sonin.mn

Тархины харвалтаас сэргийлэх дэлхийн өдрийг тохиолдуулан монголын эмч нарын харвалтын нийгэмлэгээс тус өвчинтэй холбоотой мэдээлэл өгөх зорилгоор хэвлэлийн бага хурал хийлээ.


Энэ үеэр эмч нар: " Монгол Улсад 2009 оноос тархины харвалттай тэмцэх дэлхийн өдрийг тасралтгүй тэмдэглэж байгаа бөгөөд эрүүл мэндийн салбарынхан урьдчилан сэргийлэх зөвлөгөө мэдээллийг өгдөг билээ. Харвалт бол дэлхийн хамгийн их эрсдэлтэй байдаг өвчнүүдийн нэг юм. 

Дэлхийд жилд 12.5 сая хүн харвалтад өртөж байна. Үүний 50-аас дээш хувь нь, бүр нарийвчилбал 6.2 хувь нь газар дээрээ нас бардаг. Манай орон ч харвалтаар хамгийн өндөр үзүүлэлттэй байгаа орны тоонд ордог.



Бидний энэ жилийн уриа бол: “Хэрвээ харвалтанд өртсөн бол амь нас минутаар тоологдоно” гэсэн уриа юм.



Өвчний талаар мэдээлэл өгөхөд, харвалтын шинж тэмдэг: Хажуу дахь хүний тань нүүр гэнэт мурийх, гар хөл нь сулрах, ярьж байснаа хэл ам нь ээдрэх шинж тэмдэг ажиглагдвал хамгийн түрүүнд харвалт байж болзошгүй. Энэ үед яаралтай түргэн дуудах шаардлагатай. Яагаад гэвэл тэр хүний амь нас минутаар хэмжигдэнэ. Хэрэв амжвал аварна.


Харин харвалтад хүргэж буй шалтгааны 90 хувийг дараах хүчин зүйлс эзэлдэг. Тэдгээр хүчин зүйлийг монгол хүмүүст хураангуйлан тайлбарлавал гуравхан юмыг анхаараач гэж хэлмээр байна.

Нэгдүгээрт, эрүүл хооллолт, 

Хоёрдугаарт, хөдөлгөөн, 

Гуравдугаарт, сэтгэл санаа. 


Энэ гурван шалтгаан харвалтад хүргэх гол хүчин зүйл болж байна. Харвалтыг бий болгож байгаа өвчнүүд гэж бий. Үүнд нэгдүгээрт, цусны даралт ихсэх өвчин орно. Ялангуяа энэ өвчин залуусын дунд их өндөр байна. Эмчилгээний арга сайжирсан боловч иргэд эмнэлэгт хандахгүй байгаа нь дорвитой үр дүнд хүргэхгүй байгаа.


Мөн зүрхний хэм алдалт гол асуудал болоод байна. Зүрхний титэм судасны хатуурал, зүрхний эмгэгүүд зэрэг архаг өвчнүүд гарцаагүй харвалтад хүргэж байна. Дараагийн нэг асуудал нь судас хатуурах өвчин байна. Биеийн болон тархины, гол судас хатуурах өвчин гол асуудал болоод байна. Энэ өвчнөөс сэргийлэх боломжтой. Сүүлийн үед чихрийн шижин онцгой анхаарал татаж байгаа.


Чихрийн шижин нь дээрх гурван асуудалтай холбоотойгоор үүсэж байдаг өвчин. Эдгээр өвчнүүд харвалтын суурь шалтгаан болж харвалтад хүргэж байна.


Харвалтыг бий болгож байгаа өвчнүүд бий. Өвчлөлд засаж болох засаж болохгүй шалтгаанууд гэж бий.

Засаж болохгүй шалтгаанд: Хувь хуний нас, удамшил, хүйс, урьд өмнө өвчилж байсан харвалт багтаж байгаа

Засаж болох шалтгаанд: Архи, тамхины хэрэглээ, хөдөлгөөний дутагдал, таргалалт артерийн даралт ихсэлт

чихрийн шижин өвчин, зүрх судасны өвчлөл орж байна.


Дээр дурдсан засаж болох шалтгаанууддаа анхаарвал харвалтад өртөх эрсдэлээ бууруулах боломжтой.

Өөрийнхөө биед хайртай байгаач ээ. Миний даралт 170, 180-тай байж л байдаг гээд тоохгүй явж байгаад харвасан хүмүүс байна шүү дээ. Дөнгөж 30 гарсан хүн ч харваж байна. Харвалт бол хөгшин хүний өвчин биш. Залуу хүн өвддөггүй, хөгшчүүл л өвддөг гэдэг нь маш буруу ойлголт юм шүү. " гэлээ.