sonin.mn

  Томчуудын хүүхдээс суралцах 5 зүйл

Хорвоог үргэлж өөрийнхөө гэнэн цайлган бодлоор төсөөлдөг хүүхдүүдийг бид томчуудаас үлгэр дууриал авах хэрэгтэй гэж сургадаг. Гэтэл заримдаа томчууд бидэнд ч бас хүүхдүүдээс үлгэр дууриал авах зүйл олон байгаа нь ажиглагддаг юм. Бидний хайж байгаа хариулт яг дэргэд байхад, бид хаа холоос асуудлынхаа шийдлийг хайдаг ч юм билүү?

Хүүхдүүдээсээ зарим нэг зүйлсийг суралцвал, амьдрал тань илүү баялаг болох болно.

1. Өөрийгөө илэрхийлэх

Хүүхдүүд өөртөө төрсөн мэдрэмжийг шууд илэрхийлж чаддаг. Тэдэнд бидэнд байдаг шиг “нийгмийн баг” мэтийн шүүлтүүрүүд байдаггүй болохоор, хүүхдүүд дүрсгүйтмээр санагдвал дүрсгүйтэж, мангар зүйл хийхийг хүсвэл түүнийгээ огт ичилгүйгээр хийдэг. Заримдаа шал дэмий санагдах “нэр төрөө бодох” зуршил тэдэнд одоохондоо төлөвшөөгүй байгаа учраас уйлахыг хүсвэл уйлж, инээхийг хүссэн цагтаа юу ч бодолгүйгээр ход ход хийтэл хөхөрдөг нь хүүхдүүд. Тэдний сэтгэл хөдлөл 100 хувь үйлдлээр нь илэрдэг, хэдий бид том хүмүүс учраас бодолтой байх хэрэгтэй ч хааяа ч болов өөрийгөө хорьж цагдахаа больж, мэдрэмжиндээ эрх чөлөө олговол амьдрал өмнөхөөсөө илүү жаргалтай болох болно.

2. Өөрийнхөө хийсэн зүйлээр бахархах

Бид олон тохиолдолд өөрсдийнхөө хийсэн мундаг үйлийг дарж, даруухан аашилдаг. Том зүйл бүтээчихээд, нэг их сүртэй юм биш мэтээр бусдад ойлгуулах гэж хичээдэг. Яг үнэндээ тэр нь бидний хувьд маш том утга учиртай хэрэг байх нь олонтаа, зүгээр л бусад хүмүүст “онгироо” гэж хэлүүлэхгүйн тулд томчууд өөрөөрөө бахархах сэтгэлээ дарж орхидог. Харин хүүхдүүд яадаг билээ? Тэд харандаа үзүүрлээд сурчихсандаа хүртэл хөөрөн баярлаж, ээждээ очиж гайхуулдаг. Тэдний хувьд нээлт болгон үнэ цэнэтэй учраас хорвоо дэлхийд өөрийгөө шинэ юм сурсан, өөрчлөлт мэдэрсэн гэдгээ тунхаглах зориг бий. Бид ч бас хааяа тэгэх хэрэгтэй. Ялалтаа тэмдэглэж, ямар нэгэн зүйлийг даван туулвал түүндээ хүүхэд мэт хөөрөн, хайртай дотны хүмүүстээ сайрхан ярьж, өөрийгөө урамшуулж байвал илүү өөдрөг байх болно.

3. Эрхлэх

Хүүхэд хэн нэгэнд эрхэлмээр санагдвал түүнийг хийж л орхидог. Нөгөө хүн нь түүнийг тоохгүй байх вий, гологдох вий гэж эмээдэггүй. Тэд бусдыг ямар ч шалтгаангүйгээр тэвэрдэг. Тэврэлт гэдэг бол үнсэлтээс илүү бие биедээ халуун дулаан илчээ хуваалцаж байгаагаас өөрцгүй зүйл. Тиймээс бид ч бас хааяа хүүхэд шиг хэн нэгнийг тэвэрмээр байвал, юу ч бодолгүй зүгээр л гараа сунгах хэрэгтэй.

4. Гэнэн цайлган хэвээрээ үлдэх

Хүүхэд болгон гэнэн цайлган, тэдэнд томчуудад байдаг шиг “муу санаа” байхгүй. Тэд хэн нэгэнтэй харьцахдаа нөгөө хүнээ шинжиж өөртөө төвөг уддаггүй. Заримдаа бид хэтэрхий хаширласнаасаа болоод эргэн тойрон дахь цагаан өнгийг анзааралгүй, хар өнгөн дээр л хамаг анхаарлаа төвлөрүүлэх нь бий. Энэ бол бидний алдаа. Цайлган бай, аливаа зүйлд муу тал, сөрөг нөлөө гэж, харьцаж байгаа хүн бүрт чинь далд санаа, цаад бодол байхгүй.

5. Зоригтой байх

Ихэнх эцэг эхчүүд хүүхдийнхээ ямар зоригтойг хараад гайхдаг. Тэд эгц өндөр уул руу өөрсдийн зоргоор авирч, унахаас огт эмээлгүйгээр шатны уруу гүйж түшлэгэн дээр нь сууж гулсдаг. Тэд дараа нь яаж буцаж гарахаа мэдэхгүй байсан ч, төөрдөг байшин луу орж л орхино. Бид ч бас тэднээс үлгэр дууриал авч, амьдралаас таашаал эдлэхийн тулд нүдээ аниад үсэрч үзэх хэрэгтэй. Аймаар байна уу? Магадгүй ээ. Гэхдээ догдлол дүүрэн байна уу? Яг тийм. Юунаас ч битгий эмээ, хүүхдүүд хүртэл биднээс илүү амьдрал баян гэдгийг, бүх зүйлд гарц байдгийг, бас эрсдлийг өөр дээрээ хүлээж сурах хэрэгтэй гэдгийг мэдэж байна.

 

Эх сурвалж: "Санхүүгийн мэдээ"