sonin.mn

УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг нарын санаа­чилсан “Тамхины хяналтын тухай” хууль хэрэгжиж эхлээд хагас сар өнгөрлөө. Уг хуулиар бүх төрлийн нийтийн тээврийн хэрэгсэл, автобусны буудал, олон ний­тийн болон баар, цэн­гээ­ний газрууд, аж ахуйн нэгж байгууллагын дотоод орчинд тамхи татахыг хо­риглосон.


Мөн бүх шат­ны сур­гууль, цэцэрлэг, тэд­гээрийн дотуур байр, гаднах орчин, цэцэрлэгт хүрээлэн, хүүх­дийн тоглоомын талбай гээд бараг бүх газарт тамхи худалдаалах, татахыг чанд­лан хорьсон.


Хэдийгээр дээрх хуулийн талаар  иргэд ам сайтай байгаа ч сайны хажуугаар саар зүйл ч олон байгааг хэлж байгаа. Тухайлбал, хууль хэрэгжиж эхэлсэн эхний өдрөөс л гадуур тамхи үзэгдэхгүй ховордож, үнэ нь тэнгэрт хадаж байгаа нь иргэдийг бухимдуулаад байгаа аж.


Өөрөөр хэлбэл, хотын төвийн гудамж, талбайд тамхи татаж, худалдаалах нь эрс багассан ч, энэ төрлийн худалдааг нууц далд хийсээр байна. Тамхи татаж буй иргэд булан тохой бараадаж байгаа бол жижиглэнгийн худалдаачид тамхины үнийг зоргоороо нэмж, амандаа орсон тоог хэлж байна гэхэд буруудахгүй.


Хууль хэрэгжихийн өмнө “Esse”, “Kent” зэрэг тамхи хайрцаг нь 2200-2500, “Mild”, “Parliament” 2800-3000 төгрөгийн үнэтэй байв. Гэ­тэл  өнөөдөр “Esse”, “Kent”-ийг, 2800-3500, “Mild”, “Parliament”-ийг 3500-4500 төг­рөгөөр борлуулж байна. Үүнээс гадна зарим газарт ширхгийн  тамхины   үнэ ч эрс нэмэгд­жээ.

 

“Esse”, “Kent” ширхэг нь 150 төг­рөгийн үнэтэй байсан бол 200 төгрөг болсон. Мөн “Mild”, “Parliament” тамхины ширхгийн үнийг 50 төгрөгөөр нэмж, 250 төгрөгөөр зарж байх жи­шээтэй. Энэ мэтээр хуулийг гууль болгож, “Чоно бороо­ноор” гэдэг шиг үүнийг далим­­дуулан ашиг ологчид ол­ширлоо.

 

Зарим нэгээс нь дурдвал, Сонгинохайрхан дүүргийн Баянхошууны ши­нэ эцэс, Зүүн салааны автобусны нэг, хоёрдугаар буудал болон Таван шарын буудлын ойр орчмын дэл­гүүрүүд иргэдэд тамхи ху­далдаалсан хэвээр байна.


Мөн МУБИС-ийн авто­бусны буудал орчмын ТҮЦ, дэлгүүрүүд, “МОНТЕЛ”-ийн өмнөх тал­байд чихэр, бохь зарж буй жижиглэнгийн ху­далдаачид ч нууцаар зарж байна билээ.


Үнэндээ хүн гэдэг хорих тусам тэмүүлдэг зантай. Хатуу, чанга хууль баталж, тамхи зардаг цэг, татах газ­рыг нь багасгаснаар тамхи татдаг иргэд гэнэт тамхинаас гарч, зарахаа болих нь юу л бол. Жишээлбэл, нэг залуу “Өмнө нь тамхийг ганц, хоёр сордог байлаа.

 

Гэтэл тамхи зарахгүй, бүр нүдний гэм болсон болохоор улам л татмаар санагдаад, хайгаад байдаг болчихсон” гэж байв. Түүн шиг эргээд тамхинд орж байгаа иргэд ч цөөнгүй байгаа аж. Нөгөөтэйгүүр нэг хэсэг нь хүний эрүүл мэнд, нийг­мийн сайн сайхны төлөө хууль баталдаг.

 

Гэтэл нөгөө хэсэг нь тэрхүү хуулийг “гууль” болгож тамхины үнийг хөөрөгдүүлж, улмаар далд бизнесийг хөгжүүлээд эхэлчихэж. Харин цаана нь УИХ болон Засгийн газарт өргөн бариагүй, барих гэж буй олон шинэ хуулийн төсөл байгаа. Хууль батлагдахаар холбогдохд нэг барааны үнэ дагаад нэмэгдээд байвал ингэж олон хууль, журам батлах хэрэг байна уу.


Эх сурвалж: