sonin.mn
Украин дахь Америкийн биологийн лаборатори цэргийн зориулалттайг болохыг эргэлзээгүй нотолсон баримтууд бий гэж ОХУ-ын Холбооны Зөвлөлийн орлогч дарга Константин Косачев хэллээ.
Тодруулбал Украинд Америк  биологийн лаборатори байгуулсан асуудлаар Оросын олон нийт, шинжээчид болон Парламентын мөрдөн байцаах хороо янз бүрийн таамаглал дэвшүүлж байсан бөгөөд одоо бол эдгээр туршилтын үйл ажиллагаа нь цэргийн шинж чанартай, хууль тогтоомжийг ноцтой зөрчсөн үйлдэл болох эргэлзээгүй баримт, нотолгоо олж авсан гэдгээ Константин Косачев онцолсон байна. 
 
Энэ нь АНУ болон холбогдох субьектууд 1972 онд Биологийн зэвсгийн тухай конвенцид гарын үсэг зурсан амлалтаасаа няцсан ноцтой зөрчил гэв.
 
Өмнө нь ОХУ-ын Батлан хамгаалах яамны хэвлэлийн төлөөлөгч Игорь Конашенков:  "Оросын арми хоёрдугаар сарын 24-нд тарваган тахал, боом, туляреми, холери болон бусад үхлийн аюултай өвчний өндөр эрсдэлтэй эмгэг төрүүлэгчдийг яаралтай устгахыг Украины биологийн лабораторийн ажилтнуудад шаардсан тухай баримт бичгийг олсон. Дараа нь энэ тухай цуврал баримт бичгийг олон нийтэд мэдээлсэн" гэж байлаа.
 
 
Энэ сарын эхээр Женевт болсон Биологийн зэвсгийн тухай конвенцид оролцогч улсуудын албан ёсны зөвлөлдөх уулзалтын үеэр Оросын төлөөлөгчид АНУ-ыг конвенцыг зөрчсөн үйл ажиллагаа явуулсан тухай баримт бичгүүдийг дэлгэн, энэ талаар санаа зовж буйгаа илэрхийлж байсан юм.
 
Г.Бямба