sonin.mn
Монгол Улсад батлан хамгаалах асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага үүсэн байгуулагдсаны 110 жилийн ой тохиож байгаатай холбогдуулан манай сонин үе үеийн Батлан хамгаалахын сайд нарыг урьж ярилцаж байгаа билээ. Энэ удаа Батлан хамгаалахын 27 дахь сайд, БНМАУ, ЗХУ-ын баатар, хошууч генерал Ж.Гүррагчаатай ярилцлаа.
 
Таны хувьд 2000-2004 онд Батлан хамгаалахын сайдаар томилогдон ажилласан. Тухайн үед салбарын өнгө төрх ар байсан талаар яриагаа эхэлье...
 
-2000-аад оны эхэн үе бол манай Батлан хамгаалах, Зэвсэгт хүчинд эрх зүйн шинэ орчныг бүрдүүлэх, цаашлаад шинэчлэлийн салхийг сэвэлзүүлэх хариуцлагатай он жилүүд байсан гэж боддог. Батлан хамгаалах яам, ЗХЖШ хоёрыг хооронд нь өөр хуулиар зохицуулдаг болгохоос эхлээд олон хуулийг шинээр боловсруулсан. Мөн Зэвсэгт хүчний алба хаагчид ганц эх орондоо бус хилийн чанадад үүрэг гүйцэтгэх бололцоо боломжийг нэмэгдүүлж байсан цаг үеийн тухай бид хоёр ярьж байна. Тодруулбал, НҮБ-ын шугамаар олон улсын энхийг сахиулах болон олон улсын цэргийн ажиллагаанд Монгол Улсын Зэвсэгт хүчнийг оролцуулах том ажил эхэлсэн байсныг эрх зүйн хүрээнд бүрэн гүйцэтгэх боловсруулах шаардлага нь манай Засгийн газрын өмнө тулгарсан. Тухайн үеийн Засгийн газрын тэргүүнээр Н.Энхбаяр дарга ажилласан. Хүчтэй удирдагч хүн, тэр нэр хүндээр бид бүрэн хугацаанд ажилласан цорын ганц Засгийн газар болж байв.
1990-ээд оноос хойш нэг хэсэгтээ Батлан хамгаалахын сайд Улсын Онцгой комиссыг тэргүүлж удирддаг байсан. Намайг сайдын ажлыг авахтай зэрэгцээд манай оронд байгаль, цаг уурын хүндхэн жилүүд эхэлсэн. Хөдөө орон нутгаар зудын гамшиг нүүрлэж малчид, иргэдэд багагүй гарз тохиож байсан. Үүнийг шийдэхэд Засгийн газар гол анхаарлаа хандуулаад зогсохгүй байгаа хөрөнгө, төсвөө хүртэл зарцуулах онцгой шаардлага тулгарч байлаа. Энэ байдал тухайн үед НҮБ-ын анхааралд хүрч олон улсын шинжээчдийн баг манай оронд ирж ажилласан. Шинжээчдийн дүгнэлтээр ган, зуд бол гамшиг юм гэдгийг олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрүүлэх ажлыг анхлан хийж, гамшиг болсон тохиолдолд дэлхийн улс орнуудаас тусламж, дэмжлэг авдаг тэрхүү боломж нээгдсэн. Тухайн үед улс маань их хэмжээний эдийн засгийн хохирол амссан. Үүнээс хамгийн том ачааг үүрсэн хүмүүс нь малчид юм. Тиймээс Батлан хамгаалахын сайдаар ажиллаж буй надад үүнийг зөв зохистойгоор зохицуулах ажил оногдож, хэд хэдэн арга хэмжээг авч хэрэгжүүлсэн. Гай ганцаар явдаггүй гэдэг шиг зудын хажуугаар малын халдварт өвчлөл гарч эхлэв. Халдварыг зогсоохын тулд бид маш нарийн тооцоо, судалгаанд үндэслэж ажилласан. 2001 оны 3 дугаар сарын 20-доор гэхэд бүр Улаанбаатар хотынхоо зарим хэсэгт хөл хорио тогтоох шаардлага тулгарч байлаа. Магадгүй Батлан хамгаалахын сайдаар ажиллаж байсан бусад хүмүүсээс ялгарах гол ажил нь энэ байсан болов уу гэж хожим бодогддог.
 
Салбарын эрх зүйн орчин, тэр дундаа Батлан хамгаалах тухай, Зэвсэгт хүчний тухай хуулиудад нэмэлт өөрчлөлт оруулснаар салбарын эрх зүйн орчин илүү боловсронгуй болсон гэдгийг олон хүн хэлдэг ...
 
-Бид олон хуулийг шинээр боловсруулж эрх зүйн тогтвортой орчныг бий болгох ажлыг хийсэн. Цэрэг, иргэний нисэхийн тухай хуулиуд батлагдсанаас эхлээд НҮБ-ын энхийг сахиулах болон олон улсын цэргийн ажиллагаанд Зэвсэгт хүчний болоод цагдаагийн алба хаагчдыг оролцуулах талаар хуульчлахын тулд маш олон төрлийн шат дамжлагыг давсан. Мөн “Төрийн цэргийн бодлогын үндэс баримт бичиг”-ийг гаргаж УИХ-аар батлуулсан. Мэдээж Батлан хамгаалах тухай, цэрэг, цагдаагийн алба хаагчдын ажиллах эрх зүйн орчныг бүрдүүлж байгаа энэ үйл явдал нь бидний хамгийн том зорилтуудын нэг байсан юм.Аливаа зүйлийг шинээр эхлүүлнэ гэдэг хэцүү. Юмыг хийе гэсэн хүмүүс байхад болохгүй, бүтэхгүй талаас нь хардаг хүн ч цөөнгүй. Зэвсэгт хүчний хэмжээнд нэгж бүхэн өөрсдийн зорилго, зорилтоо тодорхойлох шаардлага үүссэн. Манай салбарт гадаадын шилдэг сургуулиудад суралцаж, юм үзэж нүд тайлсан, тулаад ажиллахад тулгуур нь болсон залуучууд байсны хүчинд олон шинэ ажпыг зохион байгуулж чадсан. Тэдгээрийн дундаас бригадын генерал Ч.Сосорбарамыг онцолмоор байна. Шинийг эхлүүлье гэж дуугардаг хүмүүс маш их, харин шинийг эхлүүлэхийн тулд ийм байх ёстой гэж төлөвлөдөг нь тун цөөхөн байсны нэг нь Ч.Сосорбарам байжээ гэж боддог.
 
Алба хаагчдыг НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд оролцуулах бэлтгэлийг хангуулан хэрэгжүүлж, анхны цэргийн багийг илгээх түүхэн үйл явдлын гэрч болсон хүний хувьд тухайн үеийн батлан хамгаалах салбарын нөхцөл, боломж хэр байсан тухайд түүх сөхвөл сонин байх болов уу?
 
-Манай орон зах зээлийн нийгэмд шилжихтэй зэрэгцээд армиас олон чадварлаг, бэлтгэгдсэн офицерууд ажил, албаа орхиж, амьдралаа авч явахын тулд ачаа, бараа зөөж эхэлсэн. Үүнээс шалтгаалж энэ салбарын боловсон хүчний чадавх маш их суларсан. Зах зээлийн нийгмийн дараачаас 2000-аад оны эхэн үе хүртэл Монгол Улсын Зэвсэгт хүчин ард түмэндээ ч, олон улсад ч нэр хүнд муутай байсныг нуух хэрэггүй биз. "Улс орон ардчилал гэж энэ том шинэчлэлийг хийж байхад манайд Зэвсэгт хүчин хэрэг байна уу, хэнтэй юугаар байлдах билээ" гэх мэт олон асуултад хариулт өгөх төвөгтэй цаг үе байлаа. Харин одоо цагт энэ хандлага алга болсон. Энэ нь олон улсын энхийг сахиулах ажиллагаанд манай Зэвсэгт хүчин оролцож эхэлсэнтэй салшгүй холбоотой. Бид дэлхийд данстай Зэвсэгт хүчинтэй болсноороо өөрсдийн орны аюулгүй байдлыг хамгаалах чадамжтай юм байна гэдгийг ард түмэндээ ойлгуулж өгсөн.
 
 
Манай энхийг сахиулагчид дэлхийн халуун цэгүүдэд үүрэг гүйцэтгэж эхлэхээсээ л цогтой, золбоотой, нэр төртэй, авхаалж самбаатай, найдвартай байж чадсан нь өнөөдөр олон улсын хэмжээнд монгол цэргүүдийн талаар эерэг ойлголттой байгаагийн үндэс болсон.
 
 
Таны хэлсэн шиг би Батлан хамгаалахын сайдаар ажиллах хугацаандаа анх удаа олон улсын ажиглагчдын төлөөлөл болгож хоёр офицероо Баруун Сахар луу, анхны цэргийн багаа Ирак руу үдэн гаргаж байлаа. Ойрх Дорнодын асуудал тийм ярвигтай, хүнд байх үед тэр газар орон руу өөрийнхөө дайчдыг илгээнэ гэдэг салбарын сайдын хувьд амаргүй даваа байв. "Үүнийг эцсийн байдлаар шийдье, явуулъя" гэж хэлэх тун төвөгтэй байсан. Нэг талаас Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч, нөгөө талаас Засгийн газрын тэргүүн байр сууриа илэрхийлсэн. Бид гурав олон дахин ярилцаж байж энэ шийдвэрийг гаргасан. Бидний илгээсэн цэргийн баг өөрсдийн амьдрах ахуй нөхцөлөө бий болгох, эрүүл мэндээ өөрсдөө хамгаалах шаардлагуудыг хамтад нь биелүүлэх ёстой болсон. Тиймээс бид барилга-инженерийн, эмнэлгийн ротыг анхлан явуулж байлаа. Хамгийн гол нь өнөөдөр манай алба хаагчид энхийг сахиулах ажиллагаанд албадлага шахалтаар бус өөрийн санаачилгаар явж байгаа. Гадаадад үүрэг гүйцэтгэж, нүд тайлж, өөрийгөө хөгжүүлэх хүсэл эрмэлзэлтэй залуусын эгнээ тэлсээр байгаа нь тэр үеийн шийдвэрийн үргэлжлэл юм даа.
 
“Иракийн эрх чөлөө” ажиллагааны II ээлжид үүрэг гүйцэтгэсэн дэд ахлагч Г.Аззаяа, Ш.Самбуу-Ёндон нар “Чарли” бааз руу чиглэсэн халдлагыг няцааж, монгол цэргийн алдрыг дэлхий дахинд таниулсан. Энэ үйл явдал манай ард түмэнд том итгэл найдвар өгсөн нь мэдээж ...
 
-Хамгийн гол нь тэр залуучуудын авхаалж самбаанаас л шалтгаалсан хэрэг. Машин дүүрэн тэсрэх бодис баазад нэвтэрлээ л бол маш том хэмжээний гамшиг болох байсан. Манай хоёр залуу бусад цэргийн алба хаагчдадаа үнэхээр үлгэр жишээ болж чадсан.
 
 
Монгол цэрэг тийм л авхаалжтай, түргэн хугацаанд зөв шийдвэр гаргаж чаддаг, буудлаа гэхэд байгаа онодог гэдгийг дэлхий нийтэд харуулчихсан.
 
 
АНУ-ын Ерөнхийлөгч хүртэл хүлээн авч уулзаж байсныг бид мэднэ шүү дээ. Үүнийг ард иргэд бүгдийг нь сонсож үзэж байгаа. Манай оронд Зэвсэгт хүчин зайлшгүй хэрэгтэй юм байна гэдгийг ойлгуулж өгсөн.
 
Алба хаагчдын нийгмийн асуудлыг шийдэх талаар дорвитой шинэчлэл хийж чадсан. Жишээ нь таныг сайдаар ажиллах үед 2003 оныг “Зэвсэгт хүчний офицер, ахлагч нарын нийгмийн хамгааллыг сайжруулах жил” болгон зарлаж, энэ хүрээнд 400 гаруй алба хаагчийг албан тушаалын орон сууцад оруулж, 40 гаруй алба хаагчийг эдэлбэр газартай болгосон юм билээ ...
 
-Тухайн цаг үед офицер, ахлагч нарын нийгмийн асуудал хүнд байсан. Байр орон сууц, цалин хангамж төдийлөн хангалттай байгаагүй. 1990-ээд оноос Зэвсэгт хүчин цомхотголд орсноос үүдэж цэргийн анги болгоны байр, талбай, байшин барилгууд суларсан. Гагцхүү түүнийг хэрхэн алба хаагчдынхаа нийгмийн асуудлыг шийдэх гарц болгох вэ гэдгийг судалж үзсэн хэрэг. Бололцоотойг нь засаж янзлаад хүн амьдрах орчныг бүрдүүлж эхэлсэн. Жишээ нь Зэвсэгт хүчний 065 дугаар ангийн хуучин байрлалыг албан тушаалын орон сууц болгож тохижуулсан. Дараа дараагийн Батлан хамгаалахын сайд нар ч алба хаагчдынхаа нийгмийн асуудлыг шийдэх олон цогц арга хэмжээг хэрэгжүүлсэн. Тэр тусмаа Л.Болд сайд хэд хэдэн чухал ажпыг эхлүүлсэн гэж боддог. Манай салбарынхны дунд үе үеийн сайд нарыг чанартай ажиллаж чадсан, чадаагүйгээр нь ялгаж үздэг л байх. Энгийнээр ярихад шинэчлэл нэрийн дор дарга, удирдлагуудыг халж солиод байгаа хүнийг их ажил хийсэн мэтээр дүгнэдэг буруу хандлага бий. Харин хэвийн журмыг нь алдагдуулахгүйгээр, байгаа хүч бололцоонд нь тулгуурлан зохицуулдаг сайд нарыг юу ч хийгээгүй мэтээр дүгнээд байгаа юм шиг санагддаг.
 
Таны үед салбарын гадаад харилцаа хэрхэн өргөжсөн бэ?
 
-Манай салбарын гадаад харилцаа өмнө, хойд хоёр хөршөөсөө давдаггүй байсан гэхэд буруудахгүй. Хөрөнгө оруулаад шинээр зэвсэг, техник авчихсан тохиолдол байгаагүй. Нэгэнт л бид өнөөдөр ОХУ-ын зэвсэглэл, техникийг ашиглаж байгаа учир тус улсын хэлийг мэддэг байх ёстой.
Бид дотооддоо боловсон хүчин бэлтгэж байгаа нь авууштай чанар ч тухайн үед орос хэл мэддэг хүн тун цөөхөн байсан. Тиймээс ОХУ-тай хамтын ажиллагааг сэргээх бодлогыг баримталж ажилласан. Өмнөд хөрштэйгөө ч харилцаагаа бататгасан. Цаашлаад Европын орнуудтай харилцаа тогтоох үүднээс Турк, Бельги, Германаас эхлээд Голланд, Украин, Беларусь, Болгар, Люксембург, Финлянд, Ази тивийн Энэтхэг, Япон, Шри-Ланк зэрэг хэд хэдэн оронтой цэргийн дипломат харилцааг шинээр бий болгосон. Үүний үр дүн ч гарсан. Бельги Улсын Зэвсэгт хүчин "НАТО" дотроо цэргийн эмнэлгээрээ дагнаж ажилладаг. Тиймээс бид тус орны Батлан хамгаалахын сайдыг эх орондоо урьж өөрсдийн цэргийн эмнэлгийн үйл ажиллагааг танилцуулж, олон улсын шаардлагад нийцэх хэмжээнд өргөжүүлэх үүднээс хэд хэдэн хэлэлцээрт хүрсэн. Дараа нь тус улсад цэргийн атташе суулгасан нь манай хоёр орны батлан хамгаалах салбарын хамтын ажиллагааны хувьд том алхам болж чадсан. 2000-аад оны эхээр манай орон Германы талаас эдэлж хэрэглэж байсан зэвсэг техникүүд, Туркийн Засгийн газраас жил болгон тодорхой хэмжээний мөнгөн тусламжийг хүлээн авдаг болсон. Тиймээс намайг сайдаар ажилласан хугацаанд Батлан хамгаалах салбарын гадаад хамтын ажиллагаа багагүй өргөжиж чадсан гэж дүгнэдэг. Цэргийн зэвсэглэл, техникийг өргөжүүлэх нь тухайн үеийн гол асуудал байжээ. 
 
Таныг сайдаар ажиллах хугацаанд цэргийн зэвсэглэл, техникт зарцуулах төсөв хөрөнгө 10 дахин нэмэгдсэн гэдэг үзүүлэлт бий. Энэ нь хойд хөрштэйгөө хэрэгжүүлж буй цэрэг-техникийн хамтын ажиллагааны эхлэл байсан болов уу...
 
-Ер нь 1990-ээд оноос хойш анх удаа төр засгийн хөрөнгө оруулалтаар ОХУ-аас шинээр цэргийн зэвсэглэл, техник худалдаж авсан. Анх удаа хэрэгжлээ гэж манай салбарын удирдлагууд үнэлж байсан. Өнөөдөр ОХУ дэлхий дахинд цэрэг, арми талдаа бараг л дайны эрмэгт байгаа гэж хэлж болно. Чухам энэ ээдрээтэй цаг үед тус орны ЗХЖШ-ын дарга манай оронд айлчлал хийж буй нь бидэнд багагүй анхаарал хандуулж байгаагийн илрэл гэж ойлгож байгаа. Цаашид харилцаагаа бүр ч өргөжүүлэх хэрэгтэй. Миний олон жил ярьж, хэлж байгаа нэг зүйл бол Монгол оронд алба хаасан орос дайчдыг мартаж, орхилгүйгээр хэлхээ холбоогоо үргэлжлүүлэх юм. Тухайлсал дайны үед монголчуудын хөрөнгөөр бий болгосон “Монгол ард” эксадрил манай Ардын Армийн нисгэгчийн хамт Налайхад нислэг үйлддэг байсан. Ардчилал гарсны дараачаас "хөөгөөд явуулснаас" хойш ямар ч сураг ажиг байхгүй болсон Байлдааны туг, медаль шагнапууд, байлдааны нэгжийн түүх нь тэр үед цуг хил даваад явчихсан. Гэтэл саяхан тус эскадрилийн дарга манай оронд ирсэн. Тэр үед би түүнтэй биечлэн уулзсан юм. Ирэх жилээс Монгол оронд алба хаасан хүмүүсийн төлөөцлөөс нааш нь явуулж, ажиллаж амьдарч байсан газар оронд нь аваачих ажлыг Батлан хамгаалах салбар, Монгол-Оросын найрамдлын нийгэмлэг хамтраад хүлээж авах тухай саналыг тавьсан. Ганц“Монгол ард” эскадрилийн алба хаагчид гэлтгүй Чойр, Шивээговь, Өвөрхангай, Дорнод гэх мэт газруудад хэдэн зуун орос офицер гэр бүлийн хамт суурьшиж байсан учир энд төрсөн хүүхдүүд бишгүй олон байдаг. Тэр хүмүүсийн сэтгэлийн буланд Монгол орноо гэсэн бодол байж л байгаа. Энэ холбоогоо бид тасалдуулахгүй байх хэрэгтэй. Ийм харилцаан дээр тогтсон хоёр орны найрамдал хамгийн үнэтэйд тооцогддог юм шүү дээ. Миний хувьд энэ ажлыг зохион байгуулахаар зорьсон. Болно байх гэж найдаж байна.
 
Та цэргийн гэрээт албыг өргөжүүлэх талаар багагүй ажлыг хийсэн. Энэ нь хэр их ач холбогдлыг дагуулсан ажил болж байв?
 
-Бидний нэг том зорилго бол Зэвсэгт хүчнийг мэргэжлийн цэрэгтэй болгох байсан. Мэргэжлийн гэх энэ тодотголын гол үндэс нь мэдээж цэргийн гэрээт алба юм. Хугацаат цэргийн албаа хаахтай зэрэгцээд энэ салбартаа ажиллах хүсэл сонирхолтой залуусыг Зэвсэгт хүчиндээ жинхэнэ мэргэжлийн хүн болгон үлдээж, цааш сурч боловсрох нөхцөлийг нь бүрдүүлж өгсөн хэрэг. Энэ албыг өмнөх Батлан хамгаалахын сайд нарын үед хэрэгжүүлж эхэлснийг бид хууль эрх зүйн орчных нь хувьд бэхжүүлсэн.
 
Сайдын бүрэн эрхийнхээ хугацаанд дуусгаж амжаагүй ямар ажлууд үлдсэн бэ?
 
-Ер нь аливаа сайдын хэрэгжүүлсэн ажил дуусгавар болно гэж байдаггүй. Дараа дараагийн үедээ залгамж холбоо болох учиртай. Бидний хувьд салбарын гадаад хамтын ажиллагааны тал дээр яг санасандаа хүртэл дуусгаж амжаагүй ажил бишгүй үлдсэн. Жишээ нь Бельги Улстай хамтын ажиллагаагаа цааш үргэлжлүүлж, алсдаа "НАТО"-д өөрсдийн байр суурьтай болох зорилгыг өвөртөлж байв. Ер нь зөв эхэлсэн ажил зөвөөр л дуусдаг. Тэгэхээр эдгээр ажлууд цаашдаа улам өргөжнө гэдэгт итгэлтэй байна.
 
Таны бодлоор манай батлан хамгаалах салбар ямар чиглэлээр, хэрхэн хөгжих ёстой вэ? Салбарын хэтийн төлөвийг та хэрхэн харж байна?
 
-Өнөөдөр бид цоо шинэ зүйлсийг бодож хэрэгжүүлэх боломжгүй. Харин эхлүүлсэн ажлаа зөвөөр үргэлжлүүлэх ёстой. Тэдгээрийн дундаас НҮБ-ын энхийг сахиулах болон олон улсын цэргийн ажиллагаанд манай Зэвсэгт хүчин орж байгаа нь эргээд улс орны аюулгүй байдлыг хангахад оруулж буй том хувь нэмэр юм. Саяхан манай Зэвсэгт хүчинд шинээр командлалууд бий болж төрөл мэргэжлийн цэргүүдийн тоо нэмэгдсэн. Ер нь тайван цагт Зэвсэгт хүчний олж авах гол зүйл нь мэдээлэл байх ёстой. Өнөөдөр манай орон улс орныхоо кибер аюулгүй байдлыг. хангах талаар том алхмыг эхлүүлж, чиглэл болгон ажиллаж байна. Мэдээллийг хэр их олзворлож чадна тэр нь болзошгүй нөхцөл байдал үүсэхэд хамгийн ихээр хэрэг болно. Дээрээс нь нисэх хүчнийг хөгжүүлэх нь мэдээжийн хэрэг. Цаашид цэргийн сургалт бэлтгэл, зэвсэг техникээ сайжруулах хэрэгтэй. Бидэнд тодорхой тооны бэлтгэгдсэн цэргийн нисгэгчид, инженерүүд байгаа хэдий ч онгоцоо нисгэхгүй болохоор зэвэрч дуусна л гэсэн үг. Нисгэгч хүн нисэж л байх ёстой. Сар гаруйхан хугацааны өмнө Батлан хамгаалахын сайдын дэргэд Иргэний зөвлөл байгуулагдаж миний бие тус зөвлөлийн гишүүнээр сонгогдон ажиллаж байна. Энэ нь өөрийн санаа бодлоо салбарын удирдлагууддаа хэлж ярих эрхтэй болсон гэсэн үг. Энэ үүднээс салбарт өмнө нь ажиллаж байсан хүний хувьд үгээ хэлж, үзэл бодлоо хуваалцана гэж бодож байгаа.
Миний бодлоор манай Зэвсэгт хүчин нэгэнт л ОХУ-ын зэвсэглэл, техникийг ашиглаж байгаа учир тус оронтой хамтын ажиллагаагаа илүү өргөжүүлж, хил хязгаарт ойролцоо байгаа Оросын цэргийн ангиудтай зөвшилцөлд хүрч нисгэгчдээ тэнд нь дадлага, сургууль хийлгэж болох талтай.
 
Таныг сансарт ниссэн хүний хувьд эх орны үнэ цэн, эх нутгаа хайрлах сэтгэлийг арай өөр өнцөг, төвшнөөс мэдэрсэн болов уу гэж боддог. Ер нь эх оронч үзэл хандлагын талаар таны бодлыг сонсъё. Үүнийг хэрхэн бий болгох ёстой гэж хардаг вэ?
 
-Маш өргөн хэмжээний асуулт. Монголчуудад дутагдаж байгаа нэг зүйл бол энэ. Эх оронч үзэл, хандлага гэдэг асар том ойлголт мэт харагдах боловч үнэн хэрэгтээ жижигхэн зүйлээс эхлэлтэй.
 
 
Эх орноо, ард түмнээ гэсэн чин сэтгэлтэй хүнийг л бий болгох ёстой. Манай улсын хамгийн гол зүйл нь уул уурхай, ашигт малтмал гэхээсээ илүү монгол хүний мөн чанар ямар байх ёстой, тэгж л хөгжүүлж, төлөвшүүлэх хэрэгтэй. Хүн хүнээ дэмжиж байж л улс орны нэр хүнд сайжирна. “Тамын тогооны үлгэр” гэдэг чинь үнэн хэрэгтээ бодитой шүү дээ.
 
 
 
Адаглаад замын хөдөлгөөнд оролцохдоо бие биеэ хүндлээд зам тавиад л өгчих хэрэгтэй. Эх оронч үзэл гэдэг ийм л зүйлээс эхэлдэг гэж боддог. Үүнийг бий болгох тал дээр тодорхой ажлуудыг зохион байгуулах шаардлагатай мэт санагддаг. Бидэнд дутагдалтай зүйлс их байна. Өмнө нь Батлан хамгаалахад туслах нийгэмлэгээр дамжуулж залуучуудад төрөл бүрийн мэргэжлийг олгохын хажуугаар эх оронч үзэл хандлагыг төлөвшүүлэх үүднээс ухуулга, сурталчилгааны ажлыг хийдэг байлаа. Мөн салбараас төрөн гарсан алдартан гавьяатнуудаа дагуулаад аймаг бүрд жил болгон тодорхой ажлуудыг зохион байгуулдаг байсан. Энэ ажлыг сэргээх хэрэгтэй юм шиг санагддаг.
 
 
Дэслэгч Т.ИДЭР
Эх сурвалж: "Соёмбо" сонин