sonin.mn
Ардчилал, хүний эрхийг дээдлэн ярих болсон одоо үед түүнийг зөвөөр ойлгох, зөв хэрэгжүүлэх явдал нэн чухал байгаа юм. Түүнчлэн одоогийн Монгол Улс дахь ардчиллын хөгжлийн уг сурвалж юу болох, Монголд ардчиллын уламжлал ямар хэлбэртэй байсныг судлах явдал онол практикийн ач холбогдолтой билээ.
Социализмын үеийг саявтар туулсан монголчууд, ялангуяа ахмад үе энэхүү нийгмийн үнэт зүйлийг хүндэтгэх хандлага байдгийг хуучныг санагалзлаа, хуучныг баримтлагч гэж нэрлэх нь зохимжгүйтэй нэгэн адил ардчиллын үнэт зүйлийг олж мэдэрсэн, ардчиллын нөхцөлд 30 жил амьдарсан монголчуудад, ялангуяа залуучуудад социализм хамгийн сайхан нийгэм байсан гэх нь бас л ойлгомжгүй байх биз ээ.
 
Харин ардчилал Монголд тун саяхнаас цэцэглэн дэлгэрч байна гэх буюу 1990 оноос л монголчууд колоничлол, дарангуйллын түнэр харанхуйгаас сая нэг мултарсан мэт бичиж ярих нь хүмүүст итгэл өгөхгүй байгаа боловч ийм “тархи угаалт” хэр хэмжээнээс хэтэрч байгаа нь нууц биш юм.
 
Хүн төрөлхтний түүхэнд ардчиллын тухай сайхан хүсэл мөрөөдөл, онол олон бий, гэвч төгс сайхан ардчилал тэнд байна гэж хэлэхэд бас хэцүү байдаг билээ.
Улс орнууд түүхэн уламжлал, гадаад хүрээлэл, нөхцөл, улс орон нэг бүрийн өвөрмөц онцлогтой холбоотойгоор ардчиллыг хэрэгжүүлж байдаг. Ардчилал нь “Ард түмний засаглал бөгөөд ард түмэн дээд эрхийг барьж өөрсдөө түүнийг шууд буюу эсвэл чөлөөт сонгуулийн системийн дагуу сонгогдсон төлөөлөгчдөөрөө дамжуулан энэхүү эрхийг эдлэхийг хэлнэ” гэж тайлбар тольд бичсэн байдаг. Абрахам Линкольны хэлсэнчлэн ардчилал нь “Ард түмний өөрсдийнх нь удирдсан, ард түмний төлөө” Засгийн газар юм. Америкийн мэдээллийн агентлагийн бэлтгэсэн “Ардчилал гэж юу вэ” (–УБ, 1991) хэмээх алдартай номд энэ тухай бичсэний хамт ардчиллын гол тулгуур баганууд бол ард түмний бүрэн эрх, удирдуулж байгаа хүнийхээ итгэл найдварыг хүлээсэн Засгийн газар, олонхын засаглал, цөөнхийн эрх, хүний үндсэн эрхийг баталгаатай болгох, чөлөөтэй бөгөөд шударга сонгууль, хуулийн өмнө адил тэгш байх, шүүх ажиллагааг зохих ёсоор явуулах, засгийн эрх мэдлийг үндсэн хуулиар хязгаарлах, нийгэм, эдийн засаг, улс төрийн олон ургальч байдал, хүлээцтэй хандах, хамтран ажиллах, харилцан буулт хийх зэрэг болно (т.6) гэж тодорхойлжээ. Социализмын үед өнөөдрийнх шиг бүрэн ардчиллын тухай ярих боломжгүй байсан нь мэдээж. Гэвч энэ сонгодог тодорхойлолт, шалгуурууд социализмын үед ямар байсныг авч үзэх нь сонирхолтой юм.
Ардчиллын тухай асуудал бол орчин үеийн гол асуудлын нэг. Өнгөрсөн үед Монголд ардчилал байгаагүй гэж зарим хүний ярьж буй нь өрөөсгөл ойлголт. Нэг нам дангаар төрийн эрх барьж, төрийн тэргүүнээ бүх ард түмнээс биш, Их хурлаас сонгож, байнгын бус ажиллагаатай Их хуралтай байсан үед ч ардчилал, хүний эрхийн тухай асуудал харьцангуй боловч, төр, нийгмийн амьдралд Үндсэн хуулийн хүрээнд хэрэгжиж байв.
1921 оны Ардын хувьсгалын үр дүнд гадаадын түрэмгийлэгчдийн ноёрхлыг түлхэн унагаж, олонхын засаглал буюу ардын засаг төрийг байгуулсан нь ардчиллын анхны суурь нөхцөл мөн байв. Тусгаар тогтнолгүйгээр Монголын ардчилал ямар байх билээ. 1923 онд Ардын нам, засаг хамжлагат ёсыг халсан нь Монголын иргэний эрхийг тунхагласан ардчиллын онцгой ач холбогдолтой алхам байсныг харамсалтай нь бид бараг ярьдаггүй. Хувьсгалын ололтоо үргэлжлүүлэн анхны ард түмний сонгууль явуулж, 1924 онд шинэ Үндсэн хуулиа баталж, тусгаар тогтнолоо Үндсэн хуулиараа баталгаажуулж, Бүгд найрамдах төр засаг эмхлэн байнгын ажиллагаатай парламент байгуулж, хүний эрхийн олон заалтыг хуульчилж өгсөн нь ардчилсан шинэ том өөрчлөлт байлаа. 1944 онд сонгуулийн эрхийн цөөн хүнд зориулсан зарим хязгаарлалтыг хүчингүй болгов. МАН, төр засаг 1949 онд сонгуулийн системийг улам ардчилах томоохон бодлогыг хэрэгжүүлж сонгуулийг бүх нийтийн, тэгш, шууд, нууц болгож, сонгуулийг шударга явуулах асуудалд онцгой анхаарал тавьсан нь томоохон ардчилсан ололт мөн байв.
Социализмын жилүүдэд ардчилсан гэгдэх олон оронтой ойр дотно харилцаатай байж, бүх ард түмний дийлэнх олонхын, өөрөөр хэлбэл ардын ардчилсан гэж нэрлэгдсэн ёс заншлыг тогтоохыг зорьж, ийм маягийн өвөрмөц ардчиллыг тогтоожээ. Үүнд:
1. Тэр үеийн нам, төр засгийн бодлогын гол нь эх орны тусгаар тогтнол, хөгжил дэвшил, ард түмний сайн сайхны төлөө гуйвалтгүй чиглэж, энэ бодлогыг ард түмний дийлэнх олонх бүхэлд нь дэмжиж, үүний ачаар төр засаг ч хүчтэй, нэр хүндтэй, нөлөөтэй байж чадсан нь ардчиллын чухал шинж мөн байлаа.
2. Төрийн удирдлагад нийгмийн янз бүрийн давхаргыг (ажилчин, малчин, нэгдэлчин, тариаланч, ногоочин, барилгачин, сэхээтэн) хэнийг ч алагчлалгүй, аль болох олноор оролцуулахыг эрмэлзэж байсан нь мөн л ардчилал мөн байв. Харин албан тушаал горилогчид, улс, хоршооллын болон иргэдийн өмч хумслагчид, ёс суртахууны доголдолтой хүмүүс, залхуу хойрго мөртлөө ажилсаг дүр үзүүлэгчид, шударга бус, мэдлэг чадваргүй хүмүүсийн хувьд төрийн албаны хаалгыг дээр, доороосоо сайтар хаасан байлаа.
 
Сонгуульд нэр дэвшүүлэх хүмүүсийг урьдчилан хөдөлмөрчдийн хурал, хамт олон, удирдлагын анхан, дунд, дээд шатанд хатуу шалгуураар шүүсний эцэст “Нам ба нам бусчуудын эвслээс” нэрийг нь дэвшүүлэн, сонгуульд бүх нийтийг заавал оролцуулахыг чармайж саналыг нь авдаг байв. Нэг тойрогт нэг л хүний нэрийг дэвшүүлдэг, сонгогчид нь их төлөв нам, төрдөө итгэж, нэр дэвшсэн хүмүүсийн төлөө саналаа өгдөг, хатуу шалгуур, өндөр босгыг давж шилэгдсэн депутат нь ч тэдний итгэлийг нэр төртэй биелүүлдэг байжээ.
 
1981 оны АИХ–ын ээлжит сонгуульд сонгогчдын 99 хувь нь оролцож 370 хүн депутатаар сонгогдсоны дотор, ажилчин (барилгачин, жолооч, техникч, инженер, гагнуурчин, уурхайчин, өрөмдөгч зэрэг) – 100 (27%), нэгдэлчин (малчин, саальчин, ногоочин, тариаланч, тракторч зэрэг) – 106 (28.7), албан хаагч, сэхээтэн (төр, олон нийтийн байгууллагын ажилтан, хуульч, багш, эмч, урлаг соёлын ажилтан зэрэг) – 164 (44.3%), эмэгтэйчүүд – 90 (24.3%) байв. 1984 оны VI сарын орон нутгийн хурлын сонгуульд 15665 депутат сонгогдсоны 21.2 хувь нь ажилчид, 30.9 хувь нь ХААН–ийн гишүүд, 47.9 хувь нь сэхээтний төлөөлөгчид байв. Депутатуудын 55.1 хувь нь анх удаа сонгогдсон байлаа. Монгол Улсынхаа сайн сайхны төлөө үнэнчээр зүтгэх, хөдөлмөрлөх явдлыг депутат болгох гол шалгуур гэж үздэг байв. Депутатууд нь тоогоор олон, хүн амын янз бүрийн хэсгийг төлөөлсөн, түүнчлэн сонгогчдынхоо дунд амьдарч, цуг хөдөлмөрлөж байсан болохоор ард түмнийхээ амьдрал байдал, бодол сэтгэгдэл, хүсэл эрмэлзлэлийг сайн ойлгож мэддэг, нэг үгээр хэлбэл сонгогчтойгоо ойр холбоотой байсан хэрэг юм. Сонгуулийн ардчилал ийм өвөрмөц байв.
Өнөөдөр 76 хүнээр төрийн дээд эрх барих үйлсийг хязгаарлаж буй нь учир дутагдалтай бөгөөд Ардын Их хуралтай байх, Улсын Бага хуралтай байх, төрийг удирдахад жирийн хөдөлмөрчдийг аль болохоор оролцуулдаг хувилбар манайд илүү үр ашигтай ардчиллын хэлбэр байсан гэж хэлж болно. Манайд төрийн эрх барих дээд байгууллагад ард түмний сонголтгүйгээр, улс төрийн намуудын шийдвэрээр очоод суучих бодлого эрмэлзлэл, бүр практик алхмууд нэг үе хийгдэж байсныг зогсоосон нь зөв болсон юм. Ингэвэл олон хүн нэрээ дэвшүүлж, өрсөлдөж байж сонгогдон төрийн эрх барих байгууллагад гарч ирэх ардчилсан чөлөөт сонгуулийн гол зарчим зөрчигдөж, улс төрөөр хийрхэх, намчирхах явдал улам идэвхжиж мэдэх юм.
Одоо цагт төрийн дээд эрхийг хэдэн цөөн хүн, тухайлбал мэргэшсэн улс төрчид, хуульчид барих ёстой гэсэн үзэл бодол ч нийгмийн нэг хэсэгт байдаг. Гэтэл жирийн иргэдийн хувьд төр, нийгмээ удирдах, улс орноо хөгжүүлэхэд идэвхтэй оролцох юмсан гэсэн бодол ч бас хүчтэй байдаг. Энэ олонхын бодол эрмэлзлэлийг хэрэгжүүлэх, тухайлбал ажилчин, тариачин, малчин, багш, эмч, жолооч, барилгачин, усжуулагч, тогооч, худалдагч, хувийн аж ахуйтан, чадварлаг менежерүүд, өндөр настан, нэр хүндтэй хүмүүс зэрэг хүн амын олонхын төлөөллийг төрийн дээд эрх барих байгууллагад олноор оруулж байсан Ардын засгийн үеийн ардчиллын туршлага одоо үед ч сургамжтай юм.
Монголчууд сонгуульдаа оролцохыг иргэний эрх, нэр төрийн хэрэг гэж идэвхтэй оролцож сурсан байв. 1990 оны Монголын сонгуульд ажиглагчаар оролцсон АНУ–ын Төрийн нарийн бичгийн дарга Джеймс Бейкерыг хүн амын сонгуулийн идэвх бишрүүлж байжээ. Тэгэхэд сонгогчдын 93 хувь сонгуульд оролцжээ. Тэрбээр “Өрнөдийнхөн монголчуудаас суралцах зүйл их байна. Санал өгөх хайрцагт саналаа хийхийн тулд хүмүүс 25 км газрыг мориор туулж байв” гэж гайхан тэмдэглэжээ.
Ардын засгийн үеийн сонгуульд хоосон улстөржих, үндэслэлгүй амлалт авах, хээл хахууль өгөх, эд мөнгөөр сонгогчдын саналыг урвуулах, гадаадын байгууллагын мөнгө ашиглах явдал үнэндээ байсангүй.
 
 
 
Депутат нь улс нийгмийн өмч идэж ашигласан, хээл хахууль авсан, хоорондоо зодолдсон, зугаа цэнгэл хөөцөлдсөн, мөрийтэй тоглосон, ард түмнээ басамжлан доромжилсон, улсын ихээхэн зээлэн дээр баяжсан, Монгол Улсын хууль зөрчсөн, хуралдаанаа тасалсан, түүх соёлоо гүтгэн муучилсан, төрийн албыг хувийн зорилгод ашигласан зэрэг хэрэг явдал урьд нь бараг гарч байсангүй. Ардын ардчилсан төр төмбөгөр, ёс ёмбогор байлаа.
 
 
 
 
3. Хөдөлмөрчдийн олон нийтийн байгууллагуудаар дамжин ардчилал хэрэгжиж байв. Монголын бараг бүх хөдөлмөрчид МҮЭ–д нэгдэж байлаа. Нийгмийг удирдан чиглүүлэгч хүч, уураг тархи нь болж байсан МАХН–д хөдөлмөрчдийн шилдэг хэсгээс сонгон шалгаж авдаг байсан ба энэ нам 88 мянган гишүүнтэй байв. Монголын залуучуудын тэргүүний хэсэг – 240 мянган охид, хөвгүүд МХЗЭ–ийн эгнээнд нэгдэж, МҮЭ, МХЗЭ нь хууль санаачлах эрхтэй байлаа.
4. Эмэгтэйчүүд нийгмийн амьдралд ч идэвхтэй оролцож байв. Улс ардын аж ахуйд ажиллагсдын 50 хувь, багш, эмч нарын 60 хувь, бүх шатны депутатуудын бараг гуравны нэг нь, соёл, шинжлэх ухаан, урлагийн гавьяатнуудын 23 хувь нь эмэгтэйчүүд байлаа. Хүн амын нийт давхаргыг нийгэм, улс төрийн амьдралд адил тэгшээр, өргөнөөр оролцуулах гэсэн эрмэлзэл давамгайлж байсан нь Монголын ардчиллын чухал шинж байв.
5. Нам, төр засаг, аж ахуй, олон нийтийн байгууллага, хувь хүмүүс төрийн хууль, тогтоол, шийдвэрийг хэрхэн биелүүлж байгаад тавих ард түмний хяналтын нөлөөтэй систем үйлчилж байсан нь ардчилал юм. Жишээлэхэд, Ардын хянан шалгах 5000 гаруй хороо, групп, постууд олон нийтийн үүсгэл санаачилгаар ажиллаж, түүнд 40 мянга гаруй ажилчин, нэгдэлчин, албан хаагчид ажиллаж байв.
6. Шүүх засаглал нэр хүндтэй байж, хуулийн найдвартай манаанд зогсож байсан нь ардчиллын бас нэг шинж мөн байв. Хуульчдын ёс зүй, хариуцлага харьцангуй өндөр байлаа. Хуулийнхны хүрээнд авлигал, хээл хахууль бараг байгаагүй гэж хэлж болно. Хуулийн биелэлтэд тавих хяналт чанга байснаас албан тушаалтнууд, хууль зөрчих нь цөөн байв. Хэрэв удирдлага доод ажилтнаа зодох, гаднаас учир нь үл мэдэгдэх том бэлэг авах, сонгуулийн явцад нөлөөлөхийн тул хээл хахууль өгч, гурил будаа тараах, сонгуулийн дүнгээр биш, дээд даргын үзэмжээр албан тушаалтныг томилох, гаалийн дүрэм зөрчих, нийт ард түмний өмч баялагт шунахай сэтгэлээр хандах мэт өнөөдөр манайд түгээмэл маягийн асуудал гарвал хэн нь ч хуулийн зүйл анги тэр дороо уншуулахаар байлаа. Хуулийн ноёрхол өнөөдрийнхөөс шударга, бас чанга, хуулийн хэрэгжилт ч харьцангуй сайн байв. Ёс зүй, хуулийн хатуугаас хүн хохируулах явдал гарч байсныг үгүйсгэх аргагүй ч, нийгмийн түгээмэл үзэгдлийн түвшинд хүрээгүй гэдгийг тэмдэглэх нь шударга үнэнд нийцнэ. Нийтээр төрт ёсоо дээдэлж, төрийн сүлдэндээ залбирч, хууль цаазаас нэг талаар зохих хэмжээгээр эмээж, нөгөө талаар хүндэтгэдэг байсан нь хуулийн өмнө адил тэгш эрх, үүрэг хүлээх ардчиллын зарчмыг ардын засгийн үед монголчууд хэрэгжүүлж байсны шинж илэрхийлэл мөн.
 
 
Ц.ЖАМБАЛСҮРЭН
 
/МУИС-ийн профессор, Түүхийн шинжлэх ухааны доктор (Ph, Sc)/
 
Үргэлжлэл бий...