
Өндөр-Улаан суманд өвөлжөө тавтай. Сумын соёлын төвд зарлагдсан багийн хуралд суугчдыг хүлээнгээ Соёлын төвтэй танилцахаар холхилоо. Тайзны арын хаалгаар ороход дээш гарах шат байх ба хоёр давхарт гарахад нарийн коридор угтав.
Коридорын хананд хэд хэдэн санамж наасан байх ба бүгд л тамхины хор хохирол болон тамхи татаж болохгүйг сануулсан байх юм. Ихэнх хаалга цоожтой байсан ч хамгийн мухрын хаалганаас гэрэл гарч, хөгжмийн намуун дуу сонсогдлоо.
Цэвэр цэмцгэр жижигхэн өрөөнд дээр үеийн улаан дрож дэвссэн нь дулаахан тохитой харагдана. Цонхны тавцанд тасалгааны цэцэгс байх ба дээд талд хар банз залгаж, нааж урласан хөгжмийн Лир хэмээх түлхүүр байх. Өрөөний хананд эртний гэмээр хуур өлгөөтэй байх ба уран Дэмчиггарав гуайн аав Лодоншарав гуайн урлаж, өөрөө тоглодог байсан хуур ажээ.
Монголын алдарт хөгжмийн зохиолчдын зургийг бичгийн цаасан дээр хараар хэвлэж, шар хуулгаар нямбай нь аргагүй эмжиж, цэнхэр даавуун дээр тогтоосон байх ба даавуунаас шар цацаг унжих нь өрөөг их л сэтгэл гаргаж тохижуулсныг илтгэнэ. Хэд хэдэн морин хуур, ёочин, даралтат хөгжим /сазю/, баяан, лимбэ, хөгжим сурах анхан шатны нот, гарын авлагууд өрөөг дүүргэжээ.
Өрөөний эзэн хөгжмийн багш А.Бат-Орших өрөөгөө өөрийн гараар тохижуулсан нь энэ. Тэрээр сумандаа хөгжмийн дугуйлан хичээллүүлдэг ба шавь нар нь ирэхээр жижигхэн өрөө нь хөгжмийн “Вант улс” болдог гэнэ. Сумандаа л "СУИС-ийн багш” тэрээр гуч гаруй хүүхдийг хөгжимд дөртэй болгосон бөгөөд түүний шавь нарын нэг нь их сургуулиа төгсч ирээд сумынхаа сургуульд дуу хөгжмийн багш хийж байгаа ажээ.
Ахтай ярилцаж суухад “Говийн зэрэглээ” киноны клубын эрхлэгч Шаарийгийн холын хамаатан ч байж мэдэхээр төрх ажиглагдана. Тоглолтонд орохдоо өмсдөг гоёлын хослолууд, өнгийн зангиануудаа нямбайлан өлгөснийг нь харахад тайзаа хүндэтгэн тоостой гуталтай гардаггүйг нь илтгэнэ.
Өрөөнд байсан бүх хөгжмийн зэмсгээр ая, дуу тоглож үзүүлж байгаа нь, яриа бүхнээ инээмсэглэлээр чимэх нь хүүхдийн гэнэн, гэгээн зантайг харуулна. Саяхан тамхи гэгч хорноос татгалзсан ба энд тэндгүй наасан тамхины хор хөнөөлийн талаарх зурагт хуудсууд ахын санаачилга байж.
Тэрээр хүүхэд байхаасаа л хөгжимд сонирхолтой байсан ба 1980 онд Хангай суманд наймдугаар анги төгсчээ. Сургуульд байхад нь хөгжим тоглож байгаа хүмүүс их гоё харагддаг байсан ба тоглох хөгжим ховор байж. Гурван жилийн цэргийн албанд татагдсан шавилхан хүүд аз таарч, цэргүүдээс “Хөгжим тоглодог хүмүүс гараа өргө” гэхэд хүү чадахгүй ч “Би чадна” гээд л гараа өргөчихөж.
Үлээвэр хөгжмийн салаанд оруулах цэргүүдийг ийнхүү шалгаж авсан ба залуу Бат-Орших шалгуулж тэнцээд, цэргийн үлээвэр хөгжимд бүх төрлийн үлээвэр хөгжим, нот сурч, хөгжмийн эгшигтэй амьдралаа холбожээ. Халагдаж ирээд хуучнаар Соёлын ордонд шалгуулж тэнцээд, хөгжимчин болж, аймгийн театрт 10 гаруй жил ажилласан байна.
2008 оноос хойш өдгөөг хүртэл сумынхаа соёлын төвд Монголын хөгжмийн зохиолчдын сор болсон бүтээлүүдийг эгшиглүүлж, соёлын үрийг тарьж явна.
Хаа газрын Соёлын төвүүдийн барилга мөөгөнцөртөж муудсан, актлагдсан, тоног төхөөрөмж нь “монголчлогдож” засвар авахгүй шахам болсон, шинэ залуу боловсон хүчин ажиллах нөхцөлийг голоод ирдэггүй гэх мэт тоочоод байвал түмэн бэрхшээл байдаг ч тэнд ажиллагсдын зүрх урлагийн төлөө цохилж, сэтгэл нь “муудаагүй” байдаг нь эгэл нэгэн хөгжмийн багш ахын унагасан үг бүрээс нь “үнэртэнэ".
Уйтгараар дүүрэн орд харж сууснаас инээдээр дүүрэн овоохой байсан дээр гэсэн үгийг батлах мэт “Тайзан дээр байх л хамгийн сайхан” хэмээн тэрээр ахин дахин хэлж байв. Соёлын төв жилдээ хоёр сая төгрөгийг төсөвт төвлөрүүлэх төлөвлөгөөтэй байдаг ба урлагт чин сэтгэлээ зориулсан “гавьяатуудад" энэ нь тийм ч хүнд ачаа биш гэсэн.
Гэртээ харихдаа яардаггүй хэрнээ ажилдаа үргэлж яардаг хөгжмийн багшийнх гурван хүүхэдтэй. Түүний гэргий Уртнасан эгч сумын Засаг даргын Тамгын газарт улсын бүртгэгч ажилтай. Гэрийнхэн нь ч бүгд түүний “хөгжмийн шавь” боловч бага хүүгээс нь бусад нь харин тааруухан сурагчид гэнэ. Хамаатны хүүхдүүдэд ч, хамар хашааны хүүхдүүдэд ч, айлд орсон ч хэмнэл ритм, хөгжим ярьж явах түүний гэрийн зурагтаар хүртэл үргэлж л концерт, тоглолт гарч байдаг гэнэ лээ.
Талын алдарт найрагчийн шүлгийг дуурайлган сургуулийн бяцхан сурагчийн бичсэн Соёлын төв гэрэптэй байх сайхан Сонирхсон хүмүүс ирэх сайхан Соёлын өв эгшиглэж байх сайхан Сумын эгч нар бүжгэнд орох бүр ч сайхан гэсэн мөртийг уншиж байсан маань санаанд орлоо.
Соёлын төвд баасан гараг бүр сургуулийн хүүхдүүдэд зориулсан цэнгээнт бүжиг, харин томчуулд нь баяр ёслолын үеэр бүжиг зохиогдоно. Бүжиг явуулахаар “бүжигчид" ая тавиулаагүй хөгжмийн багшаар л “амьд” хөгжим тоглуулж бүжиглэдэг байна.
Өөртөө үнэнч, үзэл бодолдоо үнэнч, урлагт үнэнч яваа ахын маань тоглож өгсөн үл тасрах тэр аялгуу одоо ч сэтгэлийн гүнд эгшиглэсээр. Урлагийг гэсэн дэврүүн сэтгэлтэй хөгжимчин ах одоо ч Соёлын төвийнхөө хүйтэн байшинг сэтгэлийн сайхнаараа хөглөсөн бүлээн аялгуугаар дулаацуулан суугаа даа...
Ц.Өнөрцэцэг
Эх сурвалж: "Архангайн амьдрал" сонин
Сэтгэгдэл(8)
ЭНЭ ЧИНЬ Л ЖИНХЭНЭ МОНГОЛ ХҮН БАЙХГҮЙ ЮУ ДАА.ТАНД САЙН САЙХАН БҮХНИЙГ ХҮСЬЕ.
www.amazon.cn bolon www.taobao.com internet delguurees baraa hudaldan avah huseltei humuust zuuchilna. Beijing Jinchin Trans Olon ulsiin teever zuuchiin company Utas 98304871 beijind deh utas 86-010-84391096 Шинэ жилийн баярыг тохиолдуулан манай компани олон улсын ачаа тээврийн үйлчилгээндээ 12 сарын 1-ээс эхлэн 12 сарын 31-нийг дуустал байнгын үйлчлүүлэгч нартаа 20 %, шинэ үйлчлүүлэгч нартаа 10%-ийн хөнгөлөлт үзүүлнэ. Бид Хятадын бүх хотоос Монгол руу ачаа тээвэр хямд үнээр, түргэн шуурхай, найдвартай хийнэ. Манай компани Хятадаас бараа бүтээгдэхүүн, тоног төхөөрөмж худалдан авахад үйлдвэрлэгчтэй холбоо тогтооход зуучлах, хөрөнгө оруулагч олоход туслах, бараа бүтээгдэхүүн тоног төхөөрөмж худалдан авахад L/C үйлчилгээ үзүүлэх, Хятадад жуулчлах болон бусад шаардлагаар явахад орчуулгын үйлчилгээ үзүүлнэ. Жинчин Транс Олон Улсын Тээвэр Зуучийн Компани. Утас 98304871 Бээжин дэх утас 86-010-84391096
Tand olon jil soyoliin uree tarij ashig shimiig ni hurtej yawaarai gej erooe.
sain saihaniig husie
sain saihniig husie.Caashidiin amjilt husie ta chadnaa
Ajiliin undur amjilt husey. Manai sumiin orchin ueiin hellegeerbol DJ shu de
Амжилт хүсье ахад. Энэ л сайхан нутагт өсч өндийж хүн болохдоо Сумын клубт нь сурагчид бид бүжгэнд ордог байлаа. Хагас сайн өдөр бүхэн бүжиг болж манай ахлах ангийнхан бүжиглэнэ дээ. Их л гоё санагдаж тэр өдрийг хүлээж тоолно шүү дээ. Ай даа алдрайхан бага хүүхэд насны минь он жилүүд Тээлийн голын дэнж дээр Уран уулын өвөрт дэгдэж дэрвэж эрхэлж туниж инээж дурлаж өнгөрсөн дөө.
хөөрхөн бичиж ээ амжилт хүсье