сонин mn
Хоббигоо ажил мэргэжлээ болгосон хүмүүс хийж буй ажилдаа илүү их амжилт гаргадаг хэмээн уншиж, сонсож л байсан байх. Гэхдээ амьдрал дээр хийдэг ажил, сурсан мэргэжил, хобби гурав тэс өөр байх нь түгээмэл.
Би гэхэд дипломатын сургууль төгссөн хэрнээ санхүүгээр ажилладаг, харин ном унших хоббитой. 
 
Хааяа боддог юм. Хэрэв машин засах хоббитой бол жижиг засварын газартай ч байж болох, эсвэл юм оёж шидэх дуртай бол авсаархан оёдлын цех ажиллуулдаг ч байж болох юм. Эсвэл хэлний авьяастай бол нэг сургалтын төвтэй ч байдаг юм уу. Ер нь юу ч байж болох л доо. Тэгж хоббигоо бизнес болгосон хүмүүс их азтай хүмүүс шиг санагддаг. 
Харин над шиг тун барьцгүй, бариад авах юмгүй хоббитой хүмүүст хоббигоороо мөнгө олох ч жаахан эргэлзээтэй л зүйл. Ном уншсаар мөнгө олдог бол өдөржин ном уншиж өнгөрөөх юмсан, даанч амин зуулга, ар амьдрал гэж нэг юм байна. Тиймээс ихэнх цагаа ажилдаа л зарцуулах юм. Өдөр хоног ингэж өнгөрсөөр тэтгэвэрт гараад, завтай болохоороо л хоббигоо хөөцөлдөх шинжтэй. 
 
Саяхан нэг сэтгүүлч найз маань ном бичиж үзвэл яасан юм гэсэн аятайхан санаа хэллээ. Санаа  сайхан байвч над шиг юуг ч нэвтэрхий мэддэггүй хүнд юуны ч тухай бичих юм билээ гэж бодогдоод тэр тухай бодож ч зүрхлэхгүйгээ ойлгосон. 
 
Түүний хэлснээр сүүлийн үед хүнээр ном захиалж бичүүлээд өөрийнхөө нэрээр гаргадаг мода дэлгэрсэн гэнэ. Ялангуяа баруунд тийм соёл нэвтрээд удаж байгаа юм байх. Манайхны дунд ч бас тийм хэд хэдэн ном бестселлэр болж байгаа гэнэ. 
Харин надад бол ном орчуулж гаргавал их гоё, утга учиртай хобби болж магадгүй юм шиг бодогддог болсон. Тэгвэл тэтгэвэрт гарсан хойноо ч дуртай юмаа хийнэ. Тэр нь ганц өөрийн хийх дуртай зүйл төдийгүй бусдад ч бас хэрэгтэй зүйл болох юм байна гэж төсөөлөгдөх боллоо. 
 
Үүний тулд монгол хэлээ их сайн мэддэг байх хэрэгтэй юм билээ. Тиймээс Монголынхоо сор болсон зохиолчдын сонгодог бүтээлүүдийг үе үе сэргээж уншиж байя гэж бодов. Нэг л өдөр үзэг цаас нийлүүлэхээр суухад тэр гоё яруу тансаг, аялгуу сайхан төрөлх хэл минь хэрэг болох нь дамжиггүй. 
Гэснээс та ч бас тэтгэвэрт гарахаараа юу хийх тухайгаа эртнээс бодож байвал зүгээр шүү. Одоо амжихгүй яваа бол завтай цаг нь ирэхээр хоббигоо заавал хөөцөлдөөд үзээрэй.
 
 
Н.Болортуяа