sonin.mn
“Зууны мэдээ” сонин салбар салбарын тэргүүлэгчид, шинийг санаачлагчдыг “Leaderships forum” буландаа урьж, Монгол Улсын хөгжлийн гарц, боломжийн талаар ярилцаж тэдний сонирхолтой шийдэл, санаануудыг уншигчиддаа хүргэдэг билээ. Энэ удаагийн зочноор Монголын Хуульчдын Холбооны Өмгөөлөгчдийн хорооны Удирдах зөвлөлийн гишүүн, “Монгол Өмгөөлөгч” хууль зүйн фирмийн Эрүүгийн эрх зүйн секторын ахлах өмгөөлөгч Л.Данзанноровыг урьж, ярилцлаа.
 
Өмгөөлөгч үйлчлүүлэгчийн харилцаа итгэл дээр суурилж үүсдэг онцлогтой
 
БЛИЦ:
 
Лхагвын ДАНЗАННОРОВ: ОХУ-ын Краснодар хотын Кубаны Их сургуулийг эрх зүйч мэргэжлээр төгссөн.   Мөн тус сургуульд хууль зүйн ухааны магистрын зэрэг хамгаалсан.
 
Ажлын туршлага:
 
-2004-2008 онд: Дундговь аймгийн Өмгөөлөгчдийн Зөвлөлд өмгөөлөгч, Зөвлөлийн дарга
-2003-2006 онд: Дундговь аймгийн Мэргэжлийн хяналтын газрын  дотоод ажил хариуцсан мэргэжилтэн, хуулийн зөвлөх
-2008 оноос: “Монгол Өмгөөлөгч” хууль зүйн фирмд Эрүүгийн эрх зүйн секторын ахлах өмгөөлөгч
-2013-2016 онд: Монголын Хуульчдын Холбооны Мэргэжлийн Хариуцлагын Хорооны гишүүн
-2016 оноос: Монголын Хуульчдын Холбооны Өмгөөлөгчдийн Хороо, Эрүүгийн эрх зүйн хорооны Удирдах зөвлөлийн гишүүн
-2016-2022 онд: Монголын Хуульчдын Холбооны Зөвлөлийн гишүүнээр тус тус ажиллаж байна.
 
-Би сургуулиа төгсөж ирээд, ажлын гараагаа Дундговь аймгийн Өмгөөлөгчдийн зөвлөлөөс эхлүүлсэн. 2004 оноос өмгөөлөгчөөр ажиллаж  өнөөг хүртэл тасралтгүй хүний эрх, шударга ёсны төлөөх үйлсэд зүтгэж байна. Манай өмгөөлөх байгууллагын үүсэл хөгжил нь Улсын бага хурлын 70 дугаар  тогтоолоор 1928 онд батлагдсан Шүүн таслах явдлын тухай олон ардад тусламж үзүүлэх бүлгэмийн дүрмээс эхлэлтэй. Энэ дүрэм батлагдсанаар өмгөөлөгч, өмгөөллийн үйл ажиллагааны эрх зүйн үндэс бүрдэж, бусдад хууль эрх зүйн туслалцаа үзүүлдэг, хүний эрхийг хамгаалах тусгайлсан үүрэг бүхий хүмүүс олонд туслалцаа үзүүлж эхэлсэн нь өмгөөлөгчид байв. Үндсэн хуульд заасан хууль зүйн туслалцаа авах эрхийг хангах, шударга, хүмүүнлэг, эрх зүйт нийгмийг бүтээхэд өмгөөлөх байгууллагын бие даасан байдал, өмгөөлөгчдийн үүрэг оролцоо маш чухал. Мөн өмгөөлөгч үйлчлүүлэгчийн харилцаа нь итгэл дээр суурилж үүсдэг онцлогтой. Тэгэхээр хариуцлагатай, ёс зүйтэй, зүтгэлтэй өмгөөлөгчид нийгэмд шударга ёсыг тогтоох, хүний эрхийг хамгаалахад онцгой үүрэг гүйцэтгэдэг. Дээр дурдсан “Олон ардад тусламж үзүүлэх бүлгэмийн дүрэм” батлагдсанаас хойш иргэдэд хууль зүйн туслалцаа үзүүлэх, өмгөөллийн үйл ажиллагаа явуулах баталгаа, өмгөөллийн байгууллагын бие даасан байдлыг хангахад чиглэсэн хууль цөөнгүй батлагдсан.  Тухайн цаг үедээ үүргээ гүйцэтгэж ирсэн.  Хамгийн сүүлд өмгөөллийн үйл ажиллагааг цогцоор нь зохицуулсан, өмгөөллийн үйл ажиллагааны баталгааг хангасан гол хууль болох Өмгөөллийн тухай хуулийг 2019 онд баталж, одоо мөрдөгдөж байна. 
 
Бие даасан үйл ажиллагааны баталгаа сайжирч байна. Гэхдээ...
 
-Бидэнд  өмгөөллийн бие даасан хуульгүй байсан цаг үе бий.  Харин 2019 онд Өмгөөллийн тухай  хууль батлагдсанаар манай салбарт ахиц дэвшил гарсан.  Өмнөх хуультай харьцуулахад ололттой олон заалт, зохицуулалтууд тусгагдсан.  Өмгөөллийн үйл ажиллагааны баталгааг илүүтэй хангасан, олон улсын жишигт ойртсон хууль болсон гэж үздэг. НҮБ-аас “Хуульчийн чиг үүргийн нийтлэг зарчмууд”-ыг батлан гаргасан байдаг. Энэ баримт бичгийн агуулгад мөн нийцсэн хууль болж, мөрдөгдөж байна.
 
Тухайлбал, өмгөөлөгчдийнхөө  нийтлэг эрх ашгийг ямар арга замаар хэрхэн хамгаалах, үйл ажиллагааны баталгаа, өөрөө удирдах ёсны байгууллагын бүтэц, чиг үүрэг, мэргэжлийн хариуцлагын тогтолцооны талаар илүү тодорхой зохицуулалтууд тусгагдсан. 
 
Өмгөөллийн байгууллага гишүүдийнхээ дэмжлэг, оролцоонд тулгуурлан үйл ажиллагаа явуулдаг.  Мэргэжлийн өөрөө удирдах ёсны байгууллага.  Өмнө нь салбарын төрийн байгууллага яамны шууд оролцоо манай салбарт их байсан. Наад зах нь өмгөөллийн эрх олгох, цуцлах, түдгэлзүүлэх зэрэг нь Хууль зүйн сайдад хамааралтай байв.  Мөн шүүхэд төлөөлөх эрхийн бүртгэлийг саяхан болтол Улсын Дээд шүүх хариуцдаг байсан . Одоо бол Монголын Өмгөөлөгчдийн Холбоо дээрх асуудлыг бүрэн хариуцаж,  хэрэгжүүлж байгаа. Нэг хэсэгтээ манай салбарынхан бие даасан хуульгүй, Хуульчийн эрх зүйн байдлын тухай  хуулийн зохицуулалтад, хавсарга шинжтэйгээр үйл ажиллагаа явуулж байв.  Харин  одоо хараат бус, бие даасан үйл ажиллагааны баталгаа харьцангуй сайжирсан гэж би  хувьдаа үздэг. Дараагийн нэг чухал заалт нь Төрийн байгууллага, албан тушаалтан хэн ч өмгөөлөгч хуулийн хүрээнд мэргэжлийн үйл ажиллагаагаа эрхлэхэд нь дарамт шахалт үзүүлэх, заналхийлэх, бусад байдлаар нөлөөлөхийг хориглосон зохицуулалт хуульд тусгагдсан. Гэхдээ хуулийн салбарт нь  өндөр хөгжсөн, хүний эрхийг жинхэнэ утгаар нь хангасан хууль эрх зүйн орчинтой зарим улсын жишигт хүрэх болоогүй, хууль тогтоомжийн өөрчлөлтийн хүрээнд хийгдэх зүйлс их байгааг мөн дурдах нь зүйтэй.
 
Яллах өмгөөлөх хоёр талын эрх хуулийн хүрээнд тэнцвэргүй байна
 
-Хүний эрхийн асуудал төрийн болон олон нийтийн анхаарлын төвд байнга байх ёстой. Хүний эрхийн төлөө улстөрчид, хуульчид, иргэний нийгэм, эвсэл хөдөлгөөнийхөн, иргэд  хэн ч бай анхаарч, дуугарч л байх тусмаа сайн.  Хүний эрх, эрх чөлөө хууль тогтоомжоор баталгаажсанаар, мөн тэр нь амьдралд хэр бодитой хэрэгжиж байгаагаар аливаа улс ардчилсан эсэхийг тодорхойлдог. Манайд хүний эрхийн зөрчил, ялангуяа Үндсэн хуулиар баталгаажсан эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх, үг хэлэх, эрүүл мэндээ хамгаалуулах эрх, үзэл бодлоо илэрхийлэх эрхийн төлөв байдлын тухайд дэлхийн жишгээс хол хоцорч байгаа.
 
Хууль тогтоомжоор баталгаажсан боловч амьдрал дээр бодитоор хэрэгжихгүй байгааг цаашид анхаарах нь зүйтэй.  Өмгөөлөгч бол хүний эрхийг хангах, шударга ёсыг тогтооход хамгийн гол үүрэгтэй хүн. Шүүх шударга ёсны баталгаа гэдэг.
 
Харин шүүхээс шударга шийдвэр гаргахад хууль хэрэглэн мэтгэлцэх замаар хамгийн гол туслалцаа үзүүлдэг мэргэжилтэн бол өмгөөлөгч. Зөв шударга шийдвэр гаргахад нөлөөлөх гол хүчин зүйл нь  мэтгэлцээний тэгш байдал, процессын шударга ёс гэж би үздэг. Гэтэл яллах өмгөөлөх талын эрх хуулиар харилцан тэнцвэргүй байгаа нь мэтгэлцээний тэгш байдал, шударга процесс амьдрал дээр хэрэгжихгүй байгаа. Наад зах нь л эрх тэгш мэтгэлцэх ёстой өмгөөлөгчид яллах талдаа хүсэлт гаргаж, тэдний шийдвэрээс хамааралтайгаар чиг үүргээ хэрэгжүүлж байгаа нь шударга бус. Мөн прокурор хэрэг нээхээс эхлээд шүүхэд хэргийг шилжүүлэх хүртэл хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг удирддаг.  Баримт нотолгоонуудтай танилцдаг, мөрдөгчид даалгавар бичиж гүйцэтгүүлдэг бол өмгөөлөгч нарт мөрдөн шалгах ажиллагаа дуустал хэргийн нотлох баримтууд хаалттай, ганц хуудас цаас ч үзэх эрхгүй байна гэсэн үг. Үүнийг хуульд өөрчлөлт оруулах замаар хамгийн түрүүнд засч залруулах шаардлагатай.
 
Хүний эрхийг дээдэлсэн улс орнуудад өмгөөлөгч нь цагаатгах, прокурорууд нь яллах баримтыг тус тусдаа бүрдүүлж, уг баримт нотолгоо баримтуудаа ашиглаж шүүх танхимд мэтгэлцэж, шүүх хөндлөнгийн байр сууринаас шийдвэр гаргадаг.
 
Мөн өмгөөлөгчийн эрх, үүргийг Өмгөөллийн тухай хуульд ерөнхий байдлаар тусгаад орхихгүй, хэрэг хянан шийдвэрлэх хуулиудад өмгөөлөгчийн эрхтэй холбоотой заалтуудыг одоогийнхоос илүү нарийвчилж, тусгах шаардлагатай байгаа юм. Хуулийг бүгд л хэрэгжүүлэх үүрэгтэй. Гэтэл өмгөөллийн хуулиар ийм эрхтэй гээд тайлбарлахад “Наад хуулийг чинь бид хэрэглэдэггүй ээ” гэж өөдөөс хариулах мөрдөгч хааяа таардаг л юм. Ер нь л одоогийн эрх зүйн орчинд өмгөөллийн үйл ажиллагаа явуулах амаргүй. Мөн өмгөөлөл нь аж ахуйн үйл ажиллагаанд хамаардаггүй, нэмүү өртөг бий болгодоггүй байтал үйл ажиллагаанаас олж байгаа орлогын талаас илүү хувийг нь татвар хураамжид шууд суутган авч байгаа. Уг нь хүний эрх, эрх чөлөөг хангах бүх талын баталгааг бүрдүүлэх, зөрчигдсөн эрхийг сэргээн эдлүүлэх төрийн үүрэгт шууд хамаатай ажил үүрэг хэрэгжүүлж байгаа гэдэг утгаар энэ асуудлыг эргэн харах шаардлагатай байна.
 
Прокурор, шүүхээс гарч байгаа шийдвэрүүд ерөнхийлсөн шинжтэй байх нь нийтлэг боллоо
 
-Би Эрүүгийн эрх зүйн секторын ахлах өмгөөлөгчөөр ажиллаж байна.  Монголын Өмгөөлөгчдийн Холбооноос хэд хоногийн өмнө зохион байгуулсан “Хүний эрх ба Өмгөөлөл” сэдэвтэй эрдэм шинжилгээний хурлын үеэр судлаач багш Г.Эрдэнэбат “Эрүүгийн процесс шударга ёсыг тогтоох ёстой. Харин энэ процесст хэн нэгнийх нь эрх давамгайлаад л байвал тэр давамгайлж байгаа талын хүссэн л “шударга ёс” тогтоно” гэсэн агуулгатай зүйл хэлсэн. Үүнтэй би бүрэн санал нийлж байгаа.
 
Нэг талын, тодруулбал прокурорын эрх процесст давамгайлаад л байвал хэргийн байдал бодитоор тогтоогдох магадлал бага. Харин алдаа гарах магадлал төдий чинээ их. Шийдвэрт хүрэх алхмууд, үйл явц, процесс шударга байж л тухайн шийдвэр шударга гарна.
 
Тэгэхээр мэтгэлцэгч талууд болох өмгөөлөгч прокурорын эрхийг харьцангуй тэнцвэртэй байлгах, өмгөөлөгч нотлох баримтыг цуглуулах бэхжүүлэх ажиллагаанд харьцангуй идэвхтэй оролцдог болгох, уг ажиллагаагаар цуглуулсан баримтыг шүүхэд үнэлдэг болох тогтолцоог даруй нэвтрүүлэх хэрэгтэй. Энэ бол Англи, Америк, Канад зэрэг олон оронд хэрэгждэг, үр нөлөөтэй л процесс.
 
Тухайлбал,  Канадад Эрүүгийн хэргийн хянан шийдвэрлэх ажиллагааны явцад яллах, өмгөөлөх тал тус тусдаа шинжээчээр дүгнэлт гаргуулаад, шүүх хуралдааны үед шинжээчид нь гаргасан дүгнэлтүүдээ хамгаалж мэтгэлцээнд оролцдог.  Шүүх нь хөндлөнгийн байр сууринаас, аль итгэл үнэмшил илүү төрүүлж байгаа, үндэслэлтэйг нь хүлээн авах замаар нотлох баримтыг үнэлдэг.
 
Гэтэл манайд хуулийн зохицуулалтаас шалтгаалаад шинжээч томилох, дахин шинжилгээ хийлгэх, шинжээчээс ямар асуулт асуух гэх мэт нь мөрдөгч прокурорын үзэмжээр шийдэгдэж байгаа. Сүүлийн үед прокурор, шүүхээс гарч байгаа шийдвэрүүдийн хууль зүйн болоод нотолгооны үндэслэлүүд хэт бүрхэг, тодорхойгүй, ерөнхийлсөн шинжтэй байх явдал нийтлэг жишиг боллоо.
 
Мэргэшсэн өмгөөлөгч гэх нэршлийг шалгуургүйгээр шууд хэрэглэх нь их байна
 
-Шударга, хүний эрхийг дээдэлсэн нийгмийг бүтээхэд, эрх зүйт төрийн тогтвортой байдлыг хангахад хуульчдын, тэр дундаа өмгөөлөгчдийн оролцоо их гэдгийг хаа ч хүлээн зөвшөөрдөг. Тэр ч утгаар өмгөөлөгчийн ажил нэр хүндтэй ажил байдаг. Өндөр ч шалгууртай. Одоо олон улсад өмгөөллийн үйл ажиллагааг хамтарч, нэгдсэн зохион байгуулалттайгаар эрхлэх нь маш түгээмэл байгаа.
 
Эрүү, иргэн, захиргааны эрх зүй гээд л тодорхой салбар эрх зүйн чиглэлээр мэргэших, түүнээсээ бүр нарийсч хэрэг маргааны төрлөөр буюу үл хөдлөхийн, гэрээний гэх зэргээр дагнах байдлаар өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх хандлага их болж байна.
 
АНУ, Солонгос зэрэг улсуудад мэргэшсэн өмгөөлөгч болох шалгуур, түүнийг шалгаруулах комиссын бүрэлдэхүүн, ямар хугацаагаар энэ нэрийг хэрэглэх зэргийг нарийн зохицуулж, журамласан байдаг. Энэ нь үйлчлүүлэгч яг өөрийнх нь хүссэн үйлчилгээг тухайн асуудлаар нарийн мэргэшсэн хүнээс авч байгаа эсэхээ тодорхойлоход амар гэсэн үг. Мэргэшсэн өмгөөлөгчийн нэршил хэрэглэхийн тулд шалгалт өгөх, тодорхой хугацааны туршид тухайн чиглэлээр тогтвортой ажиллаж туршлага хуримтлуулсан байх, сургалтад тогтвортой хамрагдсан байх гэх мэт шаардлага заавал тавигддаг. Манайд энэ асуудал тодорхой түвшинд яригддаг боловч одоогоор албан ёсоор ажил хэрэг болоогүй байна. Тийм болохоор манай зарим өмгөөлөгч нар мэргэшсэн гэх нэршлийг шалгуур, шаардлагагүйгээр шууд  хэрэглэх тохиолдол их  байна.
 
 
Төмөрбаатарын БАТСАЙХАН
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин