sonin.mn
Энэ удаагийн дугаарын зочноор ҮБХИС-ийн АБДС-ийн Инженер, механикийн тэнхимийн дөрөвдүгээр дамжааны оюутан А.Сүхбатыг урьж ярилцлаа. Тэрээр "3 сая инээд" шоу нэвтрүүлэгт оролцсоноор “Жүүс, шүүс, зууш” хэмээх нэрээр олонд танигдсан юм.
 
Уншигчдад өөрийгөө товч танилцуулахгүй юу?  
 
-Би Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан суманд төрсөн. Одоо 20 настай. Хүүхэд нас минь малчны хотонд өнгөрсөн. Хөдөө хүүхэд яаж өсдөг билээ, яг л түүн шиг. Хонио хариулж, морь малтай ноцолдож өссөн дөө. Өвөө эмээгийн хүүхэд. 
 
Хөдөлгөөнтэй хүүхэд байсан юм шиг ээ?
 
-Сахилгагүй сурагч байсан. Харин хичээлдээ их идэвхтэй, мэрийлттэй, сайн сурдаг байсан гэх үү дээ. Математикийн хичээлд сайн биш ч гэлээ тун их шимтдэг байлаа. Нийгэм, биеийн тамирын хичээлдээ хамгийн их сонирхолтой. Ер нь онц сайн дүн авна аа. Ганц хоёр удаа бас дунд авна.    
 
Энэ сургуульдаа өөрийн хүслээр орсон уу?   
 
-Багаасаа л цэргийн хүн болох хүсэлтэй байсан. 10 жилээ төгсөхөд хэд хэдэн сонголт гарч ирсэн. Биеийн тамирын багш, дасгалжуулагчаар суралцах боломж бас байсан. Гэхдээ нэг л биш санагдаад болдоггүй. Хүүхэд байхаасаа санаж явсан бодол минь намайг цэргийн сургууль руу хөтөлсөн. Цэргийн хүн болчихвол надад маш олон боломж нээгдэх юм шиг санагдсан. 
 
Тэгээд ямар орчин угтсан бэ?
 
-Сүрлэг, хийморьлог. Анхандаа тийм мэдрэмж төрдөг юм билээ. Цог жавхаатай алхаж, гишгэж, дуу гаргах ах нарыгаа хараад л их омогшдог. Энд бүгд л цэргийн дүрэмд захирагддаг. Бүгд л хариуцлагыг ухамсарладаг, бас хүндлэлийг. Миний бодлоор хүндлэл гэж юу болохыг цэргийн сургууль л жинхэнэ утгаар нь харуулдаг байх. 
 
Телевизийн шоунд оролцох болсон талаараа ярихгүй юу? Оролцъё гэдэг санаа хаанаас төрсөн бэ?   
 
-Би өөрийгөө тэрүүхэн тэндээ ангийнхныгаа инээлгэчихдэг, хошин маягийн хүн гэж боддог. Найзууд маань ч намайг ингэж санаад “3 сая инээд” шоу нэвтрүүлэгт оролцохыг зөвлөсөн байх. Тэгээд би гэртээ ирээд шоуны дугааруудыг үзлээ л дээ. Бас болмоор ч юм шиг санагдаад явчхав. Ингээд нэвтрүүлэгт оролцохдоо, мартчихвал хальт хараад санана гэж бодоод алган дээрээ түлхүүр үгнүүдээ бичээд орсон. Гэхдээ тайзан дээр гарахаасаа өмнө гараа угаачихсан. Тэгээд харсан чинь тэмдэглэсэн зүйлс маань бүдгэрээд арилчихсан байдаг юм. Санаанд орж байгаа хөгжилтэй түүхүүдээ ярьж эхэлсэн. Эхний даваа ч хүнд байсан шүү. Бараг л би юу хийчих вэ, А.Сүхбатаа чи юу хийчих вэ гэх ухааны юм бодогдсон. (Инээв) Шүүгчид ч гүрийгээд л, би ч сандраад юу хийхээ мэдэхгүй хэсэгтээ л эвгүйтсэн. Тэгээд цаг дуусахаас арай өмнөхөн Анхбаяр шүүгч инээснээр үргэлжлүүлэн 300 мянган төгрөгийн төлөө өрсөлдөх эрхтэй болсон билээ.  
 
Яг тэр үеэс л орчноо мэдэрсэн байх нь. Бас тэгэхэд л А.Сүхбат жүүс, шүүс, зууш гэдэг нэрээр танигдсан шүү дээ ... 
 
-Тийм ээ. Би тухайн үед гэрийн модны үйлдвэрт ажилладаг байсан. Тийм түргэн хэллэг байдаг гэдгийг ажлынхаа хүмүүсээс л сонссон юм. Хэлэх гэж үзэхэд их хэцүү санагдсан. Одоо ч гэсэн жүүс, шүүс, зууш гээд хурдан хэлэхэд амаргүй байна шүү. Ямартай ч үүгээрээ 300 мянгыг өвөртөлж амжсан. Нөгөө сандрал ч бараг алга болчихсон, өөрөөр хэлбэл яг орчноо, үзэгчдээ мэдэрч эхэлсэн юм болов уу даа. 
 
Цааш явахаас татгалзсан. Олон хавар нэгэндээ гэж эмээгээд зогслоо гэж харсан?
 
-Анх шоунд оролцохдоо шагналынхаа мөнгөөр монгол гутал авна гэсэн зорилготой байв. Тэгээд гутал авах мөнгөтэй болсон учраас илүү шунаад дэмий гэж бодсон л доо. Алдчих вий ч гэж айсан. 
 
Шоунд хоёр дахь удаагаа оролцохдоо ямар зорилго тээж ирсэн бэ?
 
-Сургалтын төлбөрийнхөө тал мөнгийг олох зорилготой ахиад оролцсон. Ер нь дунд ангид байхаасаа ажил хийж хэрэглээний мөнгөө олохыг илүүд үздэг болсон. Оюутан болсноосоо хойш сургалтын төлбөрийнхөө талыг ч болтугай өөрөө олохыг хичээж байгаа.  
 
Одоо өмнөхөөсөө илүү олон танилтай болсон биз дээ?
 
-Зам гараад явж байхад машинтай ах нар жүүс, шүүс, зууш гээд л эрхий хуруугаа гозойлгоод лайк өгдөг. Хүүхдүүд ч бас намайг хараад өөр хоорондоо ярилцаж харагддаг л юм. За тэгээд нүүр ном, цахим хуудсаар бол урмын үг их ирнэ дээ. Бас онигор гээд намайгаа шоглочих хүн ч бий.     
 
Тэдгээрээс хамгийн гоё санагдсан нь ...
 
-Бүгд л сайхан. Сөрөг сэтгэгдлүүд ч байсан. Хэтэрхий их магтаал, урмын үгэнд баярлахаар ганц нэг сөрөг сэтгэгдэл ирэхэд дороо гутарчихдаг юм билээ. Хатуу үг хүлээж авахаа больчихсон юм болов уу ч гэж бодсон. Тэрийг л маш сайн ойлгосон доо. 
 
Энтертайнментаар өөрийгөө шинээр нээж байгаа гэж ойлгосон?
 
-Реклам, кинонд тоглох уу гэсэн саналууд ирсэн.  Сонирхлыг минь их татаж, таалагдсан учраас өөрийгөө сорьж үзсэн гэхэд болно. Хүмүүс итгэл хүлээлгэж байхад үзээд алдахад юу нь буруу байх вэ гэж бодоод. Тэгсэн, би бас муугүй шүү. Өөрийгөө нэг их голохгүй байгаа. Хэд хэдэн телевизийн рекламанд тоглож, уран сайхны кинонд туслах дүр дээр ажилласан. Овоо гайгүй дөртэй бололтой дог. 
 
Гэрийнхэн нь баяртайгаар хүлээж авсан нь лавтай?
 
-Би хоёр дүүтэй. Том нь бол нэг их сүртэй хүлээж авахгүй, намайг тоодоггүй юм. /Инээв/ Харин өвөө, эмээ маань "Сая зурагтаар хүүгээ харлаа" гээд л утсаар ярьдаг болсон. Бусад хамаатнууд маань ч гэсэн баярлаад, тэдний хөгжөөнтэй инээж байхыг нь сонсоход их сайхан санагдсан.    
 
Сумын начин цолтой гэдгийг нь саяхан мэдлээ. Хэзээнээс үндэсний бөхөөр хичээллэж эхлэв?
 
-Өнгөрсөн оны наадмаар Зүүнбаян-Улаан сумандаа барилдаж начин цол хүртсэн. Уг нь түрүүлэх зорилготой очсон ч хараахан түүндээ хүрч чадаагүй. Бэлтгэлээ сайн хийж байгаад заавал сумын заан цол хүртэнэ. Сурагч байхаасаа жүдо, чөлөөт бөхөөр хичээллэж эхэлсэн. Аймаг, улсын тэмцээнүүдийн медальтай. Мөн хүндийг өргөлтөөр хичээллэдэг, ерөнхийдөө суурьтай гэж болно. Харин үндэсний бөхөөр сүүлийн жилүүдэд л хичээллэж байна даа. 
 
Бөхийн удамтай юу?
 
-Манай ах нар сумандаа барилдаж байсан. Яг аймаг, улсын цол хүртээд тууштай хичээллэсэн хүн байхгүй.
 
Өөрт тань боломж нээлттэй шүү дээ ...
 
-Миний хувьд энэ жил сургуулиа төгсөх учраас бэлтгэл сургуулилтаа түр хойшлуулсан байгаа. Алсдаа бөхийн спортоороо өндөр амжилт үзүүлнэ гэсэн залуу хүний зоримог санаа надад бий. 
 
Хамгийн их хүндэлж дээдэлдэг бөх хэн бэ?  
 
-Хөвсгөл аймгийн харьяат улсын арслан Ц.Содномдорж. Мөн манай Зүүнбаян-Улаан сумаас гаралтай улсын арслан Д.Ганхуяг. Уран барилдаант, жудагтай сайхан бөхчүүд гэж боддог доо.
 
Аваргын нэрийг их л бэлгэдэж өгсөн бололтой? 
 
-Намайг төрөөд удаагүй байхад, 2 дугаар сарын үед юм гэсэн. Цагаан сарын барилдаан ч тэр үед давхацсан байж. Шөвгийн дөрөвт үлдсэн бөхчүүдийн нэрийг будаанд шигшихэд А.Сүхбат гэх нэр гарч ирсэн юм билээ. Би ч үүнд их бэлгэшээж явдаг. 
 
Их нутаг амьтай байх, тийм үү?
 
-Нутгаа санана гэж жигтэйхэн. Зуны амралтаар хөдөө гэр рүүгээ л яарна. Эрүүл саруул, энх тунх яваагаа нутаг, уул усны минь буян заяа түшиж байна л гэж боддог. 
 
Таны бодлоор эх орон хаанаас эхэлдэг вэ? 
 
-Өөрөөсөө гэж хэлнэ. Тэгээд бас гэр бүл, ойр дотнын хүмүүсээ гэх сэтгэлээс бүх зүйл ундардаг юм болов уу. Түүнээс улбаалж түүх соёл, тусгаар тогтнол, эх оронч үзэл, санаа төлөвшдөг байх.      
 
Төгсгөлд нь залуустаа хандаж юу гэж хэлэх вэ?
 
-Зорилготой байгаарай. Бас зөв хандлагатай. Нэг л амьдрах хорвоод зөв мөртэй явах нь чухал. Дуслуулсан хөлс бүрийн тоогоор амьдрал чамайг шагнадаг гэдэгт би итгэдэг. Болж өгвөл өөрийгөө шинээр сорьж байгаарай, нэгэн хэвийн зүйлд баригдаад байж болохгүй.  
 
 
Ярилцсанд баярлалаа.
 
Дэслэгч Ц.ЭНХ-ОРГИЛ
Эх сурвалж: "Соёмбо" сонин