ-ын гишүүн улмаар Монгол Улсын сайдын албыг хашиж байгаад 2017 оны 7 дугаар сард Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулж Монгол Улсын Ерөнхийлөгч болжээ. Түүнийг төрд ажиллах хугацаандаа эдийн засгийн хөгжилд анхаарлаа төвлөрүүлэхийн зэрэгцээ Монгол Улсын геополитикийн ач холбогдол болон газар доорх баялгийн арвин их нөөцийн давуу талыг ашиглаж олон улсад нөлөөгөө нэмэгдүүлэхэд гол үүрэг гүйцэтгэсэн гэж дүгнэдэг байна.
 
Ялангуяа нэгэн цаг үед Ерөнхийлөгч болсон Мүн Жэ Иний засгийн газрын гадаад бодлого болох шинэ умардын бодлогын гол түнш орон болсноор Монгол улсын статусыг нэг шат ахиулсан билээ.
 
Өнгөрсөн жил коронавирусын цар тахлын улмаас улс хоорондын дэд бүтэц, агаарын тээврийн  хөдөлгөөний хурд огцом буурсан ч хоёр орны дипломат харилцааны 30 жилийн ойг тохиолдуулан олон арга хэмжээ зохион байгуулав. Халтмаагийн Баттулга Ерөнхийлөгч хэлэхдээ, “Хоёр улсын хооронд зорчигчдын тоо жилд 200 мянга хүртэл өссөн тоог иш татаж, БНСУ бол  Монгол улсын эдийн засгийн түнш бөгөөд манай чухал хөрш мөн” гэжээ.
Түүнчлэн “Хоёр улсын хооронд ард түмний дипломат (people’s diplomacy) харилцаа өргөжин тэлж байна. Монголчуудын Солонгос улсад ажиллаж, хөдөлмөрлөж хуримтлуулсан мөнгө энэ хэцүү цаг үед эх орондоо болон тэдний гэр бүлд нь их тус нэмэр болж байгаа. Энэ бол мартаж болохгүй тусламж гэж боддог.  Солонгос улсад ажиллаж амьдарснаар тус улсын  зах зээлийн эдийн засгийн хөгжлийн талаар монголчууд их зүйл сурч байна. БНСУ-ын ард түмэнд үргэлж талархаж явдаг” хэмээжээ.
Х.Баттулга Ерөнхийлөгч  “Дэлхийн 10-т багтдаг газрын баялагтай Монгол улс мэдээлэл, технологийн өндөр хөгжилтэй Солонгос улстай хүч чадал, боломж бололцоогоо нэгтгэвэл хоёр улс харилцан ашигтай, үр өгөөжтэй байх олон боломж бий” гэсэн юм.
2018 оны 6 дугаар сард АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп, БНАСАУ-ын удирдагч  Ким Жон Ун нарын хийх анхны  түүхэн дээд хэмжээний уулзалт болох газраар Монгол улс яригдаж байсан нь дэлхий нийтийн анхааралд байв. Дээд хэмжээний уулзалт Сингапур улсад товлогдсон ч, Ерөнхийлөгч Х.Баттулга Монгол улсын нийслэл Улаанбаатарт уулзалт хийхийг санал болгосон нь олон улсын мэдээллүүдээр их гарч байв.  
 
 
 
 
Х.Баттулга нь Монгол улсын жүдо бөхийн холбооны ерөнхийлөгч байхдаа БНСУ-д олон удаа айлчлал хийсэн дотно улс төрч билээ. Мөн 2014 онд ХААЯ-ны сайдын албыг хашиж  байхдаа Ерөнхийлөгчийн тусгай томилогчоор БНАСАУ-д зочилсон түүхтэй. Тэрээр өмнөд, хойд Солонгостой харилцаа, хамтын ажиллагаагаа өргөжүүлэн хөгжүүлэхэд ихээхэн анхаарал хандуулан ажиллаж байв. Монгол улс нь Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нар эрх мэдлээ хуваадаг төрийн  тогтолцоотой. Х.Баттулга Ерөнхийлөгч  ардчилсан намын хүн бөгөөд засаг барьж буй Ерөнхий сайд нь сөрөг хүчин буюу ардын намын хүн юм. 
 
 
 
 
Ирэх 6 дугаар сард Ерөнхийлөгчийн сонгууль болох бөгөөд УИХ нь  Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж одоогийн Ерөнхийлөгчийг дахин улиран сонгогдохыг хориглосон заалт оруулжээ. Ингэснээр одоогийн Ерөнхийлөгч дахин Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх нь бодит байдал дээр хэцүү боллоо. Үүнтэй холбоотойгоор Ерөнхийлөгч Х.Баттулга  “Ерөнхий сайдын харьяалал бүхий  коммунист дэглэмийн үед эрх баригч хүчний загалмайлсан Монгол ардын нам төрийн удирдлагыг хүчээр булаан авах гэсэн увиагүй үйлдэл хийж байна” гэсэн байр суурьтай байгаа билээ.
Х.Баттулга Ерөнхийлөгч өнгөрсөн сард “Монгол ардын нам тарах ёстой” хэмээн олон нийтэд тунхагласан. Өнөөгийн Монгол улсын төр замбараагаа алдсан байдалд байна. Монгол улсын Ерөнхийлөгч Х.Баттулга “БНСУ-д ардчилал тогтож амжаагүй байхад тохиолдож байсан  эмх замбараагүй байдлыг Монгол улс одоо туулж байна” гэжээ. 
 
 
 
 
 
Эх сурвалж: “몽골 지하자원과 한국 기술력 더하면 양국에 이득” - 조선일보 (http://chosun.com