сонин mn
7. Хууль санаачлах, хэлэлцэх, батлалцах эрхийг ард түмэнд эдлүүлэх зарчим хэрэгжүүлж, чухал чухал хууль, төлөвлөгөөний төслийг бүх ард түмнээр хэлэлцүүлдэг байсан нь ардчиллын чухал шинж, өнөөдөр ч хэрэглэж болохоор сонирхолтой туршлага юм. Жишээ нь, тэр үед Ардын боловсролын хуулийн төсөл 278 мянган хүн оролцсон 1900 хурлууд дээр хэлэлцэгдэж, 6100 санал гарч хуульд тусгагдаж байжээ.
8. Өмчийн эрх чөлөөний асуудлаар одоогийнхтой харьцуулах аргагүй байсан нь үнэн байв. Үйлдвэрлэлийн хэрэгслийг өмчлөх эрх байгаагүй. Энэ нь бүх ард түмний өмч байлаа. Мөлжлөгтэй холбоотой өмчийг хувийн өмч, ариун хөдөлмөрөөрөө олсон өмчийг амины өмч гэж нэрлэж байсан. Гэр, хашаа байшин, хадгаламж, машин мотоцикл, алт мөнгөн эдлэл, өвийн хөрөнгө зэрэг нь амины өмч байв.
350 гаруй нэгдлийн хөрөнгө бол хөдөөний олон зуун мянган иргэдийн хоршооллын хамтын өмч байв. Ийм өмчтэй байсны үр дүнд манайд ядуурал гуйланчлалыг бүрэн устгаж чадсан нь Ардын засаглалын том амжилт мөн байсан гэж хэлж болно.
9. Монголын ард түмний шүтэн бишрэх эрх чөлөөг хамгаалах, оюун санааны амьдралын нэг хэсэг болсон шашин, сүсэг бишрэлийн талаар нам, төр, засаг өвөрмөц бодлого явуулсан юм. 1921 оны хувьсгалын үед хагас сая гаруй хүнтэй Монголд эрчүүдийн бараг хагас буюу 100 мянга гаруй лам байсан, тэд улс, нийгмийн тустай хөдөлмөрт бараг оролцдоггүй, цэрэгт алба хаадаггүй, гэр бүл болох эрхгүй байсан нь Монголын хөгжилд сөргөөр нөлөөлсөн юм. Түүнчлэн гучаад оны үед тэдний нэг хэсэг ардын засгийн эсрэг бослогод оролцсон зэрэгтэй холбогдон 1940 он хүртэл сүм хийд, лам нарын талаар хатуу гэж хэлж болох бодлого нам,төр засаг баримталж байжээ.
1940 оны Үндсэн хуульд иргэдийн шүтэн бишрэх эрх чөлөөг илүү тодруулан тунхаглан зарлаж, 1944 оноос Гандандэгчилэн хийдийн үйл ажиллагааг сэргээж, мөн онд сонгуулийн эрхээ хасагдсан лам нарын сонгуулийн эрхийг нь олгож, шашны талаарх бодлого зөөлөрч эхлэв. Далаад оны өдрийн тэмдэглэлдээ тухайн үеийн нам төрийн удирдагч Ю.Цэдэнбал: “Өндөр гэгээн Занабазар бол Монголын агуу барималчин байсан юм. Энэ тухай бичих хэрэгтэй. Гол баримтуудыг гадаадад захиалан хэвлүүлж, Монголын соёлын ариун дээжийн хувьд сурталчлах хэрэгтэй”; “Төвд эмнэлэг бол биеийн чадал эсэргүүцлийг нэмэгдүүлэх эмнэлэг юм. Хайдавыг ламтай Энэтхэг явуулж, эмийн тухай судалгаа хийлгэх”, “Түүхийн дурсгалыг хамгаалах явдал тун ч муу байна. (Тогтоол гаргах, ЮНЕСКО–оос мөнгө авах, орон тоо, хэлтэс байгуулах)”, “Богд Занабазарын намтар гаргах” гэсэн санаа заалтууд бичиж үлдээжээ.
 
1970 оны VII сард иргэдийн шүтэн бишрэх эрх чөлөөг хамгаалах, шашин, сүм хийдийн талаарх нам, төрийн бодлогыг хэрэгжүүлэх үүрэг бүхий төрийн захиргааны төв байгууллага “Шашны хэрэг эрхлэх зөвлөл”–ийг СнЗ–ийн дэргэд байгуулав. НТХ–ны УТТ–ны шийдвэр дэмжлэгтэйгээр 1970 оноос 6 жилийн сургалттай Шашны дээд сургууль байгуулагдсан нь Монгол төдийгүй Халимаг, Буриад, Тувад лам санваартан бэлтгэхэд том үүрэг гүйцэтгэв. Монголын санаачилгаар Азийн Буддистуудын энх тайвны бага хурлыг 1970 онд байгуулсан нь даян дэлхийн энх тайвны төлөө тэмцэлд шашин нэгтэй орнуудын хамтын ажиллагааг хөгжүүлэхэд том үүрэг гүйцэтгэсэн юм.
Нам, төр, засгаас шашны талаар уян хатан бодлого барьж байсны хариуд шашныхан ч нам, төр, засагтаа хүндэтгэлтэй ханддаг байв. 1969 онд Хамба лам С.Гомбожав Ю.Цэдэнбал, Ж.Самбуу нарт бараалхсан тухай сонин илэрхийлэлт архивт үлджээ. Үүнд: “МАХН–ын ТХ–ны I нарийн бичгийн дарга, БНМАУ–ын СнЗ–ийн дарга Ю.Цэдэнбал, АИХ–ын Тэргүүлэгчдийн дарга Ж.Самбуу нар танаа. Эрхэм хүндэт дарга нар аа! МАХН–ын ТХ–ны V бүгд хурал, АИХ–ын VI дахь сонгуулийн 4–р чуулганаас гаргасан түүхт шийдвэрийг Монголын Буддын шашинтны төв Гандантэгчилэнгийн санваартнууд баяр баясгалантай угтан авч уг шийдвэрийг биелүүлэхэд зориг бадрангуй байгаагаа дэвшүүлэн айлтгая. Энхрий хайрт эх орны маань ирмүүн хөгжил цэцэглэлтэд сүүлийн жилүүдэд тохиолдсон зуд гачаал зэрэг байгалийн бэрхшээлийг МАХН–ын мэргэн жолоодлого, ах дүү социалист орнууд, ялангуяа ЗХУ–ын хэмжээд баршгүй баялаг тусламжтайгаар амжилттай даван туулж байгаад тус хийдийн хуврагууд бид нийт ард түмнийхээ нэгэн адил бахдан баярлаж байна. Өдөр ирэх тутам өрнөн цэцэглэж байгаа улс эх орныхоо далай их хөгжилд дусаалын төдий нэмэр болгон Гандантэгчилэнгийн хөрөнгөөс 1 сая төгрөгийг нэмэрлэн барихыг хүлээн авч соёрхоно уу! Энх тайвны саад үүрд арилж Эгэл хүн амьтны мөрөөдөл болсон, эрдэм соёл улам хөгжин бадарч, эх орны цэцэглэл улам мандан бадартугай. Монголын Буддын шашинтны төв Гандантэгчилэнгийн тэргүүн хамба, номч мэргэн гавьж С.Гомбожав. 1969.01.24” гэжээ. Төр, засаг, шашин сүм хийдийн харилцаа ямар байсныг энэ бичгээс төсөөлж болох юм.
 
 
 
Гандан хийдийн үйл ажиллагааны тайлангаас үзэхэд: хурал ном нэр зааж хуруулсан хүмүүсийн тоо 1970–1981 оны хооронд 51503–аас 87718 болж, сүсэгтнүүдээс оруулсан орлого 3,3 саяас 6,4 сая болж өсжээ . Шашин сэргэх үйл ажиллагаа аажим боловч явагдаж, иргэдийн шүтэн бишрэх эрх чөлөөний баталгаа бэхжиж байлаа.
 
 
 
Өмнөх нийгмийн үед социалист байгуулал, марксист, ленинист ерөнхий онол, нам, төрийн гол бодлого шугамын эсрэг үг хэлэх, хэвлэн нийтлэх бололцоо байсангүй. Хүнийг хөлслөн ажиллуулах, ялангуяа мөлжлөг дарлалын аливаа илрэл, түүний дотор хялбар аргаар их мөнгө олдог мөрийтэй тоглоом ч хориотой байлаа. Аль нэгэн хүнийг ноцтой шүүмжлэл тавьсны төлөө, удирдлагын эсрэг хандлага гаргасны төлөө ажил амьдралыг нь хохироох, нутаг зааж суулгах зэрэг хүний эрхийг зөрчих явдал гарч байсан нь өнгөрсөн тогтолцоотой холбоотой нь мэдээж юм. Ард түмний сонголт болсон социалист байгууллыг гутаан муучлах, тусгаар тогтнолын гадаад баталгаа гэж үзэж байсан Монгол, Зөвлөлтийн харилцаанд дайсагнах, үндэстэн ястны эв нэгдэлд хор хүргэх үйл ажиллагаанд хатуу ханддаг байсныг хүлээн зөвшөөрөхөөс аргагүй. Эдийн засаг өндөр хөгжсөн Өмнөд Солонгост 400 гаруй улс төрийн хоригдол байдаг, Малайзын Ерөнхий сайд Махатир сөрөг хүчний удирдагчдыг шүүх хуралд оруулалгүй шоронд хийдэг байсан, Туркэд Ерөнхийлөгчийн эсрэг хуйвалдлаа хэмээн саяхан 337 хүнд бүх насаар нь хорих ял оноож байсантай харьцуулахад дайны дараах жилүүдэд манайд улс төрийн хоригдол гэж байгаагүй нь манай нам, төр, засаг хүмүүнлэг ардчилсан бодлого явуулж байсны нэг илэрхийлэл гэж хэлж болно.
Нарийн судалж үзэхэд тэр үед нам, түүний удирдлагын эсрэг тэмцэж байсан хүмүүс хэн нь ч ялгаагүй удирдлагад халаа сэлгээ хийж, албан тушаалыг дахин хуваарилах, оршиж буй дутагдал доголдлыг арилгах зорилт тавьж байсан бөгөөд цөмөөрөө л марксизм, ленинизмийн сургаалд үнэнчээ илэрхийлж, хувьсгалт ганц намаа л бэхжүүлэх зорилт тавьж, социализмыг хурдан байгуулахыг зорьж тэмцэж байсан болохоос аль нэгэн улс төрийн нам шинээр байгуулах, парламентын засаглал тогтоох, Ерөнхийлөгчийг бүх ард түмнээр сонгох, улс орныг зах зээлийн эдийн засагт шилжүүлэх, өмчийг хувьчлах, долларыг чөлөөтэй нэвтрүүлэх, Үндсэн хуулийн цэц байгуулах, сонгууль явуулахдаа нэг суудалд олон хүний нэр дэвшүүлэх, өөр үзэл суртлыг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй гэх мэт чөлөөт ардчилсан шаардлагуудыг хэн нь ч тавьж байсангүй, нөгөө л социализмаа бэхжүүлэх, марксист–ленинист сургаалаа цэвэр байлгахад яриа шүүмжлэлийн гол нь чиглэж байжээ. Бүгдээрээ л ойролцоо зорилго, бодол сэтгэгдэлтэй байжээ..
Гэхдээ олон зуун мянган хүний амьдралын баталгааг алдагдуулж, ядуу өлөн зэлмүүн амьдралд түлхэн оруулах; олон зуун мянган хүнийг эрхэлж байсан ажлаас нь салгаж, ажилгүйчүүдийн эгнээнд түлхэж хөдөлмөрлөх эрхийг нь ноцтой зөрчих; гэмт хэрэг, шударга бус явдал, хүчирхийллийн золиос болгох; эх орондоо шударга хөдөлмөрөөрөө амьдрах бололцоог алдагдуулж, олон мянгаараа гадагшаа тэмүүлэх байдалд хүргэх; хүн хүнээ луйвардах, мөлжих, дарангуйлах, нэр төрийг нь гутаан доромжлох, хүүхдийн хөдөлмөрийг мөлжих, сургууль завсардуулах, гудамжинд хөөн гаргах; яс үндэс, шашин шүтлэг, нутаг усаар нь гадуурхах зэрэг хүний эрхийг онцгой бүдүүлгээр зөрчих явдал ардын засгийн жилүүдэд гарч байсан, үгүй алин болохыг хүмүүс мартаагүй байгаа. Ийм л нийгмийг ерээд оныхон хүлээж авсан юм. ХХ зууны үеийнхний эрмүүн зориг эрмэлзлэл, амьдрал, тэмцэл, хөдөлмөр, бүтээл, ололт амжилтыг ор үндэсгүйгээр гутаан муучлах нь ёс зүйн хувьд эрүүл биш, ардчилсан бус сэтгэлгээ бөгөөд энэ нь бодит үнэнтэй огт нийцэхгүй.
1924, 1940, 1960 оны Үндсэн хуулиуд бол Монгол дахь ардчиллын өвөрмөц тогтолцоог хуульчлан бататгасан юм. Үндсэн хуульд: үнэ төлбөргүй сурах, хөдөлмөрлөх, амрах, тэтгэвэр, тэтгэмж авах, үнэ төлбөргүй эмчлүүлэх, хурал цуглаан хийх, саналаа хэлэх, хэвлэн нийтлэх, гудамжны жагсаал ёслол хийх, тэгш эрхтэй байх, шашин шүтэх, чөлөөтэйгөөр шилжин явах, оршин суух газраа шилэн сонгох, орон сууц, захидал харилцааны нууцыг хамгаалах, улс нийгэм, аж ахуйн удирдах хэрэгт чөлөөтэй оролцох, ардчилсан төрөл бүрийн нийгэмлэг байгуулах, олон нийтийн байгууллагад эвлэлдэн нэгдэх зэрэг иргэний нэн чухал эрхүүдийг тунхаглан, хэрэгжих баталгааг нь нарийн тодорхойлжээ. Энэ бүхнээс үзэхэд ардын засгийн үед манай нийгэмд ардчиллын чухал зарчмууд тодорхой хэмжээгээр хэрэгжиж байсан, тэрхүү ардчилсан ололтууд ерээд онд өргөжин дэлбээлж, нийгмийн амьдралын бүх хүрээг хамран хөгжсөн нь илт байна.
Монгол дахь ардчиллын хөгжлийн түүхийг эргэцүүлэн бодоход Хятад, Сингапур, Өмнөд Солонгост нэг нам олон арван жилээр засгийн эрхийг ээлж халаагүйгээр барьж байсан ч эдийн засаг нь үсрэнгүй хөгжсөн, Японы парламент 70 гарсан хүнийг Ерөнхий сайдаар томилж, Солонгост 73 настай хүнийг, саяхан Америкт 76 настай хүнийг бүх ард түмэн Ерөнхийлөгчөөрөө сонгож, Японы эмэгтэйчүүдийн нийгэм, улс төрийн эрхийн өнөөгийн байдал, Хятад дахь хүний эрхийн байдал, Японд 40 мянга гаруй, Өмнөд Солонгост 40 мянга орчим гадаадын цэрэг байрладаг, Сингапурын Ерөнхий сайд 30 гаруй жил ээлж халаагүй ажилласан, Сингапурт цагдаа нар хэв журам зөрчигчийг ташуурдан зодож, жагсаал цуглааныг хориглож, Шүүхийн шийдвэргүйгээр цагдаа нь иргэнийхээ утсыг чагнаж, Филиппинд удирдагч нь автомат буу барин хар тамхины асуудлаар иргэнээ шүүхийн шийдвэргүйгээр бууддаг зэргийг бид харж дуулж л байгаа билээ.
“Олон улсын валютын сан манай эдийн засгийг хяналтдаа авахыг оролдсон. Миний бодлоор энэ бол колониализм”, “Тэд бол европчууд, америкчууд гэдгийг би сануулж байсан”, “Малайз Британийн эзэмшилд байх үед тэд биднийг дорд үздэг байлаа”, “Хятадууд саятан болж чадаж байхад уугуул нутгийн малайзчууд яагаад үгүй гэж” ил тодоор хэлдэг , өрнөдийнхнийг “империалистууд” гэж нэрлэн шүүмжилдэг, Малайзыг өндөр хөгжилтэй бар орон болгож чадсан, урьд нь Ерөнхий сайдаар 18 жил ажилласан, 94 настай өвгөн Махатир Мохамедыг ер бусын хөдөлмөрч малайчууд 2018 онд Ерөнхий сайдын сэнтийд улируулан залж байв. Малайзад ардчилал алга, олон жил нэг хүн засаг толгойллоо, өвгөн хүнийг гаргаж ирлээ, европчууд, америкчууд, ОУВСг шүүмжиллээ гэсэн тийм яриа ч гарсангүй. Эх орныхоо төлөө үнэнч зүтгэсэн хүнийг хэдэн жил ч улируулан сонгож болдог байна.
 
 
 
Эдгээр баримтуудыг харьцуулан бодож үзэхэд ерээд он хүртэлх Монголд бас ч гэж аядуу, хүмүүнлэг, ерөнхийдөө Ази маягийн ардчилал, тэгэхдээ ард түмнийг төр, нийгмийг удирдахад аль болохоор өргөн оролцуулахыг зорьдог ардчиллын өвөрмөц, өөрийн, Монголын хэлбэр тогтож байжээ гэж хэлэх үндэстэй юм.
 
 
 
Ардчилал нь аливаа улс, орон, ард түмнүүдийн хөгжил дэвшлийн нэн чухал үндэс мөн болохын хувьд олон хэлбэртэй байхыг үгүйсгэх аргагүйн нэгэн адил ардчиллыг ойлгох, тайлбарлах явдалд мөн л олон янзаар бүтээлчээр хандах хандлага байдаг нь бодит үзэгдэл ажээ. Харин ерээд оноос монголчууд дэлхий нийтийн ерөнхий жишгээр өрнөдийн маягийн ардчиллыг илүүтэйд тооцож сонгон авсан нь түүхэн үнэн ажгуу.
 
 
 
Ц.ЖАМБАЛСҮРЭН
 
/МУИС-ийн профессор, түүхийн шинжлэх ухааны доктор (Ph, Sc)