sonin.mn

М.Тулгат даргатай АН-ынхан мэдээлэл хийлээ. Хэвлэлийн хуралд АН-ын дарга гэх М.Тулгат, АН-ын ЕНБдарга Ч.Өнөрбаяр, Монгол Улсын Баатар Э.Бат-Үүл, АН-ын дэд дарга Ц.Оюундарь, АН-аас Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны сонгуульд нэр дэвшигч С.Эрдэнэ нар оролцлоо. Мэдээллийн эхэнд Монгол Улсын Баатар Э.Бат-Үүл төв талбай дээр байгаа УИХ дахь АН-ын бүлгийн гишүүдтэйгээ санал нэг байгаагаа илэрхийлэх гэж очтол өөрт нь ямар ч хүндэтгэлгүй хандсан тухай удтал гомдлоод, УИХ-ын гишүүн С.Ганбаатарыг "золбин популист" гэж доромжлов.

Түүний дараа АН-ын дарга гэх М.Тулгат: "Сүүлийн өдрүүдэд болж буй үйл явдлын талаар та бүхэн мэдээлэлтэй байгаа байх. АН-ын шинэ дарга бүртгэгдэх, Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчээ бүртгүүлэх гэх мэт ийм хууль тогтоомж, бүх зүйл нь тодорхой байгаа ийм процессийн зүйлүүд дээр хөндлөнгөөс нөлөөлөх гэсэн оролдлогууд явагдаж ирсэн. Ялангуяа их хэмжээний мөнгөөр хэвлэл мэдээлэл, сошиалд хүмүүсийн тархи толгойг төөрөгдүүлэх аргаар өнөөдөр хууль ёсны дагуу явж байгаа АН-ын үйл ажиллагааг олон түмэнд, ялангуяа намын гишүүдэд ойлгомжгүй, тодорхойгүй болгох гэсэн үйлдлүүд маш их явагдаж байлаа. Бидний хувьд хүлээцтэй хандаж байсан. Бүх юм хууль ёсны дагуу явж байгаа. Монгол орон бол хуулийн засаглалтай орон. Үүнд итгэж байгаа гэж би өглөө хэлсэн. Гэтэл өчигдөр болон сүүлийн 2,3 өдрийн үйл явц бидний сэтгэлийг зовоож байна. Ордны хуйвалдааны аргаар АН-ын хувь заяаг, 200,000 гишүүний болоод Монголын ардчиллын хувь заяаг уландаа гишгэж, хэдхэн хүний эрх мэдэлд хүрэх гэсэн атгаг хүслийн золиос болох гэж байгаад нь эгдүүцэл төрсөн юм.Талбай дээр байгаа, мөн тэнд очих гэж байгаа АН-ын гишүүд дотор ардчиллын үйл хэрэгтээ үнэнч хүмүүс бас байна. Бидний мах цусны тасархай бас байна.

 

Гэхдээ нэг зүйл маш тодорхой болж байна. Манай АН дотор коммунизмын, коммунистуудын үр хөврөл ороод ирчихсэн, хогийн ургамал шарилж мэт улам урган, зай талбай эзлээд ирсэн байна.

 

Ялангуяа сошиалд жирийн гишүүдийн маань бодол санаанд нөлөөлж байна. Энэ нь Монголын ардчиллыг устгах аюултай үр дагавар авчрах нь ээ гэж бид үүн дээр дуугарахгүй бол болохгүй нь ээ гэж явж байна. Баруун төвийн үзэл баримтлалтай АН-д хэт зүүний, неонацист хүмүүсийг нэг өдрийн дотор гишүүнээр элсүүлээд, маргааш нь Ерөнхийлөгчид нэр дэвшүүлнэ гэж байна. Арга барилын хувьд ч ардчилсан үзэлтэй хүмүүс хүний үзэл бодлыг хүндэтгэдэг. Гэтэл муйхар арга барилаар, 1930-аад оны хүмүүсийг хэлмэгдүүлж, цаазалж алж байсан яг тэр арга барилаар хандаж байгаа нь маш гутамшигтай үйл явдал байгаа юм.Үүнтэй бид тэмцэнэ.Талбай дээр суулт хийж байгаа гишүүдтэйгээ уулзья, ярилцья, санал солилцоё гэж бодоод очсон. Коммунизмын эсрэг, социализмын эсрэг бид хамт байгаа. Бидний дунд ойлголтын зөрүү л байгаа. Гэтэл ардчилсан үзэл бодолтой хүнээс хэзээ ч гарамгүй тийм авираар угтсан. Энэ хүмүүсийг АН-ын гишүүд гэж би бодохгүй байна. Ардчилал бол хүний үзэл бодлоо илэрхийлэх эрхийг хүндэтгэдэг. Харин коммунист, фашист арга барил бол өөрийнхөө үзэл баримтлалыг тулгадаг. Өөр үзэл бодолтой хүмүүсийг хөөж тууж, болдог бол сэлэмдэж, жадлаж явуулдаг. Тэгэхээр тэнд байгаа хүмүүс дотор коммунист үзэл санаатай хүмүүс шургалсан байна гэж харж байна.

АН-ын гишүүдээ энэ төөрөгдөлд бүү авт. Ардчиллын үнэт зүйлээ хамгаалах цаг өнөөдөр болсон байна. Бид хамтдаа зогсох ёстой шүү. Ярилцах ёстой. Өнөөдрийн нөхцөл байдлыг зөвөөр дүгнэх ёстой. Суртал ухуулга, янз бүрийн зүйлд бүү авт. Бидний тэмцэл, бидний үйл ажиллагаа ялна гэдэгт бүрэн итгэлтэй байна." хэмээсэн юм.Хурлын төгсгөлд өнөөдөр СЕХ-ноос Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны сонгуульд АН-аас нэр дэвшигчээр албан ёсоор бүртгүүлсэн С.Эрдэнэ баяртай байгаагаа илэрхийлээд, хуулийн хугацаанд сонгуулийн сурталчилгаагаа эхлүүлнэ гэв.

 

М.Чойжал