sonin.mn
Шанхайн Хамтын Ажиллагааны Байгууллага /ШХАБ/-ын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн 22 дугаар хурал Узбекистан улсын Самарканд хотноо 2022 оны 09 дүгээр сарын 15-16-ны өдрүүдэд болж буйтай холбогдуулан сэтгүүлч О. Дарамбазар дипломатч, олон улсын харилцаа судлаач эрдэмтэн, түүхийн шинжлэх ухааны доктор, МУИС-ийн профессор Ж.Баясахтай ярилцжээ.
 
Дипломатч, судлаач хүний хувьд та ШХАБ үүсч хөгжсөн түүхэн нөхцөл байдал, мөн уг байгууллагын гишүүнчлэл талаар МУ ямар байр суурьтай байх нь зөв гэж ойлгодог вэ?
 
2001 онд ШХАБ байгуулагдах үед дэлхийн тогтолцоо АНУ-ын нэг туйлт ноёрхолд байсан. Тэр үед Орос болон Хятад улс салан тусгаарлах үзэл, терроризм, хэт даврах үзэл гэсэн “Гурван хүчин”-ий эсрэг тэмцэх зорилготойгоор энэ байгууллагыг анхлан байгуулсан юм. Гэхдээ олон улсын систем дэх АНУ-ын нэг туйлт ноёрхол, түүний дээрэнгүй үзэл, захирангуй хандлагын эсрэг зогсохын тулд энэ байгууллагыг байгуулсан гэж би үздэг.
 
Өрнөдийн олон улс төрч уг байгууллагыг байгуулагдсан цагаас нь хойш түүнийг “Дорнын эвсэл буюу Ази дахь шинэ НАТО” гэж харлуулах болсон. Үнэндээ ШХАБ нь “Гурван хүчин”-ий эсрэг хүч нэгдэн хамтран тэмцэхээс гадна, гишүүн орнууд хоорондын эдийн засгийн хамтын ажиллагаанд ихээхэн анхаарал хандуулж ирсэн билээ.  
 
ШХАБ-ын дүрмийн дагуу гишүүн орнууд нь тус байгууллагын гишүүн орнууд руу чиглэсэн гадаад болон эдийн засгийн бодлогодоо тэргүүлэх ач холбогдол өгч, дэлхийн бусад улс орон руу бага анхаарал хандуулах ёстой байдаг. 1991 оны ардчилсан хувьсгалын ялалтаас хойш МУ түүхэндээ гадаад бодлого болон үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалаа хоёр удаа тунхаглан зарласан. Одоо бид бие даасан гадаад бодлоготой болж, олон улсын хэд хэдэн байгууллагад гишүүнээр элсэж, идэвхтэй байр суурьтай болоод байна.
 
Дипломатч, судлаач хүний хувьд би Монгол Улс дараах зүйлсийг баримтлах ёстой гэж үзэж байна. Монгол Улс ШХАБ-д ажиглагчийн статустаа цаашид хэвээр хадгалах; Аюулгүй байдлын хамтын ажиллагаанд оролцох; Төв Ази болон Зүүн Азийн хооронд “зуучлагч, зохицуулагч” байх; Бүс нутаг болон дэд бүс нутагтай харилцаагаа хөгжүүлж, гадаад харилцаагаа зөвхөн босоо түвшинд төдийгүй хэвтээ түвшинд ч хөгжүүлэх хэрэгтэй. Ингэснээрээ Монгол Улс гадаад бодлогоосоо тодорхой хэмжээний үр ашиг хүртэх боломжтой; Цөмийн зэвсгээс ангид бүс байгуулах тухай яриа хэлцэл (1993), Төв Азийн цөмийн зэвсгээс ангид бүсийн статусыг хөгжүүлэхэд үзүүлэх нөлөөллийн тухай яриа хэлцлээ хэвээр хадгалах зэрэг болно.
 
 ШХАБ-ын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн 22 дугаар хурал Узбекистан улсын Самарканд хотноо энэ сарын 15-16-нд болж байна. Энэ хурал ямар үр дүнд хүрнэ гэж та төсөөлж байна вэ?
 
Юуны өмнө, ШХАБ-ын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн 22 дугаар дээд хурал нь цар тахал дуусаагүй, Орос-Украины хоорондын зэвсэгт мөргөлдөөн даамжирч байгаа, олон улсын нэг туйлт тогтолцоо нурж эхлэн олон туйлт тогтолцоо бэхжин хөгжиж байгаа, ам.долларын “монополчлол” сүйрч байгаа, дэлхийн эдийн засаг хүнд байдалд татагдан орсон зэрэг ээдрээн будлиант шинэ нөхцөл байдалд болж байгаагаараа улам ч онцлог байгаа бөгөөд энэ утгаараа бүс нутаг тэрчлэн даян дэлхийн анхаарлын төвд орж байгааг онцлон тэмдэглэх хэрэгтэй. Ийм ч учраас Узбекистан улсын Самарканд хотноо 2022 оны 09 дүгээр сарын 15-16-ны өдрүүдэд болох ШХАБ-ын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн 22 дугаар дээд хурал, тэр тусмаа цар тахал дэгдсэнээс хойш Хятад улсын дарга Ши Жиньпин анх удаа харь оронд айлчилж, бүс нутгийн энэхүү чухал том байгууллагын хуралд оролцон, талуудтай уулзалт хийх зэрэг том чухал дипломат үйл ажиллагаа нь бидний сонирхлыг маш их татаж байна. Хуралд оролцогч талууд дээр онцгой нөхцөл байдалд тулгуурлан бүс нутаг цаашлаад дэлхий нийтийн хөгжилд ихээхэн нөлөө бүхий том чухал шийдвэрүүдийг гаргана гэсэн хүлээлттэй байгаа бөгөөд ШХАБ нь цаашид бүс нутаг болон даян дэлхийн хөгжилд улам чухал том хувь нэмэр орчуулна гэдэгт итгэлтэй байна.
 
 
О. Дарамбазар