sonin.mn
Анх 1917 онд Орос оронд Октябрийн хувьсгал ялснаар социализмын эхлэл тавигдаж дэлхийн II дайнаас хойш социалист систем бүрэлдэн тогтжээ. Тэр цагаас хойш капиталист социалист системийн хооронд үзэл суртлын дайн үргэлж явагдан аль аль талын засгийн газрууд бие биенээ хэтрүүлэн муулж ард түмнийхээ тархийг угааж байсан байх юм. Түүхэнд үүнийг хүйтэн дайны үе гэж нэрлэдэг. Энэ дайнд социалист систем ялагдаж өнгөрсөн зууны 1980-аад оны сүүлээс уг систем бүхэлдээ задран унасан. Харин тэр социалист системд амьдарч байсан хүмүүс хараахан үхэж үрэгдэж дуусаагүй байна. 
Өнөөдөр 40-өөс доош насныхан социализмын тухай юу мэдэх вэ? Социализмыг нуран унахад дөнгөж 10 хүрээгүй байсан хүүхдүүд социализм гэж юу болохыг хэрхэн ойлгох вэ? Социализмд амьдарч үзээгүй дэлхийн бусад хүмүүс энэ талаар юу мэдэх вэ? Тэд бол зөвхөн тархи угаалт, суртал ухуулгын золиоснууд. 
 
Би бээр өнөөдөр жар даваад явж байна. Амьдралынхаа талыг социалист нийгэмд, талыг капиталист нийгэмд амьдарсан байх юм. Тэгэхээр би болон бидний үеийнхэн энэ хоёр нийгмийн сайн муу талыг бусдаас илүү мэдэх болж байна. 20 жилийн дараа гэхэд бид байхгүй болно. Бидний мэдлэг туршлага байхгүй болно. Ном бол яах вэ худлаа бичигдсэн ч байж болно. Амьд гэрч үгүй болно. 40-өөс доош насны залууст аархаад нэг дугарчихъя. Та бүхний дэлхийн хаана ч олж авсан нийгмийн ухааны мэдлэг боловсрол бидний хаана ч хүрэхгүй шүү. Энд би нийгмийн ухаан гэж цохон тэмдэглэлээ. Бусад төрлийн мэдлэг бол мэдээж хөгжлөө дагаад залуус та бүхэн биднээс хавьгүй илүү. 
 
Бүх төрлийн шинжлэх ухаан үсрэнгүй хөгжсөн боловч нийгмийн ухаан л аль XVIII, XIX зуундаа гацчихжээ. Нийгмийн харилцааны шинэ онол гарч ирэх цаг нь болсон бөгөөд энэ нь капиталист социалист нийгмийн аль алинаас нь авахыг нь авч, хаяхыг нь хаясан тийм шинэ онол байх ёстой болж байна. Өөр хувилбар байхгүй. Учир нь капиталист систем бас мухардалд орчихоод цаашид нийгмийн харилцааг зохицуулах боломжгүй болж байна. Энэ талаар эдний том эрдэмтэд нь үгээ хэлж үсээ зулгааж байна. Канад, Скандинавын орнууд аль эрт социализмын үзэл санааг хэрэгжүүлэх болсон.
 
 
Шинэ социализмын онолын талаар ч яригдах боллоо. Энэ утгаараа бол бидний үеийнхэн улаан номонд орохоор ховордож байгаа социализмын амьд гэрчүүд шүү!! Харин манай залуус бидний үеийнхнийг төрд байгаа хулгайч, луйварчдаар тамгалаж болохгүй. 90 оны хувьсгалыг тэр үеийн тэргүүний сэхээтнүүд удирдаагүй юм. Энэ талаар тусад нь сонирхолтой үлгэр ярьж болох л юм.
 
 
 
Өнөөгийн залуус элдэв тархи угаалтаар социализмын талаар өрөөсгөл буруу ойлголттой байгаа нь харагддаг. Өнөөгийн улс төрд гарч буй муу муухайг муу коммунист гэж тамгалах нь элбэг байна. Тэгвэл өнөөдөр коммунист нам байхгүй бөгөөд коммунист үзэлтэй улс төрч ч байхгүй гэж батлан хэлэх байна. Монголд ардчилсан нам ч байхгүй, коммунист нам ч байхгүй. Тэд бол нүүрээ нуусан анархистууд...
Бидний үеийнхэн бүгд сэхээтнүүд биш бөгөөд бидний үеийн жинхэнэ сор сэхээтнүүд үнэхээр улаан номонд орохоор ховордож байгааг бүү мартаарай...
 
 
Нийтлэлч Гочоогийн Ламжав
 
(Эрдэнэт)