sonin.mn

Монголчууд 1911 онд туурга тусгаар Богд хаант Монгол улсыг байгуулаад хамгийн эн тэргүүний чухал зорилт бол  Хятадад алдсан Өвөр Монголыг Монгол улсдаа нэгтгэх явдал хэмээн үзэж байлаа. Өвөр Монголын 49 хошууны ихэнхи нь Богд хаант Монгол улсад нэгдэх өргөх бичигээ ирүүлчихээд байлаа.


Яг энэ үед Дундад улсын Ерөнхийлөгч Юан Шикай 40 000 хятад цэрэг гаргаж Монгол болон хойд нутгийг тохинуулах нэрээр Бээжингээс мордох гэж байгааг Богд хаан мэдэж нэн даруй Богд хаант төрийн монгол цэргийг гаргаж Манлай ван Дамдинсүрэнгээр удирдуулж хятадын цэргийг тосон байлдсан юм.


Таван замын байлдаанд монголчууд ялалт байгуулж Өвөр Монголыг хятад цэргээс чөлөөлж чадсан юм. Гэвч хаант Орос, Дундад улс хоёр хуйвалдаж Бээжинд нууц гэрээ байгуулж хаант Орос монголын армид буу, сум дахин нийлүүлэхгүй гэсэн шахалт үзүүлж сумгүй болсон монгол цэрэг аргагүйн эрхэнд Өвөр Монголоос цэргээ гаргасан билээ. Хаант Орос мөн Японтой нууц гэрээ байгуулж гадаад Монголыг хаант Орос мэдэлдээ авна, өвөр Монголыг Япон улс мэдэлдээ авна хэмээн тохиролцжээ. Ингэж монголчууд Өвөр Монголоо нэгтгэх том боломжоо алдсан юм. Хоёр дахь том боломж нь 1945 онд Японы эсрэг дайнд Хятадыг Японоос чөлөөлөхөөр зөвлөлт монголын цэргүүд амжилттай давшиж Японы нөлөөллөөс Манжуур болон Өвөр Монголыг чөлөөлсөн байлаа. БНМАУ –ын ард иргэд Өвөр Монголоо Монгол улсдаа нэгтгэх санаатай байсан, Өвөр Монголын ард түмэн Монгол улстайгаа нэгдэх чин хүсэлтэй байсан. Гэвч монголчуудын энэхүү хүсэл эрмэлзлэлд Сталин, Мао хоёр саад болж Сталин Өвөр Монголыг Маод бэлэглэв. Энэ үйлдэлд өвөр монголчууд ихэд дургүйцсэн юм.


Өвөр Монголын 49 хошуунаас БНМАУ-тай нэгдэнэ гэсэн өвөр монголчуудын гарын үсэгтэй өргөх бичгүүдийг Улаанбаатарт ирүүлсэн боловч Сталин Ялтын гэрээгээр Өвөр Монголыг Хятадад өгнө хэмээн Холбоотон улсуудтай тохирчихсон байлаа.


Харин Өвөр Монгол нутагт Дэмчигдонров ван тэр үед 10 дивиз цэрэгтэй болчихсон өвөр монголынхоо эрх чөлөөний төлөө, Монгол улстай нэгдэхийн төлөө тулалдаан хийж байлаа. Хичнээн олон өвөр монгол ах дүү нар хятадын гамин цэрэг, хятадын улаан цэрэгтэй тулалдаж амь насаа өргөснийг хэн ч үл мэднэ. Тэрхүү эгзэгтэй цаг үед монголын маршал Чойбалсан зөвлөлтийн НКВД-тэй хуйвалдан “Хар эрэг” хэмээх хорт ажиллагаа явуулж, Дэмчигдонров ванг “Үндэсний асуудлаар зөвлөлгөөн хийе, гэрээ хэлэлцээр хийе” хэмээн хүүгээр нь хуурамч захидал бичүүлж Монголд хуурч авчран 1950 онд баривчилж шоронд хийсэн юм. Маршал Чойбалсан Монголд итгэл найдвар өвөртлөн ирсэн Дэнчигдонров ванг шоронд хийж, түүний хүү Дугарсүрэнг буудан хөнөөнө гэдгийг Дэ ван яахин мэдэх. 20 828 монгол ах дүү нараа хувьсгалын эсэргүү, феодал, японы тагнуул хэмээн гүтгэж хилс хэргээр буудан хөнөөхийг биечлэн тушаасан, Оросын большевик намын гишүүн Чойбалсанд ямар энэрэхүй сэтгэл, ёс суртахуун гэж байсан биш. 


Нэг. Өвөр Монголын Дэчигдонров ван гэж хэн бэ?


Дэмчигдонров буюу Дэ ван нь 1902 оны 2-р сарын 8-ны өдөр Манж Чин гүрний Цахарын шулуун цагаан хошууны нутагт Шилийн голын чуулган дарга бөгөөд Сөнөд баруун хошууны Засаг ноён, жун ван Намжилванчигийн ганц хүү болон мэндэлжээ. Түүний эцэг Намжилванчиг нь Бодь алаг хааны 2-р хүү Хөхэчүдэй мэргэн ноёны хөвгүүн Буян ноёны хүү Сүүсэн] дүүрэн жүн вангийн 11-р үеийн удамчир байжээ. 1908 онд эцэг Намжилваанчиг өөд болоход 6 настай Дэмчигдонровыг Чин улсын захиргаанаас угсаа залгамжлуулан жун ван цол, хошуу захирах Засаг ноёноор өргөмжилжээ.


Дэ вангийн их хатан нь Сөнөд баруун хошууны сурвалжит тайжийн охин бөгөөд түүнтэй гэрлэж нэг хүүтэй болсон. Дэ ван бага хатан Авга хошууны сурвалжит тайжийн охинтой хэдэн жилийн дараа гэрлэж дөрвөн хүү, нэг охинтой болжээ.


1924 онд жүн ван Дэмчигдонров Шилийн гол аймгийн дээд захирагчийн албан тушаалд очсоноор олон хошуу отгийг захирах болж улмаар аймгийн чуулган дарга болонгуутаа олон газар орноор явж Монгол үндэстний сэхээтэн залуучууд, сэхээрсэн ван ноёдтой холбоо тогтоож эхэлсэн байдаг. Дэ ван Бээжин дахь Монгол Түвдийн сургууль, Нанжин хот дахь улс төрийн дээд сургуулийн Монгол, Төвд оюутнуудад лекц уншин тэдэнд ирээдүйн үзэл бодлоо илэрхийлэн өөрийгөө таниулж эхэлжээ. Эдгээр оюутан сурагчид 1930, 1940-өөд онд өрнөсөн түүний улс төрийн гол боловсон хүчин болсон байдаг. Улмаар 1932 онд Дэ ван Нанжин хотод Чан Ка Шитэй уулзахдаа Ар Монголоос дүрвэн очсон Дилов хутагттай олон дахин уулзаж, Өмнөд Монголын эрх чөлөөний тэмцлийн талаар зөвлөлдөж байсан нь түүхэн тэмдэглэлд үлджээ. Нэг тод жишээ нь хожим зэвсэгт тэмцэл бүтэлгүйтэх юм бол Өрнөдийн хүчирхэг гүрний нөлөөнд багтаж Өмнөд Монголын асуудлыг дэлхийн анхаарлын төвд байлгах явдал хэмээн тэмдэглэн үлдээсэн юм. Энэ бүхнийг цэгнэж үзвэл Монголын үе үеийн эх орончдын мөнхийн хүсэл бол гурав дахь оронтой ойр дотно харилцаатай байх асуудал байлаа. Дэ ван Бээжин хотоор дайрч нутаг буцахдаа 20 орчим оюутан залуусыг нугагтаа дагуулан очсон нь цаашдын Өвөр Монголын эрх чөлөөний төлөө тэмцэлд оролцох боловсон хүчнийх нь анхны нөөц, суурь нь болжээ. Удалгүй Өмнөд Монголын өнцөг булан бүрзэс Монгол үндэстний залуус олноор ирэх болсноор Дэ ван тэмцлийн гараагаа эхлүүлсэн юм.


1936 оноос Монгол цэргийн ерөнхий штабыг эмхлэн байгуулж Япон улсын хүчийг ашиглан, Монголын язгуур эзэмшил нутгийг Хятадаас буцаан эргүүлэн авах зорилт дэвшүүлэн ажиллаж эхэлсэн байна.Энэ бол туйлын зөв сонголт байлаа. 


Тэр үед Өвөр Монголын гадаад нөхцөл хүнд байлаа. Тэр үед Ар Монголыг улаан оросууд эзэлж зөвлөлт маягийн тоглоомын засгийн газар байгуулж ард олноо ядууруулж алж хөнөөж байлаа. Дундад улсад Гоминдан нам ноёрхож байсан бол сүүлдээ улаантан Коммунист нам ноёрхож эхлэв. Энэ хүнд үед Япон улс Өвөр Монголыг дэмжиж өвөр монгол залуусыг цэргийн сургуульд суралцуулж боловсрол олгож байлаа. Дэ ван Японд цэргийн сургууль төгссөн монгол боловсон хүчнээр зэвсэгт хүчнээ бүрдүүлж байв. Удалгүй Дэ вангийн зэвсэгт хүчин зузаарч 10 морьт дивизээс бүрдсэн армитай болов. Дэ ван Өмнөд Монголын төв хэсэгт хяналтаа бүрэн тогтоож улмаар "Монголыг тэтгэх нийгэмлэг" байгуулан малчдын аж амьдралыг анхааралдаа авч нутаг усаа сэргээн, ой мод тарих гэхчлэн тусгаар улсад байх ёстой нийгэм соёлын олон арга хэмжээг авч хэрэгжүүлжээ. Эдийн засаг, боловсрол, эрүүл мэнд, соёлын хувьд бэхжих бодлого барьж байв. Дэ вангийн санаачпан байгуулсан Монгол дээд сургуульд малчдын хүүхдийг олноор элсүүлэн сургаж байжээ. Н.Сайчунга зэрэг олон залуусыг Япон улсад сурч боловсруулахаар явуулах зэргээр өргөн хүрээнд сэтгэж, тусгаар тогтнолд бэлтгэсэн юм. Дэ вангийн дэргэд ажиллаж байсан Х.Гомбожав, О.Өргөнгөө, Захчинсэчин зэрэг олон өвөр монгол залуус хожим нь нэрт монголч эрдэмтэд болсон байдаг. Дэ вангийн тусгаар тогтнолын төлөөх тэмцэлд хамгийн үнэтэй зөвлөгөө өгч байсан хүн бол Дилов хутагт Жамсранжав байлаа. Тэр бээр Дэ ванд "Хэрэв чи Японыг түшээд бүтэхгүй бол хилийн цаана гарч Монголын асуудлыг дэлхий дахины сонорт хүргэ.


Дэлхий нийтийн сонорт Монголын асуудлыг хандуулах нь дан ганц Японыг түшихээс эрсдэл багатай” шүү гэж зөвлөснийг Дэ ван журамлан 1940-өөд оны дунд үеэс энэ талын ажилд онцгойлон анхаарч нилээд ажлыг гардан эхлүүлсэн ажээ.


1945 онд  Япон улс АНУ болон Зөвлөлт улсад ялагдав, Дараа нь Хятад дахь дотоодын иргэний дайн эхэлсэн нь Дэ вангийн төлөвлөгөө бүтэлгүйтэх.үндсийг тавьсан юм. Тэгсэн хэдий ч нөхцөл байдал хүндэрлээ гээд Дэ ван мохож цуцаагүй. 1948 он гэхэд Дэ ван, Япон, Тайвань, Энэтхэг зэрэг орноор дамжуулан зарим хүмүүсийг АНУ-д илгээн үндэсний том тэмцлийн гараанд бэлдэж байлаа. Хятадын дотоодын (иргэний) дайнд Гоминданы нам ялагдсан ч Өмнөд Монгол дахь Дэ вангийн морьт арми Хятадын Коммнуист Намын чөлөөлөх армийн эсрэг дангаараа хүчээ шавхан байлдсаар байсан юм. Учир нь Хятадын улаан цэргүүд 1947 онд Өвөр Монголыг бараг эзлээд байсан юм. Дэ вангийн морьт цэрэг 1949 оны сүүлч хүртэл Алшаагийн элсэн цөлд хятадын улаан цэргүүдтэй эцсийн тулалдаанаа хийж сумаа дуустал байлдав. Энэхүү туладаанд Дэ ван олон дайчин нөхдөө алдав. Дэ ванд Дилов хутагтын зөвлөсөн Алшаа нутгаас Энэтхэг хүртэл нисэх онгоцоор явж тэндээсээ АНУ –д очиж харилцаа тогтоож өвөр монголын асуудлыг дэлхий нийтэд ойлгуулах ганц зөв зам үлдсэн байлаа.    


Хоёр. Чойбалсангийн урхинд орсон нь 


Тэр үед ЗХУ-ын бүрэн хяналтад байсан Ар Монголын нийслэл Улаанбаатарт Дэ вангийн эхнэр, хүүхдүүд хэдүйн гэрийн хорионд орчихсон байлаа. Ар Монгол тэр үед үндсэндээ улаантан коммунистуудын барьцаанд орчихсон, Кремлийн дохиогоор хөдөлж байв. Ар Монголын удирдагч маршал Чойбалсан тэр үед Зөвлөлтийн удирдагч Сталины тушаалаар Монголд их аллага үйлдэж монголын бүх сурвалжит алтан ургийн ноёдыг толгой дараалан хөнөөсөн байлаа, монголын эрдэмт лам хуврагуудыг толгой дараалан цаазалсан байлаа.


Дэ ван Алшаагийн цөлд хятадын улаан цэрэгтэй тулалдаж сүүлчийн цэргээ алдсаны дараа Энэтхэг рүү гарч Өмнөд Монголын дүрвэгсэдийн Засгийн Газрыг байгуулахаар төлөвлөж, цаашдаа гуравдагч орны туслалцаа дэмжлэгийг авах бодолтой байлаа.


Энэ талаар мэдээлэл авсан  Зөвлөлтийн /НКВД/ Дотоодыг хамгаалахынхан монголын Чойбалсантай хамтарч яаравчлан "Хар эрэг" ажиллагааг эхлүүлж, Дэ вангийн Монголд барьцаалагдсан хайрт хүүгээр нь хуурамч захидал бичүүлэн түүнд илгээжээ. Бүх цаг үеийн эх орончдод үр, төр хоёр нь хамгийн эрхэм нандин эрдэнэ байдаг хойно Монголын тусгаар тогтнолын төлөө цогтой тэмцэгч Дэ ван хүүгийнхээ захидлыг хамгийн ихээр эрхэмлэн хүлээн авсан байдаг. Ингээд Дэ ван хамтдаа олон жил хал үзэж халуун чулуу долоосон зөвлөхүүдийнхээ “Оросын улаантнуудад эзлэгдсэн Ар Монгол руу явж болохгүй, Очвол шууд шоронд хийж ална” гэсэн үгнээс зөрөн байж, 1950 онд Ар Монголыг зорьжээ. Түүний шийдвэрийг АНУ-д байсан Дилов хутагт эрс эсэргүүцэж


Ар Монгол руу явахгүй байхыг ятгаж байжээ. Гэвч түүний итгэж найдаж байсан Ар монголчууд нь түүнийг хилээр нэвтрэн орж ирсэн даруйд нь баривчлан авч, толгойд нь хар уут углаж энэхүү хар уутаа салгахгүйгээр шоронд байцааж шүүсэн юм.


Дэ вангийн Монголын тусгаар тогтнолын төлөө тэмцсэн тэмцэл нь хоёр их гүрний хоорондын улс төр стратегийн эрх ашгийн тоглоом болж өнгөрсөн юм. Дэ ван ар, өвөр Монголыг нэгтгэх агуу үйлсэд БНМАУ-ын төр, засгийн удирдагчид дэмжин тусална хэмээн ихээхэн итгэж найдаж байсан юм. Гэвч итгэж найдсан ар монголын удирдагч нар нь улаан Оросын коммунистуудын дуулгавартай зарц нар байжээ гэдгийг очсон хойноо ухаарсан ажээ.


Гурав. Ар Монголын улаантнуудад байцаагдсан нь


Дэ ван БНМАУ-д байцаагдаж байхдаа ямар мэдүүлэг өгч байсан талаар баримт бичиг бичиж үлдээжээ. Дэ вангийн дурдатгалыг үзвэл, “Юуны учир надад адил бус байдлаар хандаж ямар гэрч баримттай хэмээн намайг баривчлах болов?” хэмээн намайг байцаасан Ар Монголын байцаагчаас тэр үед асуумаар байсан. Гэвч ийм нөхцөл байдалд тэдэнд юуг ч хэлээд нэмэргүй гэдгийг би сайтар ойлгож байлаа. Тиймээс би маргалдах цаг үе биш гэдгийг мэдээд зүгээр баривчлагдан дурыг нь даган ямар ч эсэргүүцэл үзүүлсэнгүй. Тэд миний өмссөн дээлийг хураан авч оронд нь ялтны өмсдөг дээл өмсгөж, миний авч явсан эд барааг хураан авч гянданд хорив.


Хоёр өдөр гяндангийн дарга нэгэн хошууч, намайг дагуулан миний хонож байсан гэрээс миний эд хөрөнгө, гар буу зэргийг хураан авч бүртгэн тэмдэглэн аваад гарын үсэг зуруулав. Ар Монголын байцаагч надад хандаж "Чи өнгөрсөн үед Японы эзэрхэг түрэмгийлэгчидтэй сүлбэлдсэн.


Одоо харин АНУ-ын эзэрхэг түрэмгийлэгчид болон Гоминданыхантай хуйвалдан БНМАУ ба ЗХУ-ыг устгахаар санаархаж, Монголын хууль цааз, зөрчсөн болохоор баривчлан шийтгэнэ” хэмээн хилс хэрэг тулгалаа. Тэд хүч хэрэглэж намайг зарлигдан гарын үсэг зуруулав. Энэ мөчид надад "Өчигдөрийн хүндэт зочин өнөөдрийн нүгэлт дайсан нь боллоо” гэсэн бодол төрөв. Ар Монголчууд 1950 оны гуравдугаар сарын 1-ээс эхлэн Дэ ван миний биеийг нууцаар шүүж эхэлсэн юм. Тэд "Өнөөдөр би дээд шатны удирдлагын заавраар чамайг шүүнэ. Бид чамайг гэмшин засрахыг нилээд хүлээсэн боловч чи, ял гэмээ өчүүхэн төдий ч гэмших янзгүй байна. БНХАУ-ын талаас чамайг харгис, хэрцгий том ялтан гэж үзээд буцаан аваачиж шийтгэхээр шаардав. Гэвч бид нар чамайг өгсөнгүй. Одоо яг сайхан сурган хүмүүжүүлж байна” гэцнээв. Тэгээд тэд 1950 оны гуравдугаар сараас эхлэж, есдүгээр сарын 18-ны өдөр хүртэл шүүн тасалсан цаг хугацаа нь тун урт байсан бөгөөд шүүсэн асуудал нь ч маш олон байв. 


Шүүн асуух үеэр Баяр гэгч байцагч надаас "Японы тагнуул байсан хэргээ ярь" гэлээ. Би Та хэрэв намайг Японы тагнуулаар үздэгт хүрвэл, тэргүүн унасан ч зөвшөөрөхгүй. Хэрэв намайг Японтой харилцсан түүхээ ярь гэвэл тэр харин болно” гэж хариулав. Баяр "Тийм бол ярь гэв.


Ингээд би Мурижима Накукамбаши ирж Шилийн голын чуулганы гол газраар тойрсон үеэс эхлэн Сакаичи манай хошуунд лам болж өвлөн ирээд нөхөрсөг хөрш улсын нийгэмлэгийг зохион байгуулаад, тагнуулын ажлынхаа урагштай явагдахыг хамгаалан халхалж чадсан. Японы тагнуулын байгууллагаас Накатура Манцу зэрэг хүнийг Бат хаалга сүмд томилон ирүүлж, Монголын засгийн зөвлөлд тагнуулын ажил хийлгэсэн байдаг. Би Буяндалайг Японы Квантуны армид томилж, буу зэвсэг худалдан авахуулсан ба биеэрээ Манж улсын шинэ нийслэлд хүрч Японы Квантуны армийн штабын дэд дарга Итагаки Шаширутай учирсан, тэрчлэн Монголын цэргийн Засгийн газар байгуулсан зэрэг байдлаа бүрнээр нь өчсөний дараа Баяр толгойлон Итагаки Шахиругийн Бат хаалга сүмд тагнуулын ажил хийсэн тухай миний өчлийг дахин уншин сонсоод гарын үсэг зуруулав.Шүүн асуух үед би Баяраас "Ер нь Хар эрэг"-т та нартай учрахад та нар надад өөр бодлоготой байсан биш үү" гэсэнд Баяр дорой царай гарган хилэгнээд "Чи үнэхээр муу санаа өвөрлөж байна. Энэ үгийг хэлснээр чи намайг хэрэгтээ татан оролцуулахаар барахгүй манай намын удирдагчдыг татан оролцуулах санаа агуулж байна" гэлээ. Чиний Ар, Өвөр Монголыг нэгтгэх гэсэн ажиллагаа ч даруй Хятад, Монгол хоёр улсын харилцааг эвдэх гэсэнд оршино" гэлээ.


Би түүнээс "Та миний үндэсний ажил хийхийг ашиглах, санаатай байсан шүү? гэж намайг асуухад Баяр "Бид нар үнэн ингэж бодсоон. Гэвч тэр цаг үе нэгэнт өнгөрсөөн. Одоо чамайг ашиглахгүй. Чи Монгол улсын нийслэлд ирсний дараа хийсэн ял зэмээ эрт мэдрэн тунгаасан бол манж, монгол, хятад гурван хэлд нэвтэрснийг чинь бодож чамайг Судар бичгийн хүрээлэнд ажиллуулахаар төлөвлөж байсан юм.


Гэтэл чи мунхран тэнэглэж, буруугаа засахгүй нэг л хэлснээрээ зүтгэсээр ялаа ч хүлээсэнгүй. Чамайг баривчилсныг зөвхөн цөөн тооны хүн бид л мэднэ. Хэрэв ялаа мэдрэн харамсаж, гэмт асуудлаа үнэнээр нь өчсөн бол оройтохгүй байсан. Гэвч эдгээр ашигтай тохиолдлыг бүрэн алдаад явуулчихлаа. Одоо юу ч хэлсэн оройтсоон. Чамайг дайны үеийн ялтнаар л үзнэ”гэлээ. Энэ удаагийн шүүлтэндээ гарын үсэг зуруулсангүй. Шүүн асууж байхдаа тэд надаас Америк болон Манж бусад улсын газрын зургийг гаргаж ирж асуулаа. Гомбожав, Дагва-Одсэр зэрэг хүмүүс Латтиморт захидал бичиж, түүгээр дамжуулж, Монголын асуудлыг НҮБ-д дурдуулах гэсэн захидлын хэсгийг гаргаж, намайг мэдэх эсэхийг асуулаа. Тэд” Чи үг зааж өгсөн үү?” гэж асуухад нь, "Би энэ захидлыг үзэсэн. Гэхдээ би үг заасангүй. Гэвч миний тухайн үеийн үзэл бодол санаатай энэ захидал тун ч ихээр нийцэж байсан” гэлээ. Ар Монголын байцаагч ихэд уурлаж “Чи хэрэв үнэнээ хэлэхгүй бол арьс маханд чинь хал үзүүлнэ” хэмээн заналхийлэв.Тэд өдрөөс өдөрт улам увайгүй болж хүч хэрэглэж намайг тамлан зовоож байсан юм. Тэгээд намайг өчгөө бич гэлээ. Түүний шахалт доор би эргүүлэн урвуулж бодов. “Намайг энэ явдлаар Монгол улстай холбогдуулах гэсэн санаа юм уу? эсвэл энэ их ялт нэрээр намайг Монгол улсад хоцроож, Хятадад эргүүлж өгөхгүй гэж байна уу? Ямар ч боловч Хятадад очиж бүдэрснээс Монголдоо бүдэрсэн нь дээр” хэмээн бодов. Ингэж бодоод Ар Монголын байцаагчийн бодлогоор тэдний санаанд нийцүүлэн өчгөө өгөв.


Дөрөв. Ар Монголоос улаан Хятадад тушаагдсан нь 


1950 оны наймдугаар сарын үеэр Ар Монголын Дотоодыг хамгаалахын нэгэн хошууч миний өчиглөсөн зүйлийг бүгдийг дахин нэг хувь цэвэрхэн тэгш хуулж аваад намайг дуудан гарын үсэг зуруулах гэв. Би түүнийг авч үзэхэд нэгдүгээрт "Японы тагнуулын байгууллагын Накаура Ванцутай танилцсан тухай хэрэг байв. Тэгээд би мартамхай зангаасаа болж "Би ийм өчиг өгсөнгүй" гэсэнд тэр "Чи үгүй гэнэ үү? Би уул өчгийг чинь авчраад үзүүлье" гээд авчрав. Би лавлан үзэхэд үнэхээр миний гарын үсэг зураастай байсан тул хэлэх үггүй болсон юм. Залгаад би дараа нь бас нэг хэрэг явдлыг дэлгэн үзэхэд намайг "Монгол улсын хилд зугтаан ирээд баривчлагдсан" гэж үзсэн байлаа. Тэр мөртөө Хар эрэг болон Цагаан толгойд Ар Монголын талынхан намайг хуурч авчраад уулзалт хийсэн тухай ер цухуйлгаж дурьдсангүй. Ингээд би бодит байдалтай нийцэхгүй байгааг мэдэв. Маргалдаад тус болохгүй гэж мэдээд бүх өчиг дээр нь аргагүйн эрхэнд гарын үсэг зурав. Дээрх явдлуудаас үүдэж би "Юуны учир намайг дуудаж дахин гарын үсэг зуруулж байна вэ? Бараг Хятадад буцаах гэж байгаа юм биш үү" хэмээн таамаглав. Ингээд миний "Бүдэрсэн ч Монголдоо бүдэрье” гэсэн хүсэл талаар болов. Маршал Чойбалсангийн тушаалаар намайг Хятадад буцаан тушаах болжээ. 


1950 оны есдүгээр сарын 18-ны өдөр намайг Ар Монголын гяндангаас гаргаж, хоёр гарыг минь ард уяад хар бүсээр нүдийг минь боолоо. Тэгээд намайг автомашин дээр гаргасны дараа онгоцны буудалд очиж онгоцонд суулган, хятадын нийслэл Бээжинд хүргэсэн билээ. 


Энэ бол даруй миний Хятадад хүргэгдсэн түүх болно. Уг нь миний бие элэг нэгт монгол ахан дүүсээ зорин тэмцсэн юм л даа” хэмээн Дэ ван бичиж үлдээсэн ажээ. Дэмчигдонров ван бол бага наснаасаа манж, хятад, түвд хэл бичигт суралцаж, улмаар япон хэлийг эзэмшсэн гадаадын дөрвөн хэл мэддэг, өндөр боловсролтой, тухайн үеийн нөхцөл байдлаас шалтгаалан Японы дэмжлэгтэйгээр монгол үндэстнээ сэргээн мандуулж, тусгаар тогтносон Монгол улс байгуулах бодлого баримталж байв. Дэ ван өөртөө засах засгийн газрын зохион байгуулалтыг сайжруулж, Өвөр монголын цэрэг, соёл, боловсролыг хөгжүүлэх талаар олон төрлийн шинэчлэл хийжээ. Маршал Чойбалсангийн тушаалаар БНМАУ-ын Дотоод Явдлын Яам 1950 оны 2 дугаар сарын 27-ны өдөр Дэ ванг баривчлан, Ар, Өвөр монголыг нэгтгэж Их Монгол улс байгуулахаар төлөвлөсөн, Америкийн Нэгдсэн Улсын тагнуул, америкчуудын даалгавраар БНМАУ, Зөвлөлт Холбоот Улсад зэвсэгт халдлага зохион байгуулах гэсэн хэмээн зохиомол хилс хэрэг тулган шоронд хорьж байв. Чойбалсан угсаа залгамжилсан алтан ургийн удам Дэ ванг алах санаатай байсан гэдэг. Учир нь Чойбалсан монголын алтан ургийн удам бүх ноёд, угсаа залгамжилсан тайж нарыг толгой дараалан цаазалж нэг ч хүнийг үлдээлгүй амь насыг нь хөнөөгөөд байсан юм. Гэтэл шинээр байгуулагдсан БНХАУ Чойбалсанд Дэ ванг яаралтай Хятад улсад буцаан өг гэсэн шаардлага тавьжээ. Ингээд Чойбалсангийн тушаалаар 1950 оны 10 дугаар сард Дэ ванг Хятадын талд тушаан өгчээ. Харин 1950 онд Дэ вангийн эхнэр, хүүхдүүдийг нь хөдөө аймагт нутаг заан суулгаж, том хүү Дугарсүрэн, удаах хүү Галсанжигмэд нарыг нь хилс хэргээр баривчлан, Галсанжигмэдийг 10 жил хорих ялаар шийтгэжээ. Удалгүй Чойбалсангийн тушаалаар Дэ вангийн ууган хүү Дугарсүрэнг хуулийн дээд хэмжээгээр шийтгэж буудан хороожээ. БНМАУ-д 1950 он гарчихаад байхад 1937 он шиг ямар ч баримт нотолгоо, өмгөөлөл, шүүхгүйгээр ямар ч гэмгүй монгол хүнийг 10 жилээр шоронд хийдэг, эсхүл цаазийн дээд хэмжээгээр буудан хөнөөдөг харгислал хорин жилийн турш хэвээрээ байсан ажээ. Дэ ван Хятадын шоронд 13 жил хоригдож байгаад 1963 онд суллагджээ. Дэ ван олон жил Ар Монгол болон Хятадын шоронд тарчлагдан хоригдож бие нь ихэд муудсан тул 1966 онд нас баржээ.


Өнгөрсөн зууны гучаад онуудад Чойбалсангийн аллаганаас зугатан дүрвэсэн олон мянган монгол айлууд өмнөд хил даван Өвөр Монголын нутагт нүүдэллэн очиход тэндэхийн өвөр монгол малчин айлууд тийм ч дуртай биш байсан гэдэг. Малынх нь билчээр дээр Ар Монголын малчид малаа тууж олноороо нүүн ирэхэд дуртай хүн цөөн байжээ.


Ийм хүнд үед Сөнөд баруун хошуундаа Ар Монголоос дүрвэсэн айлуудыг урьж билчээр нутаг заан өгч, “Дилов хутагтын хошуу” хэмээн шинээр хошуу байгуулж, ар монголчууддаа мал сүрэг, гэр орон өгч тусалж байсан хүн бол Дэ ван юм. Улаантнуудаас амь тэмцэн зугатан Өвөр Монголоо бараадсан айлуудад тэр үед Дилов хутагт, Дэ ван хоёр үлэмж их тус хүргэсэн гэдэг. Ийнхүү алтан ургийн удамт Дэмчигдонров ван бүх амьдралаа Өвөр монголын өөртөө засах эрхийн төлөө болон нийт монгол үндэстнийг нэгтгэсэн нэгдсэн Монгол улс байгуулах их үйлсэд зориулсан боловч урвагч улаантнуудын балгаар их үйлс нь үрэгдэж дуусчээ. Алтан ургийн удам эх оронч Дэмчигдонров вангийн агуу үйлсийг монголчууд бид мартаагүй. 



Доржийн СҮХБААТАР    2026.03.18

сонин mn