sonin.mn
Эрхэм нөхөр Т.Чулуун “Хүмүүн-Байгалийн найрсал” хэмээх бүтээлийнхээ тухайд “өмнөх үг” хэлбэрээр бодол саналаа хэлэх хүсэлт тавьсан нь биелүүлэхэд тун амаргүй даалгавар байлаа. Зохиогч маань надаас насаар олон дүү боловч хийсэн бүтээсэн нь нөр их, туулсан зам асар урт, үзсэн харсан бүхэн ой тойнд багтамгүй олон, тэр хэмжээгээр бясалгаж бодсон, тоймлож томьёолсон, санал болгож дэвшүүлсэн зүйлс гарын таван хуруугаар хэмжих боломжгүй байсан тул өмнөх үгийг юугаар эхэлж, юуг онцолж, яаж дуусгах тухайд сонголт хийхэд нэн бэрх байв. Ямар ч байсан профессор Чулууны систем судлаачийн өнцгөөс харж хийсэн дүгнэлтүүдэд шүүлт хийх биш жирийн уншигчийн байр сууринаас  цөөн хэдэн үгээр  бодлоо илэрхийлэх гэж оролдов.
Энэ номын тухай ярихын өмнө зохиогчийн “Монголын нэгэн жаран” хэмээх номын талаар дурьдахгүй байж болохгүй юм. Хүмүүн төрөлхтөний хөгжлийн түүхэн явцад нүүдлийн эрин бараг зуу гаруй мянган жил үргэлжилсэн бол түүнийг залган авсан хөдөө аж ахуйн эрин бүтэн нэг эрэмбээр агшиж удаахи аж үйлдвэрийн эрин эрэмбийн тал хүрэхгүй хугацаагаар богиносож одоо мэдээллийн эринтэй золгоод байна. Монгол түмэн энэ хугацаанд дотоод эрчмийн их тэсрэлтийн үеийг туулж Дэлхийн иргэншсэн газар нутгийн дийлэнх хэсгийг “эрхэндээ оруулж”, эмхэрч цэгцрэх зам руу чиглүүлж байсан атлаа одоо өөрсдөө эргээд уруудах, унтрах зам руугаа гулсаад байна уу даа гэмээр байгаа нь үнэн билээ. Нэгэн зууны тэртээ төр улсын тусгаар тогтнолоо сэргээж нийгэм журам байгуулах мөрөөдлөөр жигүүрлэж “социализмын материал техникийн бааз байгуулах” уриан доор нэгэн жарныг үдээд дараагаар нь “ардчилал, зах зээл” гэсэн хоёр үгийг туган дээрээ залж хагас жарныг элээгээд байна. Өмнө нь Ази тивдээ “хөрөнгөтний биш хөгжлийн замаар орсон анхны орон” хэмээн бид өөрсдийгөө хөөргөдөж байсан бол залган авсан шинэ эринд “ардчилалын үлгэр дууриал”  болж буй улс хэмээх хоосондуу магтаалыг  бид бас бусдаас сонсож одоо бол оносон алдсанаа дэнсэлж байна. 
 
 
Монгол улсын хөгжлийн  эдгээр үе шатны эдийн засаг болоод нийгмийн  талын асуудлыг түүхчлэн бичиж бас өгсөн өөдлөх, уруудан доройтох учир шалтгааны оньсыг олох, олсон зүйлээ төрийн бодлогод тусгах оролдлого хангалттай байсан гэж хэлж болно. Харин мэдээллийн эрин, технологийн эрин, аж үйлдвэрийн шинэ хувьсгал, аль нэг улс үндэстний нийгмийн хөгжлийн дотоод зүй тогтол, дэлхий нийтийг хамарсан даяаршлын давалгааны хаялага, дээр нь дэлхийн агаар мандал, мөсөн бүрхүүл, газрын гадаргад гарч буй өөрчлөлтийн үечлэл энэ бүгд хэзээ хаана давхцаж эрчим нэмэх, эсвэл зөрж хүч саарах, үүнийг системийн онолын үүднээс судалж үр дүнг нь улс орны хөгжлийн алсын бодлогод суулгах ажил бараг хийгдээгүй явж ирсэн гэхэд хилсдэхгүй билээ. Гадаад улс орнуудад боловсруулсан нийгэм, эдийн засгийн хөгжлийн янз бүрийн загварыг гол төлөв олон улсын байгууллагын дэмжлэгтэй төсөл, хөтөлбөрийн хүрээнд судалж Монгол улсын нөхцөлд хэрэглэж нутагшуулах оролдлого хийж байгаа ч гэсэн баталгаатай үр дүн бүхий ажил бага байгаа нь саяхан 2020 онд Монгол улсын Их Хурлаас батласан “Алсын хараа-2050” бичиг баримтыг боловсруулах ажлын явцад  анзаарагдаж байв.  
 
Гэтэл, жишээ нь, технологи нэн хурдацтай хөгжиж өрнөл нь нийгмийн хөгжлийн үелэл шатлалтай давхцааад ирвэл тэрхүү “технологийн сингуляр цэг” хүн төрөлхтөнийг хөгжил дэвшилд чиглүүлэх үү, эсвэл доройтол сүйрэл руу хөтлөх үү гэсэн асуултыг проф. Чулуун номондоо гаргаж тавьжээ. Аль тэртээ 19 дүгээр зуунаас яригдаж эхэлсэн термодинамикийн хоёрдугаар хуулийн дагуу тусгаарлагдсан системд энтропи нь аажмаар ихсэж аяндаа  цэгцрэлээ алдах зүй тогтолтой, харин нээлттэй систем, тухайлбал, нарны эрчмээс хүч сэлбэх биологийн систем, түүнтэй адилтгах зүйл зүйлийн экосистем энтропийг тогтворжуулан цэгцрэлээ хадгалах, эсвэл энтропийг бууруулж цэгцрэлээ бэхжүүлэх, түүнчлэн хүлцэх хэмжээнээс давсан  хүчин зүйлийн улмаас  төлөв байдлын шинэ эрэмбэд шилжих, ингэхдээ  хуримтлагдсан ой санамжийн байдлаас хамааран илүү дээд эрэмбэд шилжиж өөдлөх, эсвэл дутуу доод эрэмбэ рүү бууж уруудах аль нэг зам хүлээж байдаг жамтай ажээ. Хөгжил хувьслын энэ зам мөрийг анхааралдаа авч улс  орны эдийн засаг, нийгэм, байгаль орчин гэсэн тогтвортой хөгжлийн  гурван тулгуурийг цогцоор нь авч үзэн судалж дүн шинжилгээ хийсэн зүйл манай улсад миний мэдэх хэмжээнд ховор байсан ба хэдэн жилийн өмнө Р.Мижиддоржийн “Аяндаа цэгцрэх тогтолцоо” гэсэн танин мэдэхүйн зорилго агуулсан бэсрэг товхимол гарсан, Б.Энхбайгаль зэрэг судлаачид энэ чиглэлийн онолд суурилсан арга зүйг эдийн засаг, нийгмийн үзэгдлийн шинжилгээнд ашиглах оролдлого хийж байсан зэргээс өөр зүйл санаанд буухгүй байна. Энэ орон зайд Т.Чулууны судалгааны бүтээлүүд онцгой байр эзэлж байна. 
 
Тэрээр “систем судлаачийн бодрол” хэмээн тодотгож “ Монголын нэгэн жаран” нэрээр хэвлүүлсэн номондоо Монгол улсын хөгжлийн цогц үнэлгээ болон нийгэм-байгалийн тогтолцооны дархлааны асуудлыг хөндөж цаашид улс маань системийн хувьд төгөлдөрших үү, аль эсвэл ... гэсэн зүгээр сонсоод өнгөрч болохгүй сэдвийг сөхсөн байна. Тогтвортой хөгжлийн гурван тулгуурыг салангад авч үзэж аль нэгийг нь тухайлбал эдийн засгийг урьдаар босгоод дараа нь нийгмйн асуудал дээрээ анхаарч сүүлд нь боломжийн хирээр байгаль орчноо тордож болох мэт гэнэн төдийгүй гэмтэй үзэл баримтлал улс төрчид, шийдвэр гаргагчдын дунд амь бөхтэй оршиж улс орны хөгжлийн бодлогод нөлөөлсөөр байгаа нь үнэн билээ. Тулга тавьж бургилан буцлах амтат цай хийх адил улс орноо хөгжүүлье гэвэл өндөр нам биш, бас халаад бутарч унахгүй ижил гурван чулуу тавих учиртай гэсэн шаардлага “тогтвортой хөгжил” гэдэг том онол, үзэл баримтлалыг номын нүүрэнд зураглан харуулжээ. 
Харин байгаль-нийгмийн тогтолцооны тухайд ярихад аль чулуунаас эхлэх  вэ гэдэг асуулт гарч болох юм. Гэвч аль тулгуур нь анхдагч вэ гэдэг дээр эргэлзэх юмгүй хариулт тодорхой. Нээлттэй системийн хувьд нарнаас эрчим авч  энтропийн өсөлтийг хазаарлах, улмаар бусад тулгуураа  “цэнэгжүүлэн”  хөгжлийн  хурдасгуурт оролцох, нэг ёсны амьдралыг тэтгэх суурь (life supporting system)  болох  унаган хэв шинж,  онгон  дүр төрх  бүхий байгалиа онцгойлон авч үзэх нь Т.Чулууны давтан хэлээд байгаа байгаль-түүх-соёлын нэгдмэл өв, үнэт зүйл бүхий Монгол орны тухайд нэн чухал юм.
 
 
… байгаль-түүх-соёлын нэгдмэл үнэт өвөө хадгалж хамгаалаад зогсохгүй түүн дээрээ тулгуурлаж урагшилж хөгжихийн тулд Монгол улсын  Үндсэн хуулийн 6.2-д оруулсан нэмэлт өөрчлөлт “...төрийн нийтийн өмч” ойлголтыг зөв зүйтэй чиглүүлж ашиглавал харилцан нөхөж үр өгөөжөө өгдөг “хож-хож” зарчим хэрэгжих боломжтой гэж үзсэн байна.
 
 
 
Т. Чулуун энэ үнэт өвөө хадгалж хамгаалаад зогсохгүй түүн дээрээ тулгуурлаж урагшилж хөгжих, үүний тулд  саяхан  Монгол улсын  Үндсэн хуулийн 6.2-д оруулсан  нэмэлт өөрчлөлтөөр  бий болсон  “...төрийн нийтийн өмч”  гэсэн ойлголтыг зөв томьёолж зөв зүйтэй чиглүүлж ашиглахыг санал болгосон байна. Ингэснээр нэг талбар дээр зэрэгцэн өрсөлдөн орж ирж байгаа хөгжлийн шинэ арга замаас нэг нь хүч авч нөгөө нь унтрах биш хоёулаа харилцан нөхөж үр өгөөжөө өгдөг сүүлийн үед нилээд яригдах болсон “win-win” буюу “хож-хож” зарчим хэрэгжих боломжтой гэж үзсэн байна. 
Т.Чулуун Байгаль орчин, Ногоон хөгжил, Аялал жуулчлалын яаманд Газрын даргаар ажиллаж байхдаа “Монгол улсын Ногоон хөгжлийн  бодлого” гэсэн бичиг баримтыг тухайн үед сайдаар ажиллаж байсан С.Оюунтай санаа нэгдэн мэргэжлийн ажлын хэсэг байгуулж боловсруулаад 2014 онд Улсын Их Хурлаар батлуулсан нь байгаль орчны асуудлыг төдий л ойшоохгүй явж ирсэн бусад салбарыг доргиосон нэн чухал үйл явдал болсон билээ. Миний бие тэр үед  “тэтгэврийн албанд” шилжиж байсан боловч Чулуун даргад “баригдаж” хуучин хамтран зүтгэгч Ц.Шийрэвдамба агсан, Л.Цэдэндамба агсан, Ц.Адьяасүрэн, Н.Уртнасан, Б.Хулдорж, А.Солонго нарын зэрэг олон хүний хамт ажлын хэсэгт орж энэ бичиг баримт дээр ажилласан юм. Тэр үед дэлхий даяар “ногоон эдийн засаг” ярьж байхад Монгол улс яагаад гэнэт “ногоон хөгжил”  яриад эхлэв гэсэн гайхсан эргэлзэн яриа нийтийн дунд гарч эхэлсэн учир миний бие  ажлын хэсгийн гишүүний хувьд даргаас даалгавар авч “Ногоон хөгжил: Гэнэн мөрөөдөл үү, аль эсвэл бодит хэрэгцээ юу” сэдвээр нийтлэл бичиж хэвлүүлэх  шаардлага гарч байв.
Т.Чулууны системийн сэтгэлгээ Монгол нутгаас хальж бүс нутгийн болон бүүр даян дэлхийн хэмжээний асуудал руу орж  жишээ нь хүний хөгжлийн индекс (ХХИ)-т байгаль орчны үзүүлэлтийг нэмэн хүний тогтвортой хөгжлийн индекс болгох санал дэвшүүлээд байгаа билээ. Энэ талаар  тэртээ  арваад жилийн өмнө олон улсын хүрээнд өндөр  нэр хүнд бүхий “Nature” сэтгүүлд нийтлүүлсэн өгүүлэл нь НҮБХХ-ийн ХХИ-ийн илтгэл хариуцсан мэргэжлийн хүмүүсийн дунд ярианы сэдэв болж байсныг санаж байна. 
 
 
Уншигчдад өргөн барьж буй энэ номондоо оруулсан “хүмүүн-байгалийн найрслыг төгөлдөршүүлэх тогтвортой хөгжлийн загвар”-ын тухай санаа нь олон жилийн судалгаа, бодрол бясалгалын үр дүнд төлөвшиж бий болсон гэдэг нь ойлгомжтой бөгөөд дэмжин дэлгэрүүлэх ёстой зүйл мөн юм.
 
 
Хүн-байгалийн шүтэлцээ, сав шим  ертөнцийн зүй тогтлыг  шинжлэх  ухааны үүднээс  зөв оношилж хүн төрөлхтөний хөгжин хувьсах  учир зүйг  тоймлоход чиглэсэн  нэрийг нь хүртэл орчуулж дийлэмгүй International Platform on Biodiversity and Ecosystem Services зэрэг олон улсын хөтөлбөрүүдэд Монгол улсаа төдийгүй Ази, Номхон далайн бүс нутгийг төлөөлөн оролцож хэрхэн хувь нэмрээ оруулж байсан талаар энэхүү номондоо бичсэнийг эрхэм  уншигч тогтон уншина бизээ. 
Энэ мэтээр онцлон тэмдэглэх зүйл олон байгаа боловч уншигчийг чилээхгүйн тулд үүгээр өндөрлөж толлиулан буй номын талаар ганц хоёр үгүүлбэр нэмэх нь зүйтэй гэж бодов. 
Энэхүү ном нь ерөнхийдөө дурсамж хэлбэрээр бичигдсэн боловч бүхэлдээ гярхай ажиглалт, бодрол, гэгээрэл, сургамжаар дүүрэн бүтээл болсны зэрэгцээ  хоёр чухал зүйл анзаарагдсаныг хэлмээр санагдсан. Нэгдүгээрт жинхэнэ систем судлаач болохын тулд “азтай” байх учиртай юм байна. Т. Чулуун Монголынхоо нэгэн шилдэг дунд сургуулийг төгсөөд тухайн үеийн ЗХУ-д мөн сайн сургуулийн тоонд орж байсан их сургуульд онолын физикээр мэргэшиж, дэлхийд  манлайлагчдын дансанд зүй ёсоор  бичигддэг Москвагийн Их сургуульд эрдмийн зэрэг хамгаалж эх нутагтаа эргэн ирээд шинжлэх ухаан, боловсролын салбарт ажиллаж сайн багш, сайн шавь нартай учирч бас төр засагтаа хүчээ өргөж яам тамгын газар үр бүтээлтэй ажиллаж иржээ. Энэ завсартаа Монгол улс хилээ өргөн нээгээд удаагүй байх тэр агшинд Дэлхийн тэргүүлэх гүрэнд очиж эрдэм зузаалах бололцоо гарч  мөн л улсдаа төдийгүй олон улсын хэмжээнд нэртэй эрдэмтэдтэй шавь болж суралцах, түншлэгч болж хамтран ажиллах өргөн боломж гарсан байна.
 
 
Түүгээр ч барахгүй Хардин хэмээх судлаачийн бодож олсон, Монгол улс зэрэг бэлчээрийн мал аж ахуйг түшиж амьдардаг улс орнуудыг  муу жишээнд оруулдаг “Нийтийн эзэмшлийн эмгэнэл” хэмээх “онол”-ыг бараг “бут ниргэж” хожим  Нобелийн шагнал хүртсэн нэрт эрдэмтний  лабораторид нэгэн хичээлийн жилийн хугацаагаар ч гэсэн ажиллах боломж олдсон нь мөн л том  аз завшаан юм.
 
 
 
Хоёрдугаарт, азтай байхын хамт “адтай” байх хэрэгтэй бололтой. Т.Чулуун хаа явсан газраа ажиж ажиглаж, бодож тунгааж явдаг нь түүний бүтээлүүдийг үзэхэд анзаарагддаг. Очсон газрынхаа сэтгэл татам үзэсгэлэнт байдлыг зураглаж бичихдээ ил харагдах өнгө төрхөөс гадна далд орших  учир зүйг бас төсөөлөх гэж оролдох, манайд үүнтэй адилтгах юу байгаа билээ гэж эргэцүүлэх нь олон тааралдана. Эверест уулыг тойрон нисэж “дэлхийн оргил” дэргэдээс нь яаж харагдахыг үзэх, хаа тэртээ Малайз улсад ууланд авирч “Алтай нутгийн хүү” гэдгээ харуулахын хамт дэргэдэх амьдрал дээрээс нь харахад яаж систем байдлаар дүр зураг нь өөрчлөгдөхийг мэдрэх, Монгол нутагтаа хөдөө явж байхдаа малчин өвгөний мах сэврээх энгийн үйлдэлд физикийн онол ашиглаж байгааг ухаарах, бидний Мөөеэ аврага гэж цоллодог их аврага Ж.Мөнбат агсан дасгал хийх цагаа био мөчлөгтэй уялдуулдаг ажээ хэмээн анзаарах гэх мэтээр олон жишээ ярьж болохоор байна. Өдөр тутмын амьдралын жирийн үзэгдлийг хүртэл учир зүйд оруулж тайлбарлахын жишээ гэвэл ахмадын багт орж сагсан бөмбөг тоглохыгоо  “хүүхэд ахуй насандаа эргэн очих боломж” гэж үздэг, амьдралын ханийнхаа  хайр халамжийг “монгол эмэгтэй гэргийн хувьд хамаг ачааг өөрөө үүрээд гавьяаг нь  хань нөхөртөө үлдээдэг”  юм байна гэж тайлах зэргээр бүх зүйлийг гэгээлгээр харж  зүй тогтлоор “онолжуулан” тайлбарлах нь “мэргэжлийн өвчин” гэхээс илүү хүн чанар, хүний мөсний асуудал давхар явж байна даа гэж бодсоноо энд хэлмээр санагдав. “Эзэн хичээвэл заяа хичээнэ” гэдэг аргагүй л үнэн үг юм даа.
Номын тухай тэрэлсэн хэдэн мөрийг жаргаахдаа зөвхөн шинжлэх ухаанд шимтэн суралцаж байгаа залуу хүмүүс, ид ажиллаж байгаа дунд болон ахмад насны судлаачид төдийгүй жирийн уншигч хэн боловч энэ номноос эргэцүүлэн бодох олон зүйлийг олж үзэж болно гэсэн ганц үгүүлбэрийг эрхэм уншигч Танд хандан нэмэв. 
 
 
 
 
Номын цагаан буян дэлгэрэх болтугай!
 
 
Байгаль орчны гавьяат ажилтан, доктор Замбын Батжаргал