sonin.mn
АН-ын даргын цахим сонгуульд ялалт байгуулсан НИТХ-ын төлөөлөгч М.Тулгаттай ярилцлаа.
 
АН-ын даргаар сонгогдсонд тань баяр хүргэе. Ажлаа юунаас эхлэе гэж бодож байна вэ?
 
Баярлалаа. Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны сонгууль хаяанд иржээ. Иймээс Ерөнхийлөгчийн сонгууль руу л шуурхайлж орьё гэж бодож байна.
 
-Таны хувьд маш ээдрээтэй цаг үед АН-ын дарга болж байна. Нөгөө талд бас нэг АН-ын даргын сонгууль болж, УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл АН-ын даргаар сонгогдсон гээд явж байна. Бодит байдал дээр бол яах аргагүй хоёр хуваагдчихаад байгаа намаа яаж нэгтгэх вэ?
 
Монгол Улс бол хуультай орон.Аливаа байгууллага эсвэл өмч хөрөнгө бүхэн баталгаажуулсан улсын бүртгэлтэй байдаг.
Ардчилсан Нам бол улс төрийн бүртгэлтэй хуулийн этгээд.Хуулийн этгээдийнхээ хувьд гэрчилгээ, данс, тамга тэмдэг гэх мэт бүх юм нь бидэнд байгаа. Тэгэхээр бид дүрмийнхээ дагуу Намын Их хурлаа хуралдуулаад, хурлаараа шинэ дарга ингэж тодорлоо гэж баталгаажуулаад Улсын Дээд Шүүхэд бүртгүүлнэ. Улсын Дээд Шүүх процессын дагуу явж л байгаа бол бүртгэхээс татгалзах үндэслэл байхгүй. Нэгдүгээрт энэ ажиллагаа явагдана. Хоёрдугаарт нөгөө талд бас намын даргаа сунгаа явагдчихсан. Тодорхой хүмүүс сэтгэл санаа, мөнгө төгрөг гаргачихсан. Ер нь ол ойлголтын алдаа гарсан байна. Тэгэхээр тэр хүмүүстэйгээ уулзаж ярилцах ойлгуулах хүчин чармайлт гаргах ёстой. Энэ ажлаа эхлүүлчихсэн явж байгаа. 
 
-Ардчилсан Нам хоёр талд талцаад яваад байхаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны сонгуульд оролцох боломжгүй болох магадлалтай гэж  яригдаж байна. Үнэхээр ийм магадлал бий юу?
 
Албан ёсоор болсон цахим сунгаагаар Ардчилсан Намын шинэ дарга тодорч, Улсын Дээд Шүүхэд бүртгүүлэх ийм л процесс байгаа шүү дээ. Бүртгээд авчихсан тохиолдолд ямар ч маргаан байхгүй. Цаг хугацааны хувьд Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчээ 4 сарын 30-аас 5 сарын 02-ны хооронд тодруулах ёстой. Хуулийн хугацаандаа амжина, асуудалгүй.
 
-АН Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны сонгуульд хэнийг нэр дэвшүүлэх вэ? гэдэг асуудал олон нийтийн дунд төдийгүй улс төрчдийн дунд ихээхэн асуулт дагуулж байна. АН-ын дарга асан З.Энхболд: “Одоо Ерөнхийлөгчөөр ажиллаж буй Х.Баттулга ямар ч асуудалгүй, ямар ч өрсөлдөгчгүй АН-аасаа дахин нэр дэвших ёстой” гэж мэдэгдсэн. Таны байр суурь ямар байна?
 
АН дүрмээрээ гишүүдээсээ нэр дэвших хүнээ тодруулна.4 сарын 30-нд хүмүүс нэрээ дэвшүүлнэ.Манайд 50–аас дээш насны лидер манлайлагч, Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвших бололцоотой маш олон хүн бий. 
Тэдгээр хүмүүс нэрээ дэвшүүлэх байх.
Одоо бол яг нэр зааж хэлэх ямар ч боломжгүй. Гэхдээ миний хувьд ардчиллын үнэт зүйлийг тээсэн, Ардчилсан Намын үзэл баримтлалд ойр, хүний эрх, эрх чөлөөний үзэл санааг дээдэлдэг, хувийн өмчийг хамгаалдаг, хариуцлагатай, бие даасан Монгол Улсын Иргэн л АН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшээсэй гэж бодож байна. Манай намын дүрмээр бол одоо байгаа Ерөнхийлөгч шууд дэвшинэ гэдэг ямар ч заалт байхгүй. Тэгэхээр тэр хүн  их буруу ойлголттой байна. Ер нь ч тэгээд З.Энхболд гэдэг хүний олон нийтэд буруу ойлголт өгсөн яриаг хэвлэл мэдээлэл дэврээгээд байх шаардлагагүй гэж би бодож байна.  Ерөөсөө ч тэгж онцлоод, томруулж бодоод байх зүйл биш. 
 
-Таны авга ах бол ардчиллын анхдагчдын нэг, "Хонх" хамтлагийн ахлагч, сэтгүүлч С.Цогтсайхан юм билээ. Энэ нь таны улс төрийн сонголтонд нөлөөлсөн байх? Өөрөөр хэлбэл та удам залгасан АН-ын гишүүн юм байна, тийм үү?
 
1989-1990 оны үед би 3, 4-р ангийн сурагч байлаа. Манай аав, ах нар Ардчилсан хувьсгалын тэргүүн эгнээнд явсан. Тухайн үед хаалтай байсан нийгэм нээлттэй болж эхэлж, Чингис хаанаараа бахархдаг болж, Р.Чойномын шүлгүүд анх олон нийтэд хүрч байсан. Монгол бичиг, Монгол дээл, Монгол соёл  бүгд өмнөх нийгэмд хаалттай байсан шүү дээ. Энэ бүхэн ардчилалтай хамт л ирсэн.
 
 
 
Бага насны маань дурсамжинд ардчилал гэдэг зүйл хамгийн гэгээн сайхан бүх юм маань байлаа. Тухайн үед би ч бас аав, ахыгаа дагаад “Ардчилал” сонин тараагаад л явж байсан хүүхэд. “Хонхны дуу” төдийгүй “Хонх” хамтлагийн бүх дууг цээжээр мэддэг. Пионерийн зусланд очихоороо ах эгч нарт “Хонх”-ын дуунуудыг бичиж, тайлбарлаж өгдөг байлаа.
 
 
 
Тэгэхээр ерөөсөө л “цусаараа ардчилагдсан” гэдэг шиг л тийм хүн юм байгаа юм. Асуултандаа та өөрөө хариулчих шиг болсон. Тиймээ, би удам дамжсан АН-ын гишүүн.
 
 Энэ сэдвийн хүрээнд миний асуугаагүй,  нэмж тодруулж хэлэх зүйл танд байна уу?
 
-АН амаргүй нөхцөл байдалд байгаа нь үнэн. Өнгөрсөн хугацаанд би аливаа асуудлыг талуудтай өөрийн хэмжээнд ойлголцоод шийдэж ирсэн.
 
 
 
Үндэсний хэмжээний том намын даргын байр суурь гэдэг маш хариуцлагатай байх ёстой гэдгээс эхлээд  амаргүй олон зүйлтэй тулах л байх. Гэхдээ болно оо.
 
 
 
Намын Их Хурлаа хийгээд Намын даргаар баталгаажсаныхаа дараа нийгэм эдийн засгийн байдал болон Ардчилсан Намыг цаашид яаж эрс шинэчилж,  илүү хүчирхэг бүтэн болгох вэ гэдэг  бодлого, төлөвлөгөөгөө албан ёсоор танилцуулна. 
 
Баярлалаа
 
 

 

Ярилцсан Н.Энхдэлгэр